“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн нөхцөл байдлын үнэлгээний ажлын даалгавар
Төслийн нэр: Ойн төгөл бүтээгч хүүхдүүд (MFC)
Санхүүжүүлэгч: Солонгосын Хүүхдийг Ивээх Сан
Төсөл хэрэгжүүлэх байгууллага: Японы Хүүхдийг Ивээх Сан
Төсөл хэрэгжих газар: Налайх дүүрэг
Төсөл хэрэгжих хугацаа: 2024 – 2027
Ажлын зорилго: “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийг хэрэгжүүлэхэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, зөвлөмж гаргах
Ажил гүйцэтгэх хугацаа: 2024.09.30 –2024.11.08
Үндэслэл
Японы Хүүхдийг Ивээх Сан /ХИС/ нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Хүүхдийг Ивээх Сан нь Монгол Улсад 1994–2009 оны хооронд Английн Хүүхдийг Ивээх Сангийн менежмент дор, 2009 оноос Японы Хүүхдийг Ивээх Сангийн менежмент дор үйл ажиллагаагаа явуулан боловсрол, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, эрүүл мэнд, хүүхдийн ядуурлыг бууруулах болон хүмүүнлэгийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг.
ХИС нь 2024 оны 8-р сараас эхлэн Налайх дүүрэгт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад иргэд, хүүхэд багачуудын оролцоотойгоор ойжуулах, ногоон орчныг бий болгох зорилготой “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төсөл нь тус байгууллагын хэрэгжүүлж буй анхны байгаль орчны чиглэлийн анхны төсөл юм.
Төслийн нөхцөл байдлын үнэлгээний зорилго нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 га-д мод тарих, мод үржүүлгийн талбай бий болгох, агро-ой чиглэлээр ашиглах боломжийг үнэлэх, талбайн зураглал (ландшафт) гаргах, модны төрөл зүйлийг сонгох, тарих зохимжит арга техникийг санал болгох мөн үр өгөөжийн дүн шинжилгээ хийх буюу төлөвлөсөн үйл ажиллагаанд иж бүрэн нөхцөл байдлын үнэлгээ хийхэд оршино.
Төслийн зорилго нь Налайх дүүргийн зорилтот бүсэд мод тарих, хүүхэд, залуучуудын дунд уур амьсгалын өөрчлөлтийн мэдлэг мэдээллийг түгээж, мэдээлэл, сурталчилгааны аяныг өрнүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дэлхий нийтийн зорилгод хувь нэмрээ оруулах юм. Төслийн үйл ажиллагааны үр дүнд орон нутгийн иргэд, хүүхэд, залуучууд уур амьсгалын өөрчлөлтийг сөрөх, тэсвэрлэх, дасан зохицох мэдлэг, ур чадвартай болно.
Төслийн хүлээгдэж буй үр дүн:
Үр нөлөө 1: Налайх дүүрэгт иргэдийн оролцоотой ойн төгөл, ногоон байгууламж нэмэгдсэн байна.
- Үр дүн 1.1: Иргэд, залуучууд, хүүхэд багачуудыг мод тарихад идэвхтэй оролцуулсан байна.
- Үр дүн 1.2: Тарьсан модоо ургуулж, арчлах ойн менежментийн санаачилгууд бий болсон байна.
Үр нөлөө 2: Налайх дүүргийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг даван туулах мэдлэг, чадвар нэмэгдсэн байна.
- Үр дүн 1.1: Иргэд, хүүхэд багачууд, оюутан суралцагсдыг уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг мэдээллээр хангах сургалт, уулзалтуудыг зохион байгуулсан байна.
- Үр дүн 1.2: Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад мэдлэг, хандлагыг дэмжих өсвөр үеийнхний өөрөө удирдах байгууллага (клуб) байгуулагдаж, мэдээллийн кампанит ажлуудыг зохион байгуулсан байна.
Нөхцөл байдлын үнэлгээний ажлын зорилго
Энэхүү ажлын зорилго нь Налайх дүүрэгт сонгосон 5 га газарт ойн төгөл байгуулах боломж, төслийн төлөвлөгөөнд нарийвчилсан дүн шинжилгээ хийхэд оршино. Үүнд төслийн төлөвлөсөн үйл ажиллагаа, талбайн төлөвлөлт, зорилтот орон нутгийн уур амьсгалын нөхцөлд зохицсон модны төрөл зүйлийг тодорхойлох зэрэг багтана. Мөн ойн төгөл байгуулах, агро-ойн сайн туршлагуудаас санал болгох, тариалалтын зохимжит арга, аргачлал, багаж төхөөрөмж, машин механизмыг судалж зөвлөмж гаргана.
Ажлын цар хүрээ
Талбайн төлөвлөлт, зураглал гаргах:
- Мод, бутны төрөл зүйл, зам, усжуулалтын систем зэрэг талбайн төлөвлөлт бүхий нарийвчилсан зураг төсөл боловсруулах,
- Хөрсний чанар, топографи болон байгаль орчны бусад хүчин зүйлийг үнэлж, зураг төсөлд оруулах,
Модны төрөл зүйлийг сонгох:
- Орон нутгийн уур амьсгал, хөрсний нөхцөлд тохирсон модны төрөл зүйлийг тодорхойлж, биологийн олон янз байдлыг сайжруулах тогтвортой газар ашиглалтыг агро-ойтой хоршуулах,
- Экосистемийн тэсвэрлэх чадвар, биологийн олон янз байдлыг сайжруулахын тулд уугуул болон уугуул бус зүйлийн холимог төрөл зүйлийг нутагшуулах боломжийг үнэлэх,
- Хөрсний бүтэц, чанар сайжруулах, нүүрстөрөгчийн хийг шингээх чадвар өндөртэй, олон нийт тарих боломжтой модны төрөл зүйлийг судалж санал болгох.
Тарих техник, аргачлал:
- Орон нутгийн цаг уурын нөхцөл байдал, нөөц олдцыг харгалзан сонгосон зүйлийг тарих хамгийн зохимжтой техник, аргачлалыг санал болгох,
- Тарьцаар тарих, суулгацаар тарих, бортоготой тарьц, суулгацаар тарих, байгалийн нөхөн сэргээх аргаар гэх мэт ойжуулах арга хэлбэрүүдийг харьцуулан, тохиромжтой арга хэлбэрийг судлах,
- Мод тарих, арчлахад шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизмыг тодорхойлох.
Агро-ой:
- Ойн төгөл байгуулах төлөвлөгөөнд агро-ойг нэвтрүүлэх боломжийг үнэлэх,
- Газар тариалангийн үйлдвэрлэлийг мод үржүүлэг, ойн төгөлтэй хослуулснаар гарах үр өгөөж, бэрхшээлүүдийг үнэлэх, энэ нь хэрхэн иргэдийн амьжиргаанд эергээр нөлөөлөх боломж буйг үнэлэх.
Байгаль орчин, нийгмийн үнэлгээ:
- Ойн төгөл байгуулснаар хөрс, ус, биологийн олон янз байдал зэрэг байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх,
- Ажлын байр бий болгох, мэдлэг мэдээлэлтэй болж чадваржих боломж зэрэг орон нутгийн иргэдэд үзүүлэх нийгмийн нөлөөллийг судлах.
Эрсдэл ба түүнийг бууруулах:
- Ойн төгөл байгуулахтай холбоотой болзошгүй эрсдэлүүд, түүний дотор уур амьсгалтай холбоотой эрсдэл, хортон шавж, өвчний дэгдэлт, нөөцийн хязгаарлалт зэргийг тодорхойлох.
- Ойн төгөл байгуулахтай холбоотойгоор гарах урт хугацааны үйл ажиллагааны урсгал зардал, тогтвортой байдалтай холбоотой болзошгүй эрсдэлийг тодорхойлох, үүнд аливаа нөөцийн хомсдол, орон нутгийн иргэдийн идэвх оролцоо сул байх, газрын асуудалтай холбоотой эрсдэлийг судлах,
- Эдгээр эрсдэлийг бууруулах стратегийг боловсруулах.
Зардал-Үр Ашгийн Шинжилгээ:
- Талбайн бэлтгэл, мод тарих, арчлах, ургуулах зэрэг урсгал зардлыг багтаасан санхүүгийн шинжилгээ хийх. Үүнд тарьц, суулгац худалдан авах, үржүүлгийн газар байгуулах, түүнчлэн төслийн тогтвортой байдлыг хангах урт хугацааны менежментийн зардлын хоорондох зардлын үр ашгийн харьцуулалтыг хийх.
Зөвлөмж, хэрэгжүүлэх төлөвлөгөө:
- Нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн хэрэгжих үндэслэлтэй зөвлөмж боловсруулах,
- Төслийн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг (2024-2027) боловсруулах, үүнд: хугацаа, төсөв, нөөц, хяналт, үнэлгээний цар хүрээ гэх мэт орсон байх,
- Төслийн үр нөлөөг нэмэгдүүлэх, нэмэлт санхүүжилт татах, холбогдох оролцогч талуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр төслийн үйл ажиллагааг “Тэр бум мод” үндэсний хөтөлбөртэй холбох боломжийг судлах.
Аргачлал
Зөвлөх эсхүл зөвлөх баг нь дараах судалгааны аргуудыг хослуулан ажиллана:
- Бичиг баримттай танилцах, судлах: Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, ойжуулалт, байгаль орчны боловсролтой холбоотой холбогдох баримт бичиг, судалгаа, тайлан, мэдээлэл болон төслийн баримт бичигтэй нарийвчлан танилцах,
- Талбайтай танилцах: Орон нутгийн байгаль орчны нөхцөл байдал, ойжуулалтын боломжит талбай, орон нутгийн иргэдийн бэлэн байдлыг үнэлэх зорилгоор Налайх дүүрэгт очиж талбайн нөхцөл байдалтай танилцах,
- Оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт: Орон нутгийн холбогдох төрийн албан хаагчид, удирдлага, боловсролын байгууллагууд, байгаль орчны мэргэжилтэн зэрэг гол оролцогч талуудтай хамтран ажиллах,
- Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх: Судалгааны үр дүн, зөвлөмжид шаардлага бүхий мэдээлэл, тайланг цуглуулж, дүн шинжилгээ хийх.
Зөвлөх үйлчилгээнээс гарах үр дүн:
- Бүх шинжилгээ, дүгнэлт, зөвлөмжийг багтаасан иж бүрэн судалгааны тайланг Монгол, Англи хэл дээр гаргана. Үүнд:
- Талбайн зураглал, төлөвлөлт бүхий газар зохион байгуулалтын нарийвчилсан зураг төлөвлөгөө гарсан байна.
- Санал болгож буй модны төрөл, зүйл тус бүрийг тайлбар, үндэслэлтэй тусгасан тайлан.
- Төсөл хэрэгжүүлэх үе шат, нөөц, хугацааг тусгасан хэрэгжилтийн төлөвлөгөө.
- Эрсдэлийн үнэлгээ болон эрсдэлийг бууруулах стратеги
- Илтгэл: Гол үр дүн, зөвлөмжийг нэгтгэн ХИС болон бусад оролцогч талуудад тайлагнана.
Гүйцэтгэх хугацаа:
Судалгааг гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш зургаан долоо хоногийн дотор хийж дуусгасан байна.
Тавигдах шаардлага
- Байгаль орчин, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эсвэл холбогдох чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай,
- Газрын зураг төсөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, ойн аж ахуйн тогтвортой үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн,
- Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, ялангуяа байгаль орчин, хөгжлийн төсөл дээр ажиллаж байсан туршлагатай,
- Оролцогч талуудын оролцоо, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлан бичих ур чадвар сайтай,
- Олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байсан болон донор байгууллагын шаардлагатай нийцэн ажиллах чадвартай.
- Англи хэлний бичгийн чадвартай.
Тайлагнах
Зөвлөх/зөвлөх баг нь ХИС-н “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн Төслийн зохицуулагчид тайлагнана. Судалгааны явц болон тулгарч буй аливаа бэрхшээлийг шуурхай мэдээлэн, тогтмол эргэх холбоотой ажиллана.
Ажлын санал өгөх
- Гол гишүүдийн ажил туршлагыг илтгэх товч намтар (СV)
- Ажил гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөө
- Өмнө гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт
- Гүйцэтгэх төсөв, төсвийн задаргаа бүхий ажлын саналыг битүүмжлэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны дотор илгээх.
Саналыг үнэлэх
- Ажлын туршлага 50%
- Төсөв 50 %
Өргөдөл илгээх
Хэрэв та энэхүү үнэлгээний ажлыг гүйцэтгэх хүсэлтэй байгаа бол Ажлын санал өгөх хэсэгт дурдагдсан материалыг PDF форматаар, англи, монгол хэл дээр mongolia.jobs@savethechildren.org цахим шуудангаар бидэнд 2024 оны 9-р сарын 25-ны 17:00 цагаас өмнө илгээхийг урьж байна. И-мэйлийн гарчиг хэсэгт “My forest child project” гэж бичнэ үү. Шалгарсан нэр санал ирүүлэгчтэй Хүүхдийг Ивээх Сангаас холбоо барина.
Нийтэлсэн:
2024-09-18