С.Саранзул: “Би уурлахаа болиогүй, гэхдээ бодож тунгаадаг болсон”
Түүхийг бичсэн А.Дэлгэрмаа 2019 оны 10 сарын 25.
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгээр Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хүүхэд Хамгааллын Тогтолцоог Бэхжүүлэх нь” төслийн хүрээнд эцэг, эхчүүдэд зориулан зохион байгуулсан зургаан долоо хоногийн сургалтын үр дүнд ээж Саранзул хүүхдээ сонсох, хүүхэдтэйгээ харилцан ярилцах аргаар хүүхдүүдээ эерэг аргаар хүмүүжүүлдэг болжээ.
“Хүүхдийг Ивээх Сангийн хүмүүжлийн эерэг аргын сургалтанд суусны дараахан хүүхдүүд мань “Ээж ямар өөр болчихоо вэ?” гэж хоорондоо ярьж байсан. Хүүхдүүдээ гайхтал өөрчлөгдсөн байна билээ.”
“Манай дунд охин 7 настай. Их зөрүүд хүүхэд. Бид хоёр ойлголцохгүй тохиолдол маш олон гардаг. Охин маань хүссэн юмаа авахгүй бол шууд дөрвөн хөллөнө, дэлгүүрийн үүдэнд хөндлөн хэвтчихнэ. Би эхлээд гуйна, учирлана. Ойлгохгүй зөрүүдлэхээр нь зодохоос өөр арга олддоггүй байсан. Энэ хүүхдийнхээ аргыг олчих юмсан гэсэн бодолтой сургалтанд суусан. Хоёр багш маань хүүхдэдээ нөхцөл байдлыг маш сайн тайлбарлаж, хэлж ойлгуул гэж зөвлөсөн. Тэгээд би нэг өдөр хэллээ. “Ээжид нь мөнгө байхгүй байна, миний охин. Ээжийнхээ түрүүвчийг хар даа, ямар ч мөнгө алга. Аавын чинь цалинг буухаар үүнийг авч өгнө. Тэр хүртэл хэд хоног хүлээе.” гээд би их учирлаж, тайлбарлаж өгсөн. Тэгсэн манай охин зогтуссан. Шууд загнаад, цохиод авдаг ээж юу болов гээд гайхсан. Дараа нь миний өөрчлөгдсөн, гоё ааштай болсон тухай эгчтэйгээ ярьж байхыг нь би сонслоо. Хүүхдүүдээ гайхтал өөрчлөгдсөнөө би тэгж мэдсэн. Би энэ сургалтанд суугаад уурлахаа больсон юм биш л дээ. Гэхдээ уурлахаа багасгасан, бодож тунгаадаг болсон.” хэмээн Саранзул ярилаа.
Саранзул болон хүмүүжлийн эерэг арга сургалтанд суусан эцэг эхчүүдийн түүхийг үзээрэй
Тэрээр хүмүүжлийн эерэг арга сургалтаас хүүхдийнхээ нас насанд нь тохируулж харилцах аргачлалыг сурч авчээ. Мөн уур уцаараа барих тухай сурч, дасгал хийдэг болсон байна.
Саранзул: “Сургалтын үеэр надад олон өөрчлөлт гарсан. Одоо бодохоор би нилээн ширүүн, хөндий ээж байсан юм шиг байна лээ. Хүүхдийнхээ үгийг сонсдоггүй, өөрийнхөөрөө л байлгах гээд зүтгээд байдаг байсан. Хүмүүжлийн эерэг аргуудыг мэдэж, өөрийгөө зөв тийш чиглүүлэх, уураа тэвчих талаар суралцаж, дадлага хийснээр хүүхэдтэйгээ илүү зөв харилцдаг болсон. Одоо хоёр хүүхдийнхээ үгийг сайн сонсож, ярилцаж, дотно болсон. Манай нөхөр ч намайг их тайван болчихож гэж байсан. Тэр сургалтанд суугаагүй бол өөрийнхөөрөө зүтгэдэг, ширүүлдэг хэвээрээ л байгаа болов уу.”
Саранзул энэхүү сургалтанд суусандаа маш их баяртай байгаа бөгөөд хүмүүжлийн эерэг аргын тухай ойлголт бага найз нөхөд, хамаатан садан, хөршүүддээ энэ тухай ярьж зөвлөдөг болжээ. Мөн Саранзул хүмүүжлийн эерэг аргын тухай сургалтыг хийхийг зорьж байгаа бөгөөд удахгүй ажил хэрэг болгохоор төлөвлөж байна.
Төслийн тухай мэдээлэл:
Хүүхдийг Ивээх Сан “Монгол Улсад Хүүхэд Хамгааллын Тогтолцоог Бэхжүүлэх нь” төслийг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилтээр 2018-2021 онд Улаанбаатар хот, Дорнод, Архангай аймгуудад хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн зорилтын нэг нь сонгогдсон сум, баг, хорооны эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх арга барилыг зааж сургаж, зөвлөгөө өгөх ба төслийн үргэлжлэх гурван жилийн хугацаанд 1000 гаруй эцэг, эхийг сургалтад хамруулна. Мөн Хүүхэд хамгааллын талаарх иргэд, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлуудыг тухайн орон нутгийн хамтарсан багийн санаачилга оролцоонд тулгуурлан зохион байгуулж, дэмжин ажиллаж байна.
Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу. www.savethechildren.mn