БИ-гээс БИД болсон миний түүх

Намайг Э.Хоролням гэдэг. Би 18 настай. Хөдөөгийн малчин айлд төрж өссөн нэгэн. 2019 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийг үг, дуу цөөнтэй, нийгмийн идэвхтэй оролцоогүй, бүрэг ичимтгий охин төгсөөд Өвөрхангай Политехникийн коллежид элсэн орж байлаа. 

Хүний амьдралд алдаж болохгүй боломжууд олон гардаг. Надад тохиосон нэг боломж бол Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлсэн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” хөтөлбөрт сонгогдон, хамрагдсан явдал юм. Өвөрхангай аймагт хэрэгжиж буй энэ хөтөлбөр Арвайхээр суманд анх удаагаа, тэр тусмаа манай сургуульд хэрэгжихээр болсон таатай мэдээг ангийн багшаасаа сонсож, бүртгүүлэн сургалтад хамрагдсан билээ. Маш олон хүүхэд хамрагдахыг хүсэж байсан учраас би өөрийгөө тэнцэнэ гэж бодоогүй. Удалгүй сургалтад хамрагдах 20 хүүхдийн нэг болсноо сонсоод маш их баярлаж байлаа. Ингээд 8 долоо хоногийн хөтөлбөртөө амжилттай хамрагдаж ESEL хөтөлбөрийн гэрчилгээгээ гардан аваад сэтгэл маш их хөдөлж байлаа. 

Би хөтөлбөрт хамрагдсанаар багаар ажиллах чадварт маш сайн суралцсан. Өмнө нь багаар биш ганцаараа тэмцээнд бэлдэж, ганцаараа оролцдог байсан болохоор сургалтын эхний долоо хоногт л өөрийнхөө багаар ажиллах чадвар дутмаг байгааг ойлгосон. Бид өөрсдийн үүрэг хариуцлагаа тухай бүрд нь биелүүлж, бусдыг хүлээцтэй сонсож, тэдний үзэл бодлыг хүндэтгэж, сургалт бүр дээр хамтдаа гоё дурсамжууд бүтээж чадсан юм. Би өнгөрсөн 1 дүгээр сард Улаанбаатар хотод болсон “ESEL хөтөлбөр хэрэгжүүлж буй Политехник коллеж, МСҮТ-үүдийн туршлага солилцох семинар”-т уригдан оролцож, нээлтэд үг хэлсэндээ баяртай байдаг.  

Миний хувьд одоо Өвөрхангай аймгийн “Өвлайв” шууд мэдээллийн сайтад ажиллаж байна. Мөрөөдөл маань нэвтрүүлэгч болох байлаа. Телевизээр гарч байгаа хүмүүсийг хараад би ийм хүн болно гэж мөрөөддөг байсан. Мөрөөдлөө биелүүлэхээр алхам алхмаар эрч хүчтэй урагшилж байгаа минь миний сонгосон сургуультай холбоотой. Мөн өөрийгөө хөгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.

Олж авсан мэдлэг, ур чадвар дээрээ тулгуурлан шинэлэг санаагаа төсөл болгон бичиж, шалгуурт нийцвэл бичил санхүүжилт авч гарааны бизнесээ эхлүүлэх боломж олгож байгаа энэ хөтөлбөр бидэнд бодитой өөрчлөлт авчирсны томоохон жишээ нь би өөрөө гэж боддог. Анх төсөлд хамрагдаж эхлэхдээ санхүүгийн мэдлэг мэдээлэл, зохион байгуулалт, бүр цаашлаад өөрийнхөө болон хамт суралцаж байгаа үе тэнгийн найз нөхөд болон дүү нарынхаа сэтгэл зүйн онцлог гэж юу болох талаар ч мэддэггүй байлаа. Үүнээс болоод үл ойлголцох, хийж байгаа зүйлээ буруу тооцоолох гэх мэтийн олон бэрхшээлтэй тулгарч байсан. Эдгээрийг шийдвэрлэхэд сургагч багш нар маань их туслалцаа үзүүлсэн. Манай найзууд хүүхэд бүр өөрийгөө илэрхийлэх, асуудлаа шийдвэрлэх чадвартай байх хэрэгтэй гэж өдөр өдрийн хичээлүүдтэй холбож, өөрсдийн алдаа болон давуу талуудаа олон, түүндээ тулгуурлан төслөө бичдэг болсон. Бас өөрсдийн бичсэн төслөө бусдын өмнө зөвөөр илэрхийлж сурсан.

Э.Хоролням “ESEL хөтөлбөр хэрэгжүүлж буй Политехник коллеж, МСҮТ-үүдийн туршлага солилцох семинар”-ийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт (2023.01.24)

Э.Хоролням, Өвөрхангай Политехникийн коллежийн сурагч, ESEL хөтөлбөрийн төгсөгч

Одоо багаараа бичиж шалгарсан “Dream party” төслөө амжилттай хэрэгжүүлж, цаашид аймгийн хэмжээнд зарлагдаж буй том, жижиг төсөл хөтөлбөрүүдэд оролцон, төслөө өргөжүүлэн өөрийн хувийн компанийг байгуулна гэсэн том зорилго өөртөө тавьсан байгаа. 

“Томоор мөрөөд, жижгээр эхэл гэхдээ хамгийн чухлаас нь эхэл” гэж Саймон Синекийн хэлсэн үгэнд дуртай. Учир нь авьяасгүй хүн гэж байдаггүй, харин өөрийн айдсаа даван туулах чадваргүй хүн л байдаг юм шиг санагдсан. Би өөрөө аймхай, түүнийгээ ичимхий гэдэг үгээр далдалдаг байсан болохоор шинэ сургууль шинэ орчинд өөрийгөө бага багаар нээж эхэлсэн минь амжилтын маань эхлэл болсон.

Үеийн найзууд болон дүү нартаа хандаж хэлэхэд өөрийнхөө үзэл бодолд үнэнч байж зорилго тавьсан бол түүндээ хүрдэг өөрт тохиолдож байгаа бэрхшээлийг даван туулах зоригтой, тууштай байгаарай. Харилцан суръя, хамтдаа бүтээе!