Хүүхдийн гэмтэл бэртлийн үеийн бэлэн байдлыг хангах, иргэд олон нийт, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт боллоо

Хүүхдийг Ивээх Сан “Сумдын эмнэлэгт хүүхдийн гэмтлийн үеийн яаралтай тусламжийн чадавх сайжруулах, бэхжүүлэх төсөл”-ийг Австралийн Элчин Сайдын Яамны санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Алтай, Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд хэрэгжүүлж байна. Уг төслөөр сумдын эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн гэмтлийн үеийн яаралтай тусламжийн чадавх сайжруулснаар хөдөө орон нутгийн хүүхдүүдийн гэмтэл бэртлийн үеийн бэлэн байдал, тусламж үйлчилгээг сайжруулах, гэмтлийн шалтгаант нас баралт, өвчлөл, хүндрэлийг бууруулах зорилготой юм.

 

Төсөл хэрэгжиж байгаа Алтай сум Улаанбаатар хотоос 1365 км, аймгийн төвөөсөө 365 км зайтай, 2100 орчим хүн амтайгаас гадна хөдөлгөөнт хүн амны тоо ихтэй, хилийн цэргийн анги салбарууд байрладаг онцлогтой газар. Тиймээс малчид, иргэдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн үед авах арга хэмжээ, эрүүл мэндийн боловсрол олгох, сумын эмч, эмнэлгийн ажилтнууд болон хүүхэдтэй ажилладаг багш, нийгмийн ажилтнуудыг ажлын байран дээр сургах боломж багатай байдаг юм. Иймд орон нутагт нь хүүхдийн гэмтлийн үеийн яаралтай тусламжийн сургалт зохион байгууллаа. Алтай суманд 2023 оны 3 дугаар сарын 27-28-нд болсон сургалтад сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, Алтай сум дахь Цэргийн ангийн эмч нар, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнууд, сурагчид, малчдын төлөөлөл хамрагдав.

Сургалтын талаар Алтай сумын “Бадрал” багийн эмч Н.Намжилмаа “Ажлын байран дахь ийм сургалтууд их хэрэгцээтэй байдаг. Сургалтаар өөрсдийн онолын мэдлэгээ дадлага ажлуудаар баталгаажуулж, илүү гүнзгий зүйлүүдийг сурч, мэдлээ” хэмээн ярилаа.

 

Алтай сумын малчин Д.Ганбаатар “Хөдөө суманд бэртэл, гэмтэл, түлэгдэлт гээд янз бүрийн зүйлүүд тохиолдоно. Үүнд анхны тусламж үзүүлэх чадвартай боллоо. Тиймээс үр өгөөжтэй сургалт байна. Ийм сургалт хүмүүст их хэрэгтэй” гэлээ.

“Сумдын эмнэлэгт хүүхдийн гэмтлийн үеийн яаралтай тусламжийн чадавхыг сайжруулах, бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд осол гэмтлийн үед ашиглах дамнуурга, хүзүү, нуруу, мөчдийн чиг гэх мэт осол, гэмтлийн үед нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг иж бүрнээр нь, “Жижүүр эмчийн хөтөч”, “Яаралтай тусламжийн товч зааврууд” гарын авлагуудын хамт Алтай сумын Эрүүл мэндийн төвд, анхны тусламжийн 50 багцыг “Яаралтай тусламжийн товч зааврууд” гарын авлагын хамт сургууль, цэцэрлэг, сурагчдын дотуур байр болон нийт суралцагчдад гардуулан өгөв.