Д.Батсайхан: Энэ хөтөлбөр малаа өөрсдөө сонгосноороо давуу талтай байлаа
Хүүхдийг Ивээх Сан, Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилтээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн орон нутгийн малчин өрхийг дэмжих төслийг Сүхбаатар аймагт 2016 онд хэрэгжүүлсэн юм. Энэхүү төслийн малжуулах хөтөлбөрт тус аймгийн Баяндэлгэр сумын 29 малчин өрх хамрагдаж байв. Эдгээр малчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөрсдийн хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлсэн байна. Тэдний нэг бол Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Д.Батсайхан юм. Ам бүл долуулаа, эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. Түүний хувьд олон жил мал маллаж байгаа нэгэн.
Хахир хатуу зуд ба сорилт
2015-2016 оны өвөл Монгол орны газар нутгийн 70 гаруй хувийг хамарсан зуд болсон бөгөөд 18 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Тухайн жил Сүхбаатар аймагт болсон зудын улмаас нийтдээ 136 мянган мал хорогдсон байна. Энэ аймгийн сумуудаас Баяндэлгэр, Онгон, Наран, Түвшинширээ зудад илүүтэй өртжээ.
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 2015-2016 онд зуншлага тааруу болж, намартаа өвс ногоо муутай, өвөлдөө цас ихтэй байлаа. Тиймээс нутгийн малчид сөл хөөж, зэргэлдээх Дорноговь аймгийн Өргөн сум руу отроор явжээ. Д.Батсайханых ч бусдын адил өөр аймаг, сумын нутагт очиж өвөлжсөн ч малын хорогдол ихтэй гарсан байна. Отроос буцахдаа өргөж, босгож, өвс, тэжээлээр онд оруулсан гурван бяруу, цөөн хэдэн ишиг, хургаа машинаар ачиж ирсэн аж. Оторт 80 гаруй адуутай явсан бол зудын дараа ердөө долоо нь үлджээ. Хахир хатуу өвөл, хаврын уртыг ийм байдлаар давсан юм.
Тэр жил нутгийн малчдын хувьд тэсвэр тэвчээр шаардсан, сорилт ихтэй, хатуухан болж өнгөрчээ. Малчин Д.Батсайхан “Отроор явах бол очих газраа өмнө нь үзэх хэрэгтэй юм байна билээ. Зудын жил манайх хүн дагаад баруун урагшаа нүүчихсэн. Амжилт олоогүй дээ. Халуун хэвтрээсээ явсан мал амархан доройтож, хорогдсон. Хэрвээ отор нүүдэл хийхээр шийдсэн бол цас орохоос өмнө, цагийн сайханд явах ёстой гэж бодсон” хэмээн ярилаа.
Малжуулах хөтөлбөр ба боломж
Тэднийхийг 2016 оны хавар отроос буцаж ирсний дараа буюу 5 дугаар сарын 20-ны үеэр малжуулах хөтөлбөр хэрэгжих гэж байгаа тухай сонссон байна. Ингээд хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ гаргаж, тугалтай үнээ, гурван ямаа, есөн хонь авчээ.
Малжуулах хөтөлбөрийн давуу тал нь өөрсдөө малчид малаа сонгож байлаа. Ихэнх айлууд хонь, ямаа авсан. Манайх цайны сүүтэй, хүүхдүүдээ сүү, тарагтай байлгая гээд тугалтай үнээ авсан. Нүдээ олж, хүндээ очсон үнэхээр хэрэгтэй хөтөлбөр байсан” хэмээн тодотгосон юм. Малжуулах хөтөлбөрөөс малчдад мал өгөхөөс гадна малын сувиллын багц, мөнгөн тусламж өгчээ. Сувиллын багцад багтсан мультивитамин, амин тун, эрдэст долооц зэрэг зүйлүүд отроос ирсэн тамир тэнхээ муутай малд тарга тэвээрэг авахуулах, тэжээж тэнхрүүлэхэд хэрэгцээтэй байсан аж. Гэрийн эзэгтэй Б.Батцэцэг “Манайд хоёр удаа мөнгөн тусламж ирсэн юм. Эхний удаад нь сургууль эхлэх үе таараад хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл авсан. Дараагийнх нь ахуйн хэрэгцээндээ зарцуулж байлаа. Тухайн үедээ их хэрэг болсон.
Малчин Д.Батсайхан
Д.Батсайхан бага охид, эхнэрийн хамт © Хүүхдийг Ивээх Сан, 2016 он
Төслийн үр өгөөж ба амжилт
Малчин Д.Батсайханых малжуулах хөтөлбөрөөс авсан үхрээ өсгөж, үржүүлэн өнөөдөр саалийн зургаан үнээтэй, 10 гаруй үхэртэй болжээ. Үүнээс гадна бог малаа ч өсгөжээ. Өнгөрсөн дөрвөн жил цаг агаар таатай байж, бас тэдний ажилч хичээнгүй байдал ч мал сүргээ өсгөхөд ийнхүү нөлөөлсөн байна. Тэрээр “Мал маллахад учир бий. Хаана өвс, устай байна, тийшээ үхэр, малаа бэлчээнэ. Үхрээ тугаллах хугацааг нь мэдэж, гэртээ ойр байлгаж, төлөө эсэн мэнд бойжуулах ёстой” гэлээ. Эднийх цаашид үхэр, адуугаа түлхүү өсгөж, амьдрал ахуйгаа сайжруулахаар төлөвлөжээ. Д.Батсайхан хүүхдүүдийнхээ боловсролд анхаардагаа ярьж, багийн дээдэх охиноо эмч болгох хүсэлтэй явдагаа ярьж байлаа. Тэрээр мөн буянт малтай болгож, хөтөлбөр хэрэгжүүлсэн хүмүүст талархаж явдагаа илэрхийлсэн юм.
Д.Батсайхан малжуулах хөтөлбөрөөс тугалтай үнээ сонгон авч байгаа нь. © Хүүхдийг Ивээх Сан, 2016 он
Хүүхдийг Ивээх Сан, Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн малжуулах хөтөлбөр өнөөдөр ийнхүү олон малчинд үр өгөөж, ач тусаа өгч байна. Цаашид ч өгсөөр байх биз ээ.
Гэрэл зургийг © А.Дэлгэрмаа / Хүүхдийг Ивээх Сан, 2020 он
Амжилтын түүхийг бичсэн: Ч.Батпүрэв, Хүүхдийг Ивээх Сангийн Мэдээлэл харилцааны зөвлөх