Мөст сумын “Галт шувууд” сурагчдад чөлөөт цагаа эрүүл зөв өнгөрүүлэхэд тусалж байна
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, Энтрепренершип боловсрол олгох” төслөөс орон нутагтаа эерэг өөрчлөлт авчрах энтрепренер сэтгэлгээтэй хүүхэд, залуусыг дэмжих зорилгоор бичил төслийн санхүүжилтийн тэтгэлэгт уралдааныг 2021 оноос хойш зорилтот 5 аймгийн төслийн сумдад зохион байгуулж байна. Энэхүү уралдаанд ESEL хөтөлбөрт хамрагдсан хүүхэд, залуучууд баг бүрдүүлэн оролцдог юм. Өнөөдрийн байдлаар 135 баг тэтгэлэгт уралдаанд шалгарч, санхүүжилт аван бичил төслөө хэрэгжүүлж байна. Энэ оны гуравдугаар сард болсон <<Энтрепренер Seeds>> тэтгэлэгт уралдаанд шалгаран гарааны санхүүжилтээ авч “Ролли Полли” төслөө хэрэгжүүлж байгаа Ховд аймгийн Мөст сумын “Галт шувуу” багийн гишүүдтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Ролли Полли төслийн тухай
Д.Амартүвшин багштай “Галт шувуу” багаас хэрэгжүүлж байгаа “Ролли Полли” төслийн хамгийн том зорилго бол дуртай зүйлээр нь дамжуулан сурагчдын эрүүл мэндэд эергээр нөлөөлөх явдал юм. Тэд энэхүү төслийн хүрээнд дулааны улиралд ролик, скүтэр, өвлийн улиралд тэшүүр, чарга түрээсэлж, Мөст сумын хүүхдүүдэд чөлөөт цагаа эрүүл, идэвхтэй өнгөрүүлэх тоглоомын орчин нөхцөлийг бүрдүүлж байна. Төслийн баг эхний 65 хувийн санхүүжилтээрээ скүүтэр, ролик худалдан авч, сумынхаа төв талбай дээр албан ёсоор нээлтээ хийснээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. “Ролли Полли” төсөл нээлтээ хийсэн эхний өдрөө л 70 гаруй хүүхэд багачуудад үйлчилж, 95,000 төгрөгийн орлого олжээ.
Галт шувуу багийнхан ролик, скүтэрээ 30 минутад 1,000 төгрөгөөр түрээсэлдэг. Төрсөн өдөр нь болж байгаа хүүхдэд 1 цаг үнэгүй тоглох эрх өгөх маркетинг хийж байна. Хүүхдийн баяр, хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 30 минут түрээсэлсэн үйлчлүлэгчдээ нэмж 30 минут тоглох урамшуулал өгнө. Ролик унаж сурсан хүүхдүүдийн дунд 8 сард уралдаан зохион байгуулжээ.
Төслийн санаагаа хэрхэн олсон бэ?
Харилцааны менежер Т.Баярцэцэг: Багаараа төслийн санаа хайгаад сургалтынхаа ном, гарын авлагуудыг дахин үзсэн. “Төслийн тэтгэлэг горилогч хүүхэд залууст зориулсан гарын авлага” дээр төрөл бүрийн санаа байснаас түрээсийн үйлчилгээ үзүүлэх санааг сонгож аваад, хүүхдүүдэд юу түрээсэлбэл болох бол, хүүхдүүд юу сонирхох бол гэж ярилцаж байгаад энэ санааг олсон.
Үйл ажиллагааны менежер О.Халиун: Бид нар анх Мөст сумынхаа голын мөсөн дээр тэшүүр, чарга түрээслүүлэх талаар ярилцаж байсан. Гэхдээ энэ нь зөвхөн өвлийн улиралд ажиллах боломжтой, бусад үед ажиллахааргүй байсан. Тиймээс бид багаараа дахиж ярилцаад дулааны улиралд ролик, скүтэр түрээсэлж болох юм байна гэсэн санааг олсон.
Харилцааны менежер Д.Сарангуа: Бид энэхүү түрээсийн үйлчилгээг явуулбал үйлчлүүлэгчид хэр их сонирхох бол гээд 150 сурагчийг хамруулсан судалгаа хийж үзэхэд тэдний 94% нь үйлчлүүлнэ гэж хариулсан. Мөн нэмэлтээр унадаг дугуй, ролик, ховерборд зэргийг түрээслүүлэх санааг санал болгосон. Тоглох хүүхдүүд олон байгаа ч бидэнд байгаа 5-6 ширхэг скүтэр, ролик ерөөсөө хүрэлцэхгүй, бас төв талбай маань жижигдээд байгаа.
Хүүхдүүд маш хурдан ролик унаж сурч байна
Материаллаг нөөцийн менежер Э.Батсүлд: Ерөөсөө унаж чаддаггүй хүүхдүүд ирээд 1 цаг 30 минут тоглохдоо л ролик унаад сурчихаж байгаа. Хувьдаа роликтой хүүхдүүд ч өөрийнхөө роликийг авч ирээд энэ талбай дээр бусад хүүхдүүдтэй хамт тоглодог. Олуулаа тоглох нь тэдэнд их хөгжилтэй байх шиг байна. Би аав, ах хоёртойгоо хамтраад 3 төмөр поошиг нийлүүлж гагнаад ролик, скүтэрээ хадгалах түгжээтэй хайрцаг хийсэн, бас борооноос хамгаалах саравч хийсэн.
Үйл ажиллагааны менежер О.Халиун: Манай багш нар “Та нар үйл ажиллагаагаа эхэлчихсэн юмуу, ёстой мундаг юмаа, манай хүүхдүүд тоглоод ирсэн, ёстой гоё байсан, дахиад тоглоноо л гээд байна.” Гэх мэтээр бид нарыг маш их урамшуулж дэмжиж байгаа.
Хүний нөөцийн менежер Л.Бишрэл: Манай ангийнхан хөөх ямар гоё юм бэ, ангиараа очиж тоглоно, та нарыг дэмжинэ ээ л гээд байсан. Бас манай аав, ээжүүд их дэмжиж байгаа. Маш сайн байна, мундаг байна, өөрсдийгөө хөгжүүлээд, шинэ зүйл санаачлаад хийж байгаагаар чинь их бахархаж байна, багаараа ингэж төсөл бичээд шалгарч байгаа юм чинь ирээдүйд ёстой мундаг хүүхдүүд болох нь гээд сэтгэл санаагаар байнга дэмжиж байгаа.
Багаар хэрхэн ажиллаж байна вэ?
Багаараа ярилцаж байгаад ямар, ямар ажил хийх хэрэгтэй байгаагаа гаргаж ирсэн. Тэгээд тухайн ажлыг хэн хийх боломжтой, сонирхолтой байгааг ярилцаж шийдсэн. Хүүхэд бүрийн аюулгүй байдлыг хангаж хамгаалалтын хувцас өмсгөх, бүрэн байдлыг нь хангах ажлыг Л.Бишрэл,түрээс эхэлж, дуусах цагийг тэмдэглэж, хүүхдүүдэд сануулах ажлыг Т.Баярцэцэг, түрээсийн мөнгөө хурааж аваад хүүхдүүдэд тасалбар бичиж өгөх үүргийг Д.Сарангуа, ролик унаж сурахад нь туслах, зааж дасгалжуулах ажлыг О.Халиунаа, эвдрэл гэмтэл засварлах, шалгах ажлыг Э.Батсүлд, Г.Билгүүн нар хариуцаж ажиллаж байна. Хүүхдүүдийг ролик унаж сурахад нь туслах, түшиж, хөтөлж явах шаардлага их байгаа тул завтай үедээ бүгд үйлчлүүлэгчдэдээ тусалдаг.
Та нар өөрчлөгдөж, хөгжиж байна уу?
Хүний нөөцийн менежер Л.Бишрэл: Би өмнө нь хүүхдүүдтэй бараг харилцдаггүй, дуугүй бүрэг байсан. Харин одоо байнга хүнтэй харилцаж байгаа болохоор харилцааны чадвар, илтгэх чадвар нэмэгдэж байна.
Харилцааны менежер Т.Баярцэцэг: Би багийнхаа санхүүг хариуцаж байгаа болохоор илүү хариуцлагатай болж байна.
Үйл ажиллагааны менежер О.Халиун: Надад багаар ажиллах чадвар байгаагүй, ганцаараа, өөрийнхөөрөө зүтгээд байдаг байсан. Одоо багаар ажиллаж сурсан. Бодоод байхад намайг хүүхдүүд таньдаг байсан ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Гэтэл одоо “Нөгөө эгч байна ш дээ” гээд бүх хүүхдүүд мэддэг болчихсон.
Харилцааны менежер Д.Сарангуа: Би их муухай ааштай, үг хэлэхээрээ бусдыг гомдоочих гээд байдаг байсан. Одоо санаа бодлоо зөв илэрхийлээд, хүүхдүүдтэй илэн далангүй ярьдаг болж эхэлж байна.
Материаллаг нөөцийн менежер Э.Батсүлд: Өдөр бүр найзуудтайгаа байнга хамт байж хийх ажлаа ярилцдаг болохоор өөрийгөө илэрхийлэх, харилцах чадвар сайжирч байгаа гэж бодож байгаа.
Галт шувуу багийнхан мөнгөө цуглуулж дараагийн хөрөнгө оруулалтаа хийнэ.
Питч өдөрлөгт орж, төслөө танилцуулах гэж байгаа багууд бидэн дээр ирж зөвлөгөө авч байгаа. Та нар төслөө яаж бичсэн бэ, яаж бичвэл дээр вэ, хэрхэн танилцуулсан, олны өмнө яаж ярьсан бэ гэх мэт зөндөө зүйл асуусан. Бид өөрсдөө хөгжиж, олон зүйлд суралцахын зэрэгцээ бусдад зөвлөгөө өгч тусалж байгаадаа баяртай байна. Бид мөнгөө цуглуулж шинэ skateboard худалдаж авах, мөн ролик, скүтэрийнхээ тоог нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ ажлаа сайн хийж байгаад үйл ажиллагаанаасаа олсон мөнгөө хуримтлуулаад өвөл түрээслэх чарга, тэшүүр худалдаж авна. Тиймээс банкинд хамтын данс нээж орлогоо хуримтлуулахаар төлөвлөсөн байна.
"Манай суманд энэ төсөл хэрэгжээгүй, эсвэл бид оролцоогүй байсан бол одоо гэртээ утсаа оролдоод л сууж байх байсан даа" -Галт шувуу багийнхан