Залуу энтрепренерууд YouTube-ээс суралцдаг
“Дрийм баг”-ийн гишүүд анхнаасаа чимэглэлийн олон бүтээлч, шинэ санаа олсон боловч шаараа гоё хэлбэрт оруулах аргаа мэдэхгүй байв. Тиймээс чимэглэл хийдэг “RAINBOW” фейсбүүк хуудасны эзнээс тусламж хүсэж, түүнээс зөвлөгөө, туслалцаа онлайнаар авчээ. Тэр цагаас хойш тэд YouTube ашиглан шинэлэг загварын фон хийх талаар өдөр бүр суралцаж байна. Тэд чимэглэл хийх маш их дуртай учраас хичээлийн дараа энэ ажлаа хийхэд ямар нэгэн ачаалал, дарамт болдоггүй гэж ярьж байлаа. ESEL сургалтанд сууж, зөвлөх багш болон ментороосоо зөвлөгөө авдаг тул тэд төслөө хэрэгжүүлэх, багаар хамтран ажиллах чадвартай болжээ.
Нэг удаагийн чимэглэлийг 20,000-50,000 төгрөгөөр хийдэг
“Дрийм” баг одоогоор хүүхдүүдийн төрсөн өдөр, сурагчдын “Эрдмийн баяр”, “Үсэглэлийн баяр”, “Эх үрсийн баяр”, “Нутгийн овоо”-ны наадам зэрэг арга хэмжээний үеэр чимэглэлийн үйлчилгээ үзүүлээд байна. Мөн сургуулийн захиргааны хүсэлтээр бичил санхүүжилт олгох “Pitch event-3” өдөрлөгийн тайзыг чимэглэжээ. Сүүлийн үед хуримын машин чимэглэх захиалга ирж байгааг багийн гишүүд ярьж байлаа. Нэг удаагийн үйлчилгээнээс тэд 50,000 хүртэлх төгрөгийн орлого олдог бөгөөд цаашид фото студитэй болохын тулд орлогоо хадгалж байгаа юм. Мөнгөн орлогоос гадна үйлчлүүлэгч эцэг эхчүүд урмын үгээр маш их дэмжиж, сэтгэл хангалуун дахин дахин үйлчлүүлж байгаа нь тэднийг ихээхэн урамшуулж байна.
Бизнесээ тогтвортой байлгахын тулд шинэ, содон санаанууд гаргах, гоё чимэглэл хийж, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг сайн байлгах нь чухал. Тиймээс тэд бэлэг хүргэлт болон сюрприз барих чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, орлогоо нэмэгдүүлэх, байнга үйлчлүүлэх хүүхэд багачууд, ард иргэдийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мөн цаг хугацаа, зардал хэмнэх, хаягдал бага гаргахын тулд зарим чимэглэлээ дахин ашиглаж болох материалаар бүтээхээр судалж байгаа юм.
“Дрийм” багаас бичил төсөл хэрэгжүүлэгч хүүхдүүдэд өгөх зөвлөгөө
Төслөө бичих үедээ худалдан авах барааныхаа үнийг хэд хэдэн дэлгүүрээс сайн судлаарай. Бид төслөө хэрэгжүүлж эхлэх үед худалдан авалт дээр бага зэргийн бэрхшээл гарсан. Учир нь онлайн дэлгүүрийн барааны үнэ судалж байгаад төсвөө бичсэн. Гэтэл яг худалдан авалт хийх үед үнийн дүнгийн зөрүү гарсан. Бас онлайн дэлгүүрүүд и-баримт гаргадаггүй учир санхүүгийн баримт бүрдүүлэхэд бэрхшээлтэй байсан. Тиймээс төслөө бичиж эхлэх үедээ үнийн судалгаанд сайн анхаараарай.