Өөрчлөлт, амжилтыг өөртөө нээсэн Н.Отгонтүшиг

Завхан аймгийн Тэлмэн суманд ESEL сургалт хэрэгжээд хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд Тэлмэн сумаас 207 суралцагч ESEL сургалтад хамрагдаж, суралцагчдаас 12 баг бичил төслийн санхүүжилт авч, амжилттай хэрэгжүүлж байна. Тэлмэн сумын 9а ангийн сурагч Н.Отгонтүшиг бол тэдгээр суралцагчдын нэг. Түүний амжилтын түүх бол өөрчлөлтийг өөртөө нээсэн, бусдыг уриалан дуудсан сонирхолтой, бас бахархалтай жишээ юм.

Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төслийг 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Түдэвтэй, Тэс, Баянтэс суманд хэрэгжиж байгаа юм. Төслийн ESEL сургалт Тэлмэн суманд эхлэхэд хамгийн эхэнд бүртгүүлж, суралцагчдын нэг нь Н.Отгонтүшиг байлаа. Түүний хувьд хөтөлбөрт хамрагдаж, олон өөрчлөлтийг өөртөө нээсэн төдийгүй, амжилтууд ч ар араасаа гарсан юм. Өөрийнх нь болон багш, хамт олны өгүүлснээр өмнө харагдаагүй ур чадваруудаа нээсний зэрэгцээ хамгийн чухал нь сурлагадаа эрс сайжирсан байна. Энэ хугацаанд тэрээр хими, биологи, нийгмийн ухаан гээд бүхий л хичээлүүддээ жигд сайжирч, өөрийн ойлгохгүй байгаа зүйлээ багшаасаа чөлөөтэй асууж, одоо математикийн гүнзгий түвшний бодлого бодох дуртай болжээ. Өмнө нь бусдын л адил сурагч байсан Н.Отгонтүшиг 2022 оны 3 дугаар сард Тэлмэн сумын сургуулийн математикийн олимпиадын аваргын шагналыг авах гээд зогсож байв. Математикийн хичээлдээ энгийн л нэг оролцоотой байсан хүүг энэхүү амжилтыг гаргах, анги хамт олон, багш нартаа өөрийнхөө юу чаддагийг нээж харуулахад юу нөлөөлөв гэж ангийн багш, сургуулийн удирдлагууд бодож бас бахархсан байна. Үүгээр ч зогсохгүй урлаг, спортод төдийлөн дуртай биш хүү гэнэт Питч уралдааны нээлтийн мэндчилгээнд “Би бүжиглэж болох уу” хэмээн хүсэлтээ гаргаснаар бүжгийн авьяастай гэдгийг найз нөхөд, сургуулийнхан нь мэдсэн аж.

Нэг сурагчид богино хугацаанд гарсан олон өөрчлөлтийг ESEL сургалтад хамрагдаж өөрийгөө илэрхийлж, бусдыг сонсон багаар ажиллаж сурсны л үр дүн хэмээн математикийн багш Б.Мөнхцэцэг, Нийгмийн ухааны багш Б.Ишдорж, сургуулийн захирал Г.Байгалмаа нар ярьж байлаа.

Н.Отгонтүшигийг Завхан аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Завхан аймгийн 2022 оны шилдэг Энтрепренер суралцагчаар шалгаруулсан юм. Өөртөө эерэг олон өөрчлөлтийг бий болгож, баг хамт олноо манлайлан сурлагадаа жигд сайжирч, Хүүхдийг Ивээх Сангийн ESEL сургалтын хүрээнд зохиогддог бичил төслийн уралдаанд 2 удаа оролцож бизнесийн санаагаа төсөл болгож, түүнийгээ шүүгчдийн өмнө амжилттай илтгэж ур чадвараа сайжруулсан тул Тэлмэн сумын сургуулиас түүнийг оны шилдэг Энтрепренер хүүхэд номинацид дэвшүүлсэн байна. Н.Отгонтүшийг “Би ESEL сургалтад хамрагдахаасаа өмнө өөрийгөө илэрхийлэх чадвар сул, дотогшоогоо чиглэсэн сурагч байсан. Ээж маань бурхан болсон уй гашуу өсвөр насанд маань тохиосон нь үнэхээр хүнд байлаа. Хүүхдийг Ивээх Сангийн сургалтыг анх сонсоод хүсэлтээ илэрхийлж, суралцах боломжтой болсон мөч миний хувьд үнэхээр аз завшаан байсан. Энэ сургалтад хамрагдсанаар би өөрийгөө илэрхийлж, багш нартайгаа болон бусад найзуудтайгаа харилцах харилцаа, багаар ажиллах ур чадвар эрс сайжирсан. Ингэснээр сурлагын амжилт дагаад сайжирч байгаа гэж боддог. Би ESEL сургалтаас сурсан зүйлсээ дүү нартаа заах болно. Ирээдүйд эмч болохыг хүсдэг. Сайн эмч болоод үр хүүхэд биднийхээ төлөө өдөр бүр хичээнгүйлэн ажилладаг аавынхаа ачийг заавал хариулна гэж боддог. Ээж минь одоо хажууд байхгүй ч гэсэн тэнгэрээс намайг хараад бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хүү нь хичээнэ ээ. Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон болон сургалтыг бидэнд чиглүүлсэн багш нартаа, сургуульдаа нийт найзууддаа бүгдэд нь баярлаа” хэмээн хэлсэн юм.

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” төслийнхөн Н.Отгонтүшигт гарсан шиг өөрчлөлт, амжилтууд өөр олон суралцагчид гарахыг хүсдэг. Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг зорилтот орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгох нь төслийн нэг зорилго билээ.