Сурагчид ардчиллын үнэт зүйлсийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж байна
Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн Эрхийн Засаглал хөтөлбөр нь 2020 оноос “Ардчиллын төлөөх шинэ үе” төслийг НҮБ-ын “Ардчиллыг Дэмжих Сан”-гийн санхүүжилтээр нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүрэг болон Ховд аймагт хоёр жилийн хугацаатай удирдан, “Хүний эрхийг хамгаалагч хүүхэд залуусын дуу хоолой” ТББ, “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ, “Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-уудтай хамтран хэрэгжүүлж байна. Тус төсөл нь ардчиллын үнэт зүйлс, иргэний оролцоо, сонгуулийн үйл явцын талаар хүүхэд, залуучуудын боловсролыг дээшлүүлэх замаар ардчилсан засаглалыг одоо ба ирээдүйн сонгогчдын мэдлэг үйлдлээр дамжуулан бэхжүүлэх зорилготой.
Гарын авлага боловсруулж, клубүүд байгуулав
“Ардчиллын төлөөх шинэ үе” төслийн хүрээнд Хүүхдийг Ивээх Сан нь салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүдтэй хамтран “Ардчиллын үнэт зүйлс” сургалтын хөтөлбөр гаргасан юм. Ардчиллын үйл явцад залуусын оролцоог дээшлүүлэх 5 модуль сургалтын хөтөлбөрийн нэгж хичээл бүрийн агуулга мэдээллүүдийг төсөлд оролцогч хүүхэд, залууст өгөхдөө хүүхэд залуучуудын оролцоог дэмжсэн ойлгомжтой үг хэллэгээр оновчтой тайлбарлаж, хөгжилтэй дасгал ажилбаруудтайгаар өргөн мэдлэг мэдээллийг дэлгэрэнгүй багтаан, амьдралд ойр жишээн дээр танилцуулсан.
Түүнчлэн хүүхэд, залуучууд багаар оролцоот дасгал ажлуудаар судалгаа эрэл хайгуул хийж, өөрсдөө дүрд орж тоглож байхдаа тухайн сэдвүүдийг мартахааргүй сайн ойлгож, ашиглаж чаддаг болохоор ойлгомжтой энгийн идэвх оролцоог дэмжсэн багийн ажлуудыг түлхүү оруулсан юм. Амьдралд ойрхон жишээ кейсүүдийг илүүтэй ашиглан тайлбарласан нь хүүхдүүд өөрсдийн амьдарч буй орон нутгийн тулгамдсан асуудлуудаа шийдүүлэх, аливаа асуудалд хүний эрхийн мэдрэмжтэй хандах, хуулийн зүйл заалтуудыг ашиглаж сурах, асуудлуудаа шийдвэрлүүлэхэд дуу хоолойгоо хүргэх чадварыг бүрэн эзэмшихэд бүлгийнхээ ажилд ардчиллын үнэт зүйлс мэдлэг ойлголттой ашиглах боломжтой хичээлийн бус цагийн бүлгийн үйл ажиллагаанд ашиглах залуучуудын оролцоог бүрэн дэмжсэн хөтөлбөр болж чадсан. Төслийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод долоо, Ховд аймагт гурван залуу сонгогчдын клуб байгууллаа.
“Залуу сонгогчдын клуб”-ынхан мэдлэгээ хуваалцаж байна
“Ардчиллын төлөөх шинэ үе” төсөл нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24-р сургууль дээр хэрэгжиж байгаа юм. Тус сургуулийн сурагчид өөрсдийн сонирхлоор “Залуу сонгогчдын клуб” байгуулан ажиллаж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 24-р сургуулийн “Залуу сонгогчдын клуб” нийт 25 гишүүнтэй бөгөөд тэргүүлэгчээр нь 12-р ангийн сурагч Б.Энхмөнх ажилладаг. Тэрээр клубийнхээ талаар танилцуулж, “Манай клуб 2021 онд ардчиллын үнэт зүйлсийг танилцуулах зорилгоор байгуулагдсан. Гишүүд нь 8-12 дугаар ангийн сурагчид байгаа. Клубийн үйл ажиллагаагаа цаашид тасралтгүй явуулахын тулд дөрвөн ангийн төлөөллийг багтаасан. Бид “Ардчиллын төлөөх шинэ үе” төслөөс эн гаргасан “Ардчиллын үнэт зүйлс” сургалтын хураангуй болон дэлгэрэнгүй хөтөлбөрийг ашиглаж байгаа. Ойлгомжтой, агуулга сайтай энэ гарын авлага бидний гол хэрэглэгдэхүүн болж байна. Хүүхдүүдийн ардчиллын талаарх мэдлэг сул байгаа. 10 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийн агуулгад л ардчиллын талаар байдаг. 8, 9 дүгээр ангийн хүүхдүүдэд насны онцлогт нь тохируулан ингэж сонирхолтой хэлбэрээр заах хэрэгтэй юм шиг санагдсан” хэмээн ярилаа.
“Залуу сонгогчдын клуб”-ийн сурагчид “Ардчиллын төлөөх шинэ үе” төслөөс өнгөрсөн 2021 оны 4 дүгээр сард явуулсан “Үр дүнтэй нөлөөлөл, мэдээлэл харилцаа” сургалтад хамрагдаж, ардчилал, үндсэн хууль, засаглалын хэлбэрүүд, залуусын оролцоо, залуучуудын оролцоог дэмжих, чадавхжуулах, төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд залуучуудын оролцоо гэх мэтийн мэдлэг нэмэгдүүлэх, мэдээллийн хяналт үнэлгээ, кейс судалгаа хийх, нөлөөллийн ажил хэрхэн явуулах зэрэг олон ур чадвар эзэмшсэн юм.
Клубийнхан үйл ажиллагааныхаа хүрээнд ардчиллын үнэт зүйлс, төр гэж юу болох, сонгуулийн тогтолцоо зэрэг сэдвээр гурван өдрийн интерактив сургалт зохион байгуулав. Сургалтад 8-12 дугаар ангийн 50 сурагч оролцож, ардчиллын үнэт зүйлсийн талаарх мэдлэгээ нэмэгдүүллээ. Сургалтад оролцсон 9-р ангийн сурагч Э.Мөнхзаяа “Сургалт үр дүнтэй боллоо. Сургалтын сэдвүүдээс сонгох, сонгогдох эрхийн талаар сайн ойлгож авсан. Хүүхдүүд ирээдүйд сонгуульд оролцож, санал өгөх учраас энэ талын мэдлэг чухал. Сургалт сонирхолтой хэлбэрээр явагдаж, дундуур нь хөгжөөнт тоглоом тоглох, хүүхдүүд сонгуульд өрсөлдөх гэх мэтийн зүйлүүд зохион байгуулсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Хүүхэд, өсвөр үеийнхэн ийнхүү ардчиллын үнэт зүйлсийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, оролцооны талаарх ойлголтоо баталгаажуулж, өөрсдөө амьдрал дээрээ туршиж, сурч мэдсэнээ баталгаажуулж байна.