Эзнээ олж, ашгаа өгсөн малжуулах хөтөлбөр
Намрын сүүл сар гарсан ч цаг агаар тогтуун сайхан. Замын хоёр талаар шаргал өвс халиурч, Сүхбаатар аймгийн нутгаар өнөтэй зун болсныг илтгэж, хур тарга авсан адуу, мал таавараа бэлчинэ. Бид Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Д.Батгэрэлийнд очиж, Хүүхдийг Ивээх Сангаас 2016 онд хэрэгжүүлсэн малжуулах төслийн үр өгөөжтэй танилцахаар яваа маань энэ. Очих газраа нарийн сайн мэдэхгүй ч нутгийн хүнээр заалгасан баримжаагаа алдахгүйг хичээж явав. Ашгүй замд мотоциклтой хүн таарч, очих газраасаа хойгуур тойрсноо мэдээд чигээ өөрчиллөө. Ингэж явсаар хоёр гэрийн гадаа очвол зорьсон айл маань мөн ажээ.
Д.Батгэрэл, Ц.Цэрэнлхам нар © А. Дэлгэрмаа \ Хүүхдийг Ивээх Сан, 2020 он
Гэрийн эзэгтэй Ц.Цэрэнлхам нөхрийгөө малдаа явсан, удахгүй ирэх тухай ярьж, бид ч ирсэн хэрэг зоригоо танилцууллаа. Энэ хооронд гэрийн эзэн Д.Батгэрэл ч ирж, бидний цаг агаар, өвс тэжээл, бэлчээр ус, нүүдэл суудлын талаар эхэлсэн яриа малжуулах хөтөлбөр лүү шилжлээ.
Сүхбаатарт аймагт 2015-2016 оны өвөл цастай, хүйтэн болж, олон тооны мал хорогджээ. Олон сумыг хамарсан зуд Баяндэлгэрийг ч тойрсонгүй. Тэр жил малчин Д.Батгэрэлийнх отор нүүдэл хийгээгүй нутагтаа өвөлжсөн болохоор нэлээд олон малаа зуданд алджээ. Айлууд зуданд хэдэн малаа олдаж, хэдэн толгой малтай үлдсэн талаархи дүн мэдээгээ өөрсдийн харьяалагдах багтаа өгдөг байв. Үүний дараа малжуулах төсөл хэрэгжих гэж байгаа талаар багийн даргаасаа сонсож, хүсэлтээ гаргасан байна. Тухайн үед нэлээд олон айл энэ хөтөлбөрт орох сонирхолтой байжээ.
2016 оны зуднаар Сүхбаатар аймаг 136,000 гаруй толгой малаа алджээ. ©Хүүхдийг Ивээх Сан, 2016 он
Хүүхдийг Ивээх Сан, Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилтээр 2016 онд хэрэгжүүлсэн төсөл нь 40-80 толгой малтай, мал маллаж амьжиргаагаа залгуулдаг, зуднаар нийт малынхаа 30-аас дээш хувийг алдсан, хүн хүчний хувьд боломжтой, бэлчээр, худаг ус, өвөлжөөтөй, 0-5 хүртэлх насны хүүхэдтэй, наад зах нь нэг хүүхдээ сургуульд сургадаг гэх зэрэг шалгууртай байв. Тэднийх эдгээр шалгуурт тэнцсэн тул малжуулах хөтөлбөрт хамрагдаж, 20 хонь, 10 ямаа авчээ. Энэ талаараа Д.Батгэрэл “Ямаа зуданд тэсвэр муутай учраас хонийг нь арай олон тоотой авах хүсэлт гаргасан. Манайх өмнө нь ямаа голдуу малтай байсан юм. Өнгөрсөн дөрвөн жил цаг агаар сайхан байлаа. Мал сүрэг маань ч өсөөд 200 гаруй болсон. Одоо тэмээнээс бусад төрлийн малтай байгаа” хэмээн ярилаа.
Ц.Цэрэнлхам:
“Хүүхдийг Ивээх Сангийн малжуулах хөтөлбөр буцалтгүй тусламж гэдгээрээ давуу талтай байсан. Хамгийн чухал нь хөдөлмөрлөх, малаа өсгөх зорилготой хүмүүст хүрсэн гэж боддог. Малаас гадна малын сувиллын багц, хоёр удаагийн мөнгөн тусламж ирж, тухайн үедээ их хэрэг болсон. Өнөөдөр манай мал сүрэг өсөөд, унаа тэрэгтэй болж, дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч байна. Гэр бүлийнхээ зүгээс төсөл хэрэгжүүлсэн хүмүүст баярлалаа” хэмээн талархлын үгээ хэлсэн юм.
Д.Батгэрэлийнх ам бүл зургуулаа, дөрвөн хүүхэдтэй. Гурван хүү нь дунд сургуулийн сурагч бөгөөд Баяндэлгэр сумынхаа сургуулийн дотуур байранд амьдардаг. Бага охин мөн сумын төвд эмээгийндээ амьдарч, хүүхдийн цэцэрлэгт явдаг аж. Ц.Цэрэнлхам “Хүүхдүүдээ төлөв даруу, эрдэм мэдлэгтэй болоосой гэж боддог. Том хүү маань 11-р ангид сурдаг. Ирээдүйд малын эмч болох хүсэлтэй. Харин бага хүү маань малчин болно гэдэг” хэмээн ярилаа.
Тэднийх 2016 оны зудаас хойш намрын улиралд малдаа өвс, тэжээл ахиухан бэлдэхээс гадна малаа чанаржуулж, үүлдэр угсааг нь сайжруулах зорилготой явдаг болжээ. Д.Батгэрэлийнх таван жилийн өмнө чамгүй хөрөнгө оруулалт хийж, хувьдаа худаг гаргуулсан байна. Тэр үедээ авто машин авах уу, худаг гаргуулах гэж ярилцаж байгаад худгаа сонгожээ. Өнөөдөр эргээд бодоход өөрсдөдөө хийсэн хамгийн зөв хөрөнгө оруулалт байсан гэнэ. Зудын өмнөх жил хэмээн эхнэр, нөхөр хоёр хугацаагаа тодотгож байлаа. Хувьдаа худагтай болсноор усан хангамж нэмэгдэж, бэлчээрээ бүрэн ашиглах боломж бүрдэж, мал сүргээ өсгөхөд ч сайнаар нөлөөлдөг байна. Одоо худгаа дүүгийнхтэйгээ хамт жилийн дөрвөн улиралд ашиглаж байгаа юм. Задгай усгүй үед мотортой худаг малчдад үнэхээр хэрэгтэй аж.
Тэр хоёр дүүгийнх рүүгээ явж гэрээ барихад нь туслах ажилтай байсан тул яриа маань үд хэвийх алдад өндөрлөж, бид ч малаа улам өсгөж, мянгат малчин болоорой гэсэн ерөөлийн үгээр урам өгөөд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт руу явлаа.
Малчдад нэг удаагийн тусламж өгөхийн оронд амьжиргааг нь дэмжсэн оновчтой, зөв төслийг хэрэгтэй цагт нь хэрэгжүүлснээр урт хугацаатай, үл тасрах өгөөж болдог ажээ. Гэхдээ малжуулах төслийн хувьд мал сүргээ өсгөж, үржүүлэх хүсэлтэй, ажилч хичээнгүй хүмүүсийг олж хамруулах нь илүү чухал гэдгийг Д.Батгэрэлийн амжилтын түүхээс харж болно.