Р.Алимаа: Багш нар олон шинэ, бүтээлч арга зүйд суралцаж байна
Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Р.Алимаатай ярилцлаа. Тус сургуульд Хүүхдийг Ивээх Сангийн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь“ төсөл хэрэгжиж байгаа юм.
-Танай сургуульд хэзээнээс төсөл хэрэгжиж байгаа вэ. Төслийн үр дүнгийн талаар ярина уу?
-Манай сургуульд Хүүхдийг Ивээх Сангийн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төсөл гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа юм. Багш нар маань энэ төсөлд хамрагдсанаар олон шинэ, бүтээлч арга зүйд суралцан хөгжиж байна. Бид багш нарт зориулсан модуль сургалтуудад тогтмол хамрагдаж, сургалтын идэвхтэй арга зүйд суралцсандаа сэтгэл хангалуун байдаг.
-Төсөл хэрэгжихээс өмнөх болон одоог харьцуулахад ямар давуу талууд гарч байна вэ?
– Манай сургуулийн ангиудад хувь хүүхдийн онцлог, шалтгааны улмаас суралцах, хөгжих үйл явцад нь бэрхшээл учирч, сурлагаар хоцорсон сурагчид бий. Эцэг эх, гэр бүлийнхэн нь энэ талыг нь хүлээн зөвшөөрчихсөн, “манай энэ угаасаа сурахгүй” гэсэн түгээмэл хандлагатай, бие биеэ ойлгодоггүй, сургах аргаа ч олдоггүй байлаа. Анги удирдсан багш нар л “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэгчээр арга чаргаа барж ажиллах боловч ахиц амжилтгүй, дэмжин туслах орчингүй учраас мухардаж, хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг ангийн нөхдийнх нь дунд чимээгүй суулгаад, ядаж л хамт олон дундаа нийгэмшиж яваг хэмээн боддог байсан гашуун үнэн бий. Төсөл хэрэгжсэнээр багш нар хөгжлийн онцлог ялгаатай хүүхдүүдтэй хэрхэн, яаж ажиллах арга зүйд маш сайн суралцаж байгаагаас гадна сургуулийн бусад багш, ажилтан, эцэг эх, үе тэнгийнхний хандлага өөрчлөхөд ч нөлөөлсөн. Ямар ч бэрхшээлтэй хүүхэд зориод ирэхэд хүлээн авч ажиллах арга зүйд сайн суралцсан, хүүхдийг байгаагаар нь халуун дотноор хүлээн авч ажиллах урам зориг дүүрэн, эерэг хандлага төлөвшин тогтсон багш нарын үйл ажиллагаанд эцэг, эхчүүд ч сэтгэл хангалуун байгаа юм. Тэд нар санал хүсэлтээ нээлттэй илэрхийлж, бас өөрсдийн чадах зүйлээрээ дэмждэг болсонд сургуулийн удирдлагууд баяртай байдаг.
– Үүнийг жишээгээр тайлбарлаж болох уу?
– Хөгжлийн онцлог, тусгай хэрэгцээтэй сурагч бодит байдал дээр ямар түвшинд байгааг нарийн судалж, түүнтэй ажиллах ойрын болон хэтийн төлөвлөлтийг эцэг эх, анги удирдсан багш, сэтгэл зүйч, сургалтын менежер хамтран гаргадаг. Тухайн хүүхдэд тохирсон ганцаарчилсан төлөвлөгөө хийж, түүндээ хүрэх нарийвчилсан, алхамчилсан төлөвлөлтүүд хийж, ахицыг нь үнэлж ажилласнаар багш, сурагч, эцэг, эх хоорондоо нягт уялдаа холбоотой болж, нэг зорилгын төлөө хамтдаа алхам алхмаар урагшилж байна. Хараа хяналтаас гадуур орхигддог байсан хүүхдүүдийн асуудалд орон нутгийн төрийн байгууллагуудыг татан оролцуулж, бүгдээрээ нухацтай хандаж байгаа. Ингэж сургууль, судалгааны багийнхан хүүхдийг анхаарлын төвдөө байлгаж, хамтарсан багийнхны дэмжлэг чиглүүлэг, зөвлөмжийн үр дүнд тэдгээр хүүхдүүдийн эцэг эх, сургуулийнх нь багш, ажилтнуудын хандлага ч өөрчлөгдөж байна.
-Төслийн хүрээнд хийгдэж байгаа өөр ямар ажлууд байна вэ?
-“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь“ төслөөр “Хүүхдэд ээлтэй танхим” зорилтот сургуулиуд дээр байгуулагдсан. Ингэснээр багш нарт хэрэгцээтэй олон төрлийн гарын авлага, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнтэй болж, хөгжлийн онцлог ялгаатай сурагчидтай ажиллах нөхцөл боломжоор хангагдсан байгаа. Энэ танхимд багш нар цагийн хуваарийн дагуу ажиллахаас гадна танхимаа төрөл бүрийн хэрэглэгдэхүүнээр баяжуулах зорилгоор санал санаачилгатай ажилладаг. Жишээлбэл бид гурван удаа хүүхдэд зориулсан “Сургалтын хэрэглэгдэхүүн хийх уралдаан”-ыг бага ангийн багш нарын дунд зарлаж, шалгарсан бүтээлүүдээр төвийг нөөц хэрэглэгдэхүүнээр баяжуулан, сургалтын орчин нөхцөлөө сайжруулсан. Мөн багш нар маань сүүлийн гурван жилийн хугацаанд хүүхэд бүрийн онцлог, түвшинд нийцсэн ялгаатай даалгаврын сан бүрдүүлж, тодорхой ашиглах нөөцтэй боллоо. Эдгээр материалуудыг хэрэгцээ гарсан үедээ ямар ч багш аваад ашиглах боломжтой байдаг. Багш нар төрөл бүрийн нэмэлт сургалтын хэрэглэгдэхүүнийг өөрсдийн туршлага, ур ухаанаараа бүтээн баяжуулж ашигласнаар хүүхдүүдийн сурах хэрэгцээг хангахад их хувь нэмэр оруулж байна.
-Хөл хорионы үед та бүхэн ямар байдлаар ажиллаж байна вэ?
-Хөл хорионы энэ онцлог үед ч гэсэн багш нар маань ганцаарчлан ажиллах шаардлагатай сурагчдадаа тэдний түвшинд нь тохирсон ялгаатай даалгавар өгч, шаардлагатай үед цахим сургалтын хэлбэрээр тусгайлан ажиллаж, ахиц амжилтаа дүгнүүлж байна.