С.Жавхлан: Гэр бүлүүд үр хүүхэдтэйгээ аз жаргалтай байхыг харах сайхан

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Засаг дарга С.Жавхлан 2000 оноос гэр бүлийн хүчирхийлэлтэй айл өрхүүд рүү чиглэсэн олон ажил хийж байгаа нэгэн юм. Түүнээс дурдвал нэлээд олон. Тухайлбал, 2007 оны 12 дугаар сард багийнхаа эмзэг бүлгийн 300 хүүхдийг хамруулсан шинэ жилийн өдөрлөг зохион байгуулжээ. Үүнээс гадна олон улсын болон төрийн бус байгууллагуудтай хамтран архины донтолттой иргэдэд чиглэсэн сургалт нөлөөллийн томоохон ажлууд зохион байгуулсан аж. С.Жавхлан “Манай улсад архины асуудал нэлээд хурц зүйл. Тиймээс архинаас гарсан залуус өөрсдийн түүхээ ярьж, хүмүүсийг сайн зүйлд уриалж байсан нь төрийн байгууллагын албан хаагч болон сургалтад сууж байсан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн, олон зүйлийг ойлгуулсан нөлөөллийн ажил болж байсан” хэмээн ярилаа. Түүнд хандаж, нөхөртөө зодуулсан, хүүхдээ дагуулсан эмэгтэйчүүд өвлийн хүйтэнд очих газаргүй болчихоод шөнө дунд гэрт нь ирдэг байв. Тэрээр “Архинаас болж эх, эцэг нь бурхан болж, өнчирч үлдсэн хүүхдүүдийг өөр дээрээ авч өсгөх үед тэдний нүдэнд ямар ч баяр хөөр, аз жаргал байхгүй сэтгэлийн хүнд зовуурьтай байгааг хараад элэг бүтэн аз жаргалтай, гэр бүл байлгахын тулд юу хийх ёстой вэ гэсэн бодол миний сэтгэлээс салдаггүй байсан. Тэр үед гэр бүлийн хүчирхийлэлд байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн төлөө олон газарт хүсэлт тавьдаг ч хүлээж авах газар ховор байж” хэмээн ярьсан юм. Тэрээр хүүхдийг 2 сараас 2 жил хүртэлх хугацаанд өөрийн гэр бүлдээ авч асарч, зарим хүүхдийг гэр бүлийн нөхцөл байдал нь сайжирсны дараа эргэн нэгтгэж, зарим хүүхдийг асран халамжлагч тогтоож өөр дээрээ авч өсгөсөн байна. “Одоо тэдний зарим нь гэр бүл зохиож сайхан амьдарч байгааг харах үнэхээр сэтгэлд ойр” хэмээн С.Жавхлан ярьж байлаа.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг

Төсөлд яагаад хамрагдах болов?

С.Жавхланг багийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байхад Нийгмийн ажилтнаас төслийн шалгаруулалтанд оролцох санал тавихад нь холбогдох материалаа бүрдүүлэн явуулжээ. Ингээд тэдний баг 2015 онд Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөлд хамрагдахаар болсон аж. Тэрээр энэ талаараа “Хуулиндаа багийн Засаг дарга хамтарсан багийн ахлагч байна гэсэн боловч хурлын дарга байхдаа хамтарсан багийг ахалж байсан, энэ чиглэлээр дадлага туршлагатай гэж намайг сонгосон” хэмээн ярилаа. Тэдний гишүүдэд анх хамтарсан багийн талаар ойлголт бараг байсангүй. Тиймээс төслийн хүрээнд хамтарсан багийн гишүүд чадавхжуулах сургалтууд болон ажлын байрны зөвлөгөөнд хамрагдаж, хамтарсан багийн талаарх хууль эрх зүйн ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэн, гишүүн бүр үүргээ ойлгож, хамтарсан баг нь иргэдийн асуудалд хамгийн түрүүнд хүрч үйлчлэх мэргэжилтнүүд гэдгээ ойлгож авсан байна. Өнөөдөр хамтарсан баг дадлага туршлагатай, гар сэтгэл нийлсэн гишүүдтэй болжээ.

Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнууд Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн үйл ажиллагаатай танилцаж байна. © А.Дэлгэрмаа / Хүүхдийг Ивээх Сан, 2017 он

Төслийн хүрээнд ямар ажлууд хийв?

Эрдэнэбулган сумын 4-р баг нь нийт 4324 хүн ам, 1174 өрхтэй, түр оршин суугч, тавиул хүүхдүүд ихтэй, гэр хороолол гэдгээрээ онцлог. Тиймээс хамтарсан багийнхан нийт өрх, гэр бүлийн судалгааг нарийн гаргаж, зорилтот болон хүчирхийлэлд өртөж болзошгүй өрхөд зөвлөн туслах үйлчилгээ болон хамгааллын үйлчилгээ үзүүлж байна. Хамтарсан багийн ахлагч С.Жавхлан “Анх бид кейс илрүүлэх, хамтарсан багаараа хуралдаж, дүгнэлт гаргах, төлөвлөгөө боловсруулж ажиллаж үр дүнгээ ярилцаж, дахин төлөвлөгөө боловсруулж ажиллах талаар ойлголтгүй байлаа. Манай багт “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл хэрэгжсэнээр бид ажлын байран дахь зөвлөгөө, чадваржуулах сургалт, кампанит ажлуудад оролцож олон зүйлийг мэдэж сурч, сурсан зүйлээ хэрэгжүүлж байна” гэлээ.

Төслийн зорилтот хамтарсан багууд харилцан туршлага солилцох уулзалтын үеэр. © Хүүхдийг Ивээх Сан, 2018 он

Төслийн үр дүн хэрхэн гарав?

Хамтарсан багийнхнаас иргэд ихэвчлэн гэр бүлийн харилцаа, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн мөнгөний асуудал, архинаас хамааралтай асуудлуудаар утсаар болон биеэр ирж зөвлөгөө авдаг аж. Багийнхан тэдгээр хүмүүстэй холбогдож асуудлыг тодруулж, гэрээр нь очиж нөхцөл байдлыг үнэлэн эрсдэлээс хамгаалах эхний алхамуудыг зааварчилж, ганцаарчилсан болон гэр бүлийн гишүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийнхнөөс хамтарсан багт тулгардаг олон асуудал дээр үнэтэй зөвлөгөөнүүд, хамтарсан багийн маягтуудын бүрдлийг стандартын дагуу хөтлөх зааварчилгаа авдаг. Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн хамтарсан багийнхан хуримтлуулсан туршлагаа бусад багийн гишүүддээ хуваалцахын зэрэгцээ төсөл хэрэгжиж байгаа сумуудын хамтарсан багийн гишүүдээс ч туршлага судалжээ. Тухайн үед төсөл хэрэгжигч бусад нэгжүүдийн гишүүдээс малчин өрх, малын бэлчээрт үйлдэгдэх бэлгийн хүчирхийллийн талаар мэдээлэл авч, энэ асуудал манай багт ч байж болзошгүй хэмээн багийнхаа малчин өрхүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийж эхэлсэн байна.

Хамтарсан багийн Архангай аймагт зохион байгуулсан нөлөөллийн үйл ажиллагааны хэсгээс..

С.Жавхлан болон түүний ахалдаг хамтарсан багийн өнөөдрийн энэхүү амжилт, өөрчлөлт нь өөр олон хамтарсан багт туршлага болох, санаа авах бодит жишээ болно биз ээ.

Архангай аймгийн зорилтот хамтарсан багууд харилцан туршлага солилцох уулзалтын үеэр