Ч.Мөнгөнтуяа: Нийгмийн ажлын үйлчилгээ хөгжих суурь сайн тавигдсан
Намайг Чимэдийн Мөнгөнтуяа гэдэг. Сүүлийн 15 жил хүүхэд хамгааллын салбарт ажиллаж байна. Хүүхдийг Ивээх Сангийн Олон нийтэд түшиглэсэн хүүхэд хамгааллын төвийн ахлагчаар 2007-2009 онд, хүүхэд хамгааллын төслийн зөвлөхөөр 2012-2014 онд, боловсролын хөтөлбөрийн мэргэжилтнээр 2014-2017 онд, Хүүхэд хамгааллын арга зүйн төвийн ахлагчаар 2017 оноос хойш ажиллаж байна. Манай төв хүүхэд хамгааллын салбарын ажилтнуудыг чадавхжуулах аргазүйн олон талт үйл ажиллагаа явуулах замаар хүүхдийн эрхэд суурилсан хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд 30,000 гаруй хүн сургалт семинар, зөвлөгөөнд хамрагдсан байна. Бид практикт суурилсан, үр дүнтэй, шинэлэг хөтөлбөр бүхий сургалтуудыг захиалагчийн хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулахын зэрэгцээ хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд хүүхэд, гэр бүлүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Цогц сургалтууд зохион байгуулж байна
Манай багийнхан “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь-2” төслийн хүрээнд орон нутаг дахь Хамтарсан багуудыг чадавхжуулж, олон нийтэд хүүхэд хамгааллын талаарх ойлголтыг нэмэгдүүлснээр хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх зорилготой. Энэ төслийнхөө хүрээнд эхний ээлжинд багц гарын авлагууд боловсруулж, дараа нь сургалтуудаа цогц хэлбэрээр зохион байгууллаа. Үүнд хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах анхан болон ахисан шатны сургалтууд, нийгмийн ажлын кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх анхан болон ахисан шатны сургалтууд багтана. Эдгээр сургалтад 2019 оноос хойш зорилтот орон нутгийн хамтарсан багийн гишүүд болон дүүрэг, нийслэл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүд зэрэг нийт 200 гаруй ажилтнууд хамрагдсан юм. Сургалтын хөтөлбөр боловсруулахдаа зорилтот хамтарсан багийн гишүүн бүрээс судалгаа авч, бодит хэрэгцээнд үндэслэн гаргасан. Сургалтын хэрэгцээний судалгаагаар нийт ажилтнуудын 90 гаруй хувь нь үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхдээ хөтлөх маягтуудыг хэрхэн ашиглах, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, гэр бүлүүдэд нийгмийн ажлын үйлчилгээг хамтарсан багаараа хэрхэн үзүүлэх арга зүйд суралцах хэрэгцээг илрүүлж, сургалтын агуулгад түлхүү орууллаа.
Сургалтуудаа Монголдоо түгээн дэлгэрүүлэх нөхцөлийг бүрдүүлж чадлаа
Сургалтууд онолын мэдлэг өгөхийн зэрэгцээ Хамтарсан багийн гишүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд тохиолддог нийтлэг бэрхшээлийг даван туулах арга замууд, хамтарсан багийн гишүүдийн хамтын оролцоог хангах аргачлал, цаг хугацаа алдахгүй чанартай үйлчилгээг хүргэх арга зам, хүүхэд хамгаалалд олон нийтийг хэрхэн татан оролцуулах, тэдэнд мэдээллийг үр дүнтэй хүргэх арга зүйд сургалаа. Үүнээс гадна хамтарсан багийн орон нутгийн хэрэгцээнд тулгуурлаж төсөл боловсруулах чадварыг сайжруулсан. Мөн кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх арга зүйн сургалтаар хэзээ, ямар тохиолдолд кейс нээх, кейс менежментийн 6 үе шатыг хэрэгжүүлэхдээ бодит жишээнүүд дээр ажиллаж, дадлага хийснээрээ онцлог. Хамтарсан багийн гишүүдийн баг дотроо ажиллах идэвх санаачилга нэмэгдсэнийг дурдах нь зүйтэй. Түүнчлэн, ахисан шатны сургалтаар төрийн үйлчилгээ үзүүлж байгаа бүх түвшинд буюу баг, сум, хороо, аймаг, дүүрэг, нийслэл, үндэсний хэмжээнд сургагч багш нарыг бэлтгэснээр сургалтуудын агуулгыг Монгол Улсын өнцөг булан бүрд хүргэх нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Сургалтад хамрагдсаны дараа зарим хороодын засаг дарга нар үйлчлүүлэгчдийн үйлчилгээ авах орчин нөхцөлийг сайжруулж эхэлсэнд баяртай байдаг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 2 болон 10 дугаар хороо нийгмийн ажилтнуудад тусгайлан өрөө гаргаж өгсөн. Ингэснээр үйлчлүүлэгч тав тухтай орчинд нийгмийн ажилтнаас шууд үйлчилгээ авах боломж нэмэгдсэн. Өмнө нь нийгмийн ажилтнууд нэг цонхны үйлчилгээний хэсэгт ажилладаг байсан учир үйлчлүүлэгч тулгарч байгаа асуудлынхаа талаар нийгмийн ажилтантай ярилцах, нийгмийн ажилтны зүгээс анхан шатны үйлчилгээ үзүүлэх болон тухайн кейсийн асуудал дээр анхаарал төвлөрүүлж ажиллахад хүндрэлтэй байсан юм.
Хүүхэд хамгааллын чиглэлд хийх ажил их бий
Хүүхэд хамгааллын чиглэлээр хийж бүтээж буй амжилтууд их ч цаашид сайжруулах ажлууд их байна. Бид хүүхэд, гэр бүлийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг чанартай, зөв аргаар, тасралтгүй явуулахад анхаарах хэрэгтэй. Ялангуяа Ковид-19 цар тахлаас шалтгаалан бид нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлэх арга хэлбэрээ өөрчлөх шаардлага үүсч байна. Манай төвийн хувьд хүүхдийн эрх, хамгаалал, кейс менежментийн үйлчилгээ гэсэн сэдвүүдээр 2-4 цагийн цахим сургалтууд тогтмол зохион байгуулж байна. Зорилтот орон нутгийн хамтарсан багийн гишүүдэд ажлын байрны зөвлөгөөг сард 2 удаа, нийгмийн ажилтнуудын ажиллаж буй хүндрэлтэй кейс дээр арга зүйн зөвлөгөө өгөх хэлэлцүүлгийг улирал бүр цахимаар болон ажлын байран дээр очиж зохион байгуулж байна.
Дүгнэж хэлэхэд Монгол Улсад мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээ хөгжих суурь маш сайн тавигдаж байгааг хэлэх нь зүйтэй. Бид цаашид хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах ажлыг улам эрчимжүүлэх шаардлага тулгарч байна.