Б.Хишигт: Хамтарсан багийн ажил гишүүдийн тогтвор суурьшилтай холбоотой
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг бол хүн ам ихтэй, олон хороотой том газар. Эдгээрийн нэг болох 10 дугаар хороо нь 11.800 хүн амтай, хүмүүсийн сайн мэдэхээр Баянхошуунд байрладаг. Олон хүнтэй газар шийдэх асуудал, тулгарах бэрхшээл мундахгүй. Хорооны Засаг дарга Б.Хишигт санаачилгатай, бүтээлч нэгэн болох нь хийсэн ажлуудаас нь илхэн байлаа.
Хамтарсан багийнхаа үйл ажиллагааг сайжруулахын тулд…
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Хамтарсан баг нь Хүүхдийг Ивээх Сангаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн олон сургалтанд хамрагджээ. Гарсан үр дүнгүүд нь чамлахааргүй их. Төслөөс Хамтарсан багийн гишүүн бүрт тусгайлан зориулж боловсруулсан гарын авлага, маягтыг тус хорооны хамтарсан багийн гишүүд байнга ашигладаг байна.
20.1.Хамтарсан баг нь өрхийн эмч, сум, хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд хамтарсан багийг тухайн сум, хорооны Засаг дарга ахална.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас
Үүнээс гадна ярилцлагын тэмдэглэл, мэдээллийн хуудас ашиглах болжээ. Б.Хишигтийн хамтарсан багийнхаа үйл ажиллагааг сайжруулахаар хэрэгжүүлсэн ажлуудын нэг нь аюулгүй байдлын дүрэм. Тэрээр Хүүхдийг Ивээх Сангаас зохион байгуулсан сургалт, хөтөлбөрт хамрагдсаныхаа дараа Засаг даргын хувьд хамтарсан багийн гишүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах хуулиар хүлээсэн үүргийн дагуу энэхүү дүрмээ гаргаж, Хамтарсан багийн гишүүд болон нийгмийн ажилтан гэр бүлийн хүчирхийлэл гарсан айлуудаар хяналт үнэлгээ хийхдээ аюулгүйн дүрмээ баримталж ажиллах, хаашаа, хэзээ явсан мэдээллээ өгдөг ажилтны хамгааллын механизмыг бүрдүүлжээ. Хорооны түвшинд ажиллаж буй хамтарсан багийн гишүүд нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хүчирхийлэл гарсан айл өрхүүдээр явах, үнэлгээ хийж, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эдгээр нь эрсдэлтэй ажил байдаг. Наад зах нь гудамж талбайгаар явахад нохой дайрахаас эхлээд гэр бүлдээ агсан согтуу тавьсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, үр хүүхдэдээ хүнлэг бус хандсан зэрэг олон янзын зан авиртай хүнтэй харилцах шаардлага өдөр тутам тулгарна. Б.Хишигт “Миний хувьд Засаг даргаар 12 жил ажиллаж байна. Хамтарсан багийн ажил гишүүдийн тогтвор суурьшилтай нягт холбоотой. Манай гишүүдээс хэсгийн байцаагч, цагдаа нараас бусад нь харьцангуй тогтвортой ажиллаж байна. Шинээр ирж байгаа хүмүүс Хамтарсан багийн талаар мэдлэг муутай байдаг. Сургалтанд хамруулах, ажлыг нь чиглүүлэх хооронд хугацаа алддаг” хэмээн ярьж байсан.
Тэдний санаачилсан өөр нэг ажил бол хууль танилцуулах хуудас юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Хамтарсан багийн хурлаар орж байгаа иргэдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн заалтуудыг танилцуулж, дараа нь тэдэнтэй итгэлцлийн гэрээ байгуулдаг байна. Тухайн хүнд ямар зөрчил гаргасан талаар танилцуулж, цаашид юу анхаарах ёстой, өөрийнхөө зүгээс ямар бодолтой байгаа талаар нь итгэлцлийн гэрээндээ бичүүлнэ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэд голдуу “Би дахин архи хэрэглэхгүй, эхнэр хүүхдээ айлгаж, зодохгүй” гэх мэтээр амлалтаа бичнэ. Тэр үед нь итгэлцлийн гэрээнд бичсэн зүйлийг тухайн хүнийг дуудахгүйгээр хүүхдээс нь асуух, гэрийнх нь гадаа эргүүл хийх, хорооноос утасдах зэрэг олон аргаар хяналт тавина хэмээн анхааруулдаг байна. Энэ ажил нь тодорхой үр дүнгээ өгч, итгэлцлийн гэрээ байгуулсан айл өрхөөс хорооны Хамтарсан багийн хурлаар орсон, 102, 108-ийн дуудлагад бүртгэгдсэн айл дахиж гараагүй байгаа аж. Хорооныхон Хамтарсан багийнхаа хурлаар итгэлцлийн гэрээгээ 14-30 хоногийн хугацаатай дүгнэдэг байна. Хорооноос мөн өрхийн эмнэлэгтээ мэдээллийн хуудас шинээр гаргаж өгчээ. Үүгээр өрхийн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн биед зодуулсан, хүчирхийлэлд өртсөн, биед нь ямар нэг өөрчлөлт гарсан сэжиг илэрвэл түүнийгээ мэдээллийн хуудсанд тэмдэглээд хорооны Засаг даргадаа өгөх юм байна. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт үйлдэгдэх, мэдэгдэхгүй өнгөрөхөөс сэргийлэх нэг алхам болжээ. Хамтарсан багийнхан харьяа сургуулиудынхаа 6 дугаар ангийн сурагчдад гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн сэргийлэх талаар сургалт явуулжээ. Энэ ангийг сонгосон шалтгаан бол 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг эцэг, эх нь сургууль, гэрийн хооронд зөөчихдөг. Харин 6-р ангиас нь бие даалгаад явуулахаар гэмт хэрэгт өртөх, сөрөг нөлөөлөлд автах магадлал илүүтэй гардаг байна. Хүүхдүүд ч энэ сургалтаас их зүйлийг сурчээ. Түүнчлэн “Хүүхэд хамгаалалд эцэг, эхийн үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг 1-5 дугаар ангийн сурагчдын эцэг, эхчүүдэд явуулсан байна.
Хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө…
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо 2015 оноос хойш Хүүхдийг Ивээх Сангийн төсөл, хөтөлбөр үйл ажиллагаанд хамрагдаж, иргэд, олон нийт, хүүхдэд тустай бүтээлч үйл ажиллагааг хэрэгжүүлснийг дурьдах хэрэгтэй. Үүний нэг нь эцэг эхчүүдэд зориулсан “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” сургалт юм. 2017 оноос хойш Хүмүүжлийн эерэг аргын сургалтыг дөрвөн удаа явуулжээ. Энэ сургалт 8 долоо хоног үргэлжилдэг харьцангуй урт хугацаатай ч хүмүүс идэвхтэй оролцсон байна. Сургалтууд үр дүнгээ өгч, эцэг, эхчүүд хүүхдээ зодож шийтгэхгүйгээр зөв аргаар хүмүүжүүлэх, хүүхэдтэйгээ зөв харилцах, хэрхэн хөгжүүлэх талаар мэдлэг мэдээлэлтэй болжээ. Хорооноос олон хүүхэдтэй, гэртээ хүүхдээ асардаг, сургалтад хамрагдах хүсэл эрмэлзлэлтэй эцэг эхчүүдийг түлхүү хамруулахыг хичээжээ.
10 дугаар хорооны Хамтарсан багийн нэг гишүүн Хүмүүжлийн эерэг аргын сургалтыг зохион байгуулах чиглүүлэгч багшаар бэлтгэгдсэн байна. Энэ нь ч сургалтаа үр дүнтэй, хороондоо тогтвортой хэрэгжүүлэхэд хэрэгтэй байв. Сургалтаа хэрхэн үр дүнтэй болгох талаар Б.Хишигт “Бид сургалтаа зарлаад сонирхсон хүмүүсийг хамруулах зорилготой ажилладаг. Албадаж, хүчээр ирүүлээд үр дүн гарахгүй. Хүмүүжлийн эерэг аргын сургалтыг ээж, аав хоёрт нь хамт хийх ёстой. Эхнэр нь сурч мэдсэнээ гэртээ хэрэгжүүлэх гэхээр нөхөр нь ойлгохгүй бол үр дүнгүй. Нөхөр нь сургалтад суугаад эхнэр нь ойлгохгүй бол бас үр дүн гарахгүй” хэмээн тайлбарлаж байсан. 10 дугаар хорооныхон Хүмүүжлийн эерэг аргын сургалтанд хамрагдсан ээжүүдийнхээ нөхрийнх нь ажил руу албан бичиг явуулж нөхрүүдийг нь энэ сургалтанд аавын хувьд хамрагдах боломж олгохоор ажиллаж байна. Хүүхдээ зөв сайн хүн болгох ажил зөвхөн ээжүүдийн хийх ёстой ажил үүрэг биш, аавууд ч тэгш оролцож, үлгэр дуурайлал үзүүлж байж үр дүнд хүрэхийг Засаг дарга дурьдаж байв. Зөвхөн гэр бүлийн орчныг авч үзэхээс гадна хорооны харьяатай дунд сургуулийн багш нарт ч сургалтаа явуулжээ. Тэдний явуулсан сургалтын үр дүнгээс дурьдаад байвал олон. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэх хандлагаас гадна гэр бүлийн харилцаанд ч эерэг өөрчлөлт гардаг байна. Эхнэр нь сургалтанд хамрагдах үед нөхөр нь ирээд хамтдаа суусан хоёр ч тохиолдол гарчээ. Гэртээ агсам тавьдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нэг залуу Хүмүүжлийн эерэг аргын сургалтанд суугаад хэрхэн өөрчлөгдсөн талаараа үр дүн хэлэлцэх уулзалтад өөрөө оролцож ярьжээ.
Аливаа гэмт хэргийн суурь нь архидалт учраас…
Хүмүүсийг архинаас гаргах арга барилаа өөрчлөхөөр шийджээ. Төрөөс архины хамааралтай хүмүүсийг эмчилгээнд явуулж, гэмт хэргийн зөрчилтэй бол баривчлах арга хэмжээ авдаг ч үр дүн нь муутай, буцаад архиа хэрэглээд эхэлдэг гэнэ. Хорооноос жилд 1-2 хүнийг 2-8 сарын хугацаатай эмчилгээнд явуулдаг ч архинаас гарсан тохиолдол цөөхөн. Тиймээс хороон дээрээ “Сэтгэлийн дуудлага” нэртэй бүлэг байгуулж, “Монголын АА нийгэмлэг”-тэй хамтран ажиллах болжээ. Энэ бүлгийн гишүүдийн тоо хоёр жилийн хугацаанд 13 болж, уулзалтандаа тогтмол оролцохоос гадна сургалтад суусан хүмүүсийн ойлголт нэмэгдэж, хандлагаа өөрчлөөд эхэлдэг байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн залуу сургалтанд суусны дараа өөрийгөө удирдаж, өөрийнхаа зан авирт дүгнэлт хийдэг болжээ. Сургалтанд хамрагдагсад амьдралдаа өөрчлөлт хийж, тэднээс архидалттай холбоотой дуудлага дахиж ирдэггүй байна. Б.Хишигт “Бүлгийн уулзалтыг тогтмол хийх шаардлагатай байгаа. Эрүүлжүүлэхээс гарсан хүмүүст сургалтаа явуулах ёстой. Өнөөдрийн тооноос харахад Сонгинохайрхан дүүрэгт өдөрт дунджаар 70-80 хүн эрүүлжүүлэгдэж байна. Цаашдаа цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллавал илүү үр дүн гарах болов уу гэж харж байгаа” хэмээн ярилаа.
Хорооны төлөвлөж байсан олон ажил Ковид-19 цар тахлын нөлөөгөөр хойшилжээ. Гэсэн хэдий ч Хүмүүжлийн эерэг аргын сургалтанд хамрагдаж байсан хүмүүстэй ганцаарчилж уулзахад үр дүнтэй байв. Тиймээс оролцсон бүх хүмүүсээ хамруулсан үр дүнгийн уулзалт хийхээр төлөвлөжээ. Б.Хишигт “Хороо хүүхэд хамгааллын ажилтантай болмоор байна. Бид тэр хүндээ туслаад ажиллана. Хэсгийн байцаагч нь хамт айлаараа явчихна. Сэтгэл зүйчээр бэлдэж, сургалт явуулах чадвартай болгоно. Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийг бууруулна гэвэл ийм тусгай ажилтан хэрэгтэй” хэмээн ярилаа.
Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны Хамтарсан багийн тухай, Засаг дарга Б.Хишигтийн амжилтын түүхээс өгүүлэхэд ийм. Түүний санаачилсан, хэрэгжүүлсэн ажлууд олон, амжилт, ололт ч ихтэй. Бас хэрэгжүүлэх ажлууд ч байна.