Жулдыз: Би харанхуйгаас айдаггүй зоригтой охин!

Жулдыз* бол Монгол улсын баруун захад орших Цэнгэл сумын харьяат, 13 настай казак охин юм. Тэрээр эцэг, эх болон охин дүүгийн хамт төрсөн нутагтаа мал маллаж амьдардаг. Жулдыз охины гэр сургуулиас хол ба сургуулиас гэр хүртэлх зам зорчиход тун бэрх. Тэрээр 7 настайдаа сургуулиас гарч, аавдаа туслах болжээ. Түүний том эгч нь гэр бүлдээ дэм болохоор сумын төв рүү ажил хайхаар явсан ч амжилт олоогүй байна. Гэр бүлийн тогтмол ганц орлого нь хоёр хүүхдэд засгийн газраас сар бүр олгодог 40,000 төгрөг юм. Жулдыз охины гэр бүл 55 толгой буюу эмзэг бүлэгт тооцогдох цөөн тооны малтай. Тэд бүх хэрэгцээгээ зөвхөн малын ашиг шимээр хангадаг байна.

Цэнгэл сум нь цаст уулсаар хүрээлэгдсэн ба -40 хэм хүртэл хүйтэрдэг, удаан үргэлжилсэн өвлийн улиралтай. Өмнөх хоёр өвөл зудын гамшиг нүүрлэж, хахир хүйтэн цаг агаартай байсан тул Жулдызын төл мал хавартай золгож чадсангүй. Сүүлийн саруудад малаасаа ямар ч ашиг хүртээгүй, мөн эцгийнх нь бие муудсан тул Жулдызын гэр бүлийнхэн эдийн засгийн хүнд байдалд орлоо. Ялангуяа, 2018 оны 12 дугаар сард олон өдөр үргэлжилсэн цасан шуурганы дараа гүн цас тогтсон тул малаа бэлчээхэд төвөгтэй болсон төдийгүй аав нь малаа хариулж байхдаа гэмтэл авчээ. Намар бэлтгэсэн идэш нь дуусах гэж байсан энэ хүнд үед Хүүхдийг Ивээх Сан болон хүмүүнлэгийн Старт сангийн хүмүүнлэгийн яаралтай тусламж Жулдызын гэр бүлд хүрсэн юм.

2019 оны нэгдүгээр сард Жулдызынх болон бусад 938 малчин өрх тус бүр 200 кг малын тэжээл, 155 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж хүлээн авчаа. Энэ нь 50 хүрэхгүй толгой малтай айлуудын хоёр сарын малын тэжээл ба энэхүү тусламж нь тэдний амьжиргааг дэмжихэд нэн чухал болох нь тусламжийн дараах судалгаагаар нотлогдсон юм.

Жулдызын яриа:


“Би аавдаа мал маллахад нь тусалдаг. Малаа яаж зөв маллах талаар би олон зүйл мэднэ. Надад нүүрэн дээрээ цагаан толботой хоёр хар ямаа байгаа. Би тэднийг төл мал байхаас нь маллаж ирсэн болохоор тэднийг юу хийхийг хүсэж, хүсэхгүй байгааг нь шууд мэддэг. Би малаа тэжээхээс гадна малынхаа баасыг цэвэрлэх, ундны усаа зөөх, түлээний модоо бэлдэх болон бусад ажлыг хийдэг. Би зоригтой охин. Би харанхуйгаас, аалз, могойноос айдаггүй. Гэхдээ би аавыгаа өвдөх вий гэхээс айдаг. Өнгөрсөн 12 дугаар сард их цасан шуургатай байсан. Миний аав мал хариулж яваад маргаашийн үд хүртэл иргэж ирээгүй. Би аавд болон манай малд муу юм болох вий гэж их айсан. Аав буцаж ирэхдээ хөлийнхөө хуруунуудыг хөлдөөчихсөн байсан. Бид нар сумын төвөөс түргэн тусламж дуудсан. Тэр одоо алхаж чаддаг болсон. Би том болохоороо хүн болгонд туслах чадах хүчтэй хүн болмоор байна.”

Аав Айбекийн* яриа:

“Малаа маллангаа гэр бүлээрээ элбэг дэлбэг амьдрах нь миний хамгийн том хүсэл юм. даанч сүүлийн хоёр жилд малынхаа тоо толгойг өсгөж чадаагүй болохоор их түгшүүртэй, өөртөө итгэлгүй болж байна. Төл малаа чадлаараа арчилсан ч онд мэнд оруулж чадсангүй. Манай нутагт 6 дугаар сарын сүүлч хүртэл зун эхлэхгүй, тиймээс энэ үед малын тэжээл амин чухал хэрэгтэй байсан. Одоо бидэнд Хүүхдийг Ивээх Сангаас хандивласан хоёр сарын малын тэжээл байна. Бас олгосон бэлэн мөнгөөр малдаа нэмэлт тэжээл авна. Тэгэхээр энэ жил хээл хаялт багасаж, эрүүл чийрэг төл авна гэж найдаж байна. Энэ жил малын маань тоо толгой өсөж, амьжиргаа маань илүү баталгаатай болоосой гэж их хүсэж байна. Хэрвээ энэ тусламжийг авч чадаагүй бол манайх мөнгө хүүлэгчдэд л хандах байсан байх. Бидэнд өөр ямар ч арга байгаагүй.”

Хөтөлбөрийн танилцуулга:

Монгол улсад дараалан тохиож буй байгалийн томоохон гамшгийн нэг бол зуд юм. Зуны улиралд ган, хуурайшилт удаан үргэлжилснээс ирэх өвөл нь зуд тохиож, малчдын амьжиргаа, аж амьдралд хүндээр тусаж байна. 2019 оны зудын эрсдэлийн зураглал Монгол улсын нийт газар нутгийн 20 гаруй хувьд өвөлжилт, хаваржилтын хүнд нөхцөлтэй байх төлөвтэй байгааг харуулжээ. Энэхүү зураглал болон харьцуулсан дүн шинжилгээнд үндэслэн Хүүхдийг Ивээх Сан Английн Старт сангийн дэмжлэгтэйгээр Баян-Өлгий, Ховд аймгийн долоон суманд 2018 оны 12-р сараас 2019 оны 2-р сар хүртэл “Зудын Бэлтгэл” төслийг хэрэгжүүлэв. 2016-2018 оны зудын үеэр тус 2 аймгийн нийт нутгийн 50 орчим хувь нь цасанд хучигдаж малын хорогдол хамгийн өндөртэй гарч түүхэндээ хамгийн их хохирол амсаж байсан эдгээр аймгууд 2019 оны өвөл хамгийн их хохирол амсах хандлагатай байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь зудын эрсдэл, урт хугацааны нөлөөллийг бууруулж чадна гэж Хүүхдийг Ивээх Сан үзэж байна.

* Аюулгүй байдлыг хангах үүднээс хүүхдийн овог нэр, болон эцгийн овог нэрийг өөрчлөв.

Ярилцлага авсан: Алтангэрэлийн Дэлгэрмаа
2019 оны 1 сарын 22