Ц.Пүрэвсүрэн: Сурагч төдийгүй багш ч олон зүйлд суралцаж, өөрийгөө хөгжүүлж чадлаа
Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд зохион байгуулсан сургалт, бичил төслийг санхүүжүүлэх тэтгэлэгт уралдаанд идэвхтэй хамрагдсан зөвлөх багш, төгсөгчид, бизнес коуч зэрэг оролцогчдын амжилтын түүхийг бэлтгэн, цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Өвөрхангай аймаг дахь төслийн зөвлөх багш Ц.Пүрэвсүрэнгийн амжилтын түүхийг танилцуулъя.
ESEL хөтөлбөрийн зөвлөх багш болсон нь:
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд зорилтот орон нутгийн хүүхэд, залуучуудад зориулан хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох ESEL хөтөлбөрийг 2021 онд боловсруулж, зөвлөх багш нарыг бэлтгэсэн. Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа энэхүү шинэлэг хөтөлбөрийн анхны зөвлөх багш нарын нэг нь Өвөрхангай аймгийн Уянга сумын 2-р сургуулийн багш Ц.Пүрэвсүрэн юм. Тэрээр англи хэлний багшаар 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ESEL сургалтыг шинэ зүйлд суралцах, ажлын байрандаа хөгжих боломж хэмээн олж хараад эссэ бичиж илгээснээр сургалтад хамрагдаж, зөвлөх багш болжээ. Түүний хувьд нийгмийн ухааны багш учраас ESEL хөтөлбөрийн хувь хүний ур чадвар, сэтгэлзүйн чадамжууд зэрэг сэдвийг судлах, сурагчдаа зааж чиглүүлэхэд хялбар байв. Харин хөтөлбөрийн хоёр дахь хэсэг болох энтпренершип агуулга цоо шинэ байсан бөгөөд эндээс төсөл бичих, ашигтай ажиллах, эрсдэл зэрэг бизнес, санхүүгийн мэдлэгүүд авчээ. Ингээд 2020 оны хавар Өвөрхангай аймагт ESEL хөтөлбөрийн анхны элсэлт авахад ангид нь 71 хүүхэд хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлснээс хоёр ангид 48 сурагч сонгож авсан байна. Пүрэвсүрэн нэг бүлгийн 24 сурагчийг даан авч хичээлээ заав.
Энэ үед КОВИД-ын хөл хорионы үе таарсан боловч цахим, танхим хослуулан сургалтын агуулгаа бүрэн эзэмшүүлэн төгсгөжээ. Сургалтын дараа дөрвөн багийн 15 сурагчийг бичил төслийн уралдаанд бэлтгэх нь багшийн зүгээс олон талын арга ур чадвар шаардаж байлаа. Энэ үеэр сурагчид багаар ажиллах, бизнесийн шинэ санаа олж харах, бизнес төлөвлөлт хийж сурах, төслийн санаагаа багийн санаа болгох, олны өмнө илтгэж сурах, санхүүгийн мэдлэгтэй болох, бүтээлч байдал, дижитал мэдлэг нэмэгдэх зэрэг мэдлэг, ур чадварууд эзэмшжээ. Мөн багуудад хуваагдаж, хүүхэд бүр бусад гишүүдийн өмнө үүрэг хүлээж ажилласнаар илүү хариуцлагатай хувь хүн болж төлөвшихөд эергээр нөлөөлж байна.
Бэлтгэсэн сурагчид төслийн санхүүжилт авлаа
Төслийн зүгээс ESEL хөтөлбөрт хамрагдсан хүүхэд, залуучуудад энэ хөтөлбөрөөс олж авсан мэдлэг чадвараа бодитоор туршихад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бичил төсөл шалгаруулж, санхүүжүүлэх уралдаан зарласан юм. 2021 оны 11 сард болсон бизнес төсөл боловсруулах анхны уралдаанд Пүрэвсүрэн багшийн удирдсан ангиас 15 сурагч дөрвөн төслөөр оролцжээ. Уралдааны эхний шатад дөрвөн төсөл бүгд шалгарч, хоёрдугаар шатанд оролцсон нь багшийн хувьд том амжилт байв. Аймгийн хэмжээнд болсон ширүүн өрсөлдөөний дүнд “Англи номын сан”-гийн төсөл шалгууруудыг биелүүлэн, 2,8 сая төгрөгийн санхүүжилт авч, Уянга сумын 2-р сургууль дээр хэрэгжиж эхэлжээ. Шалгарсан төслийн багт 10,11,12-р ангийн гурван сурагч ажиллаж байна. “Англи номын сан” төсөл нь 1000 гаруй ном багтаасан хүний нүдний хараанд сөрөг нөлөөгүй Киндл хэрэгслийг ашиглан сурагчдын унших дадлыг тогтмолжуулах, сүүлийн үеийн техник хэрэгслийг зөв зохистой ашиглаж сургах, ингэснээр сурагчдын хэл сурах сэдлийг сонирхолтой, тогтвортой байлгах юм. Төслийн цаашдын зорилго нь хүүхэд бүрийн хэрэгцээнд нийцсэн Англи номын санг цаасан болон цахимаар хослуулж сургуульдаа байгуулснаар сурагчдад хэл сурах таатай орчин бүрдүүлэх юм.
Уянга сумын 2-р сургуулийн захирал Б.Баярмагнай: Гадаад хэлний хичээл нь тухайн орныхоо соёл ёс заншлыг хамтад нь тээж авч явдаг чухал судлагдахуун учраас сурагчдад хэл заахад шинэлэг арга зүй, техник хэрэгсэл шаарддаг. Тиймээс лингафоны танхим байхгүй, сүүлийн үеийн техник хэрэгсэл дутмаг сумын сургууль дээр сурагчдын англи хэлний мэдлэгийг шинэлэг байдлаар дээшлүүлэх боломж бүрдүүлж өгсөн “Mini library” төслийн багийн сурагчид, удирдагч багшид сургуулийн нийт сурагч, багш, эцэг эхийн өмнөөс талархал илэрхийлж байна. 2022 оны 3 сарын байдлаар Уянга сумын 2-р сургуулийн цахим номын сан дээр 5-р ангийн 12 сурагч, 6-7-р ангийн 10 сурагч, 12-р ангийн 6 сурагч, нийт 28 сурагч Киндл хэрэгсэл тогтмол ашиглан уншлага хийж байна. Түүнчлэн нийтийн уншлагад 100 гаруй сурагч хамрагдаж “Номыг бүтээлчээр унших” хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож байна.
12А ангийн сурагч Д.Бямбажаргал ярихдаа “Бид Англи ном унших төслийн сургалтад хамрагдаж, дадлаа хөгжүүлж байгаа. ЭЕШ–ын Англи хэлний шалгалтад хамгийн хэцүү даалгавар нь унших байдаг. Киндл ашиглан найзуудтайгаа хамтдаа уншиж ярилцан, бүтээлчээр унших нь бидэнд мэдлэг болж үлдэж байна. Бас хүүхэд бүрд өөрийн гэсэн унших чадвар байдгийг хөгжүүлээд их үр дүнтэй байгаа. Өдөр бүр уншсанаар шинэ үгийн тоо нэмэгдэж, унших чадвар хөгжихөд их дэмжлэг болж байна. Бидэнд хамтдаа хөгжих боломж олгож байгаа “Mini library” төслийн гишүүд буюу манай ангийн найз Б.Загарсүрэн болон Ц.Пүрэвсүрэн багшдаа, төслийн хамт олонд талархал илэрхийлье.” гэсэн юм.
Уянга сумын зөвлөх багш Ц.Пүрэвсүрэн: ESEL хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид хичээлдээ дуртай болж сурлагад нь тодорхой хэмжээний ахицууд гарч байгааг хичээл ордог багш нар хэлж байна. Сурагчид ESEL хөтөлбөрөөр дамжуулан багийн гишүүний хувьд үйл ажиллагаанд жигд оролцох, үүрэг хариуцлагатай байх, цаг баримтлах зэрэг хувь хүний ур чадвараа нэмэгдүүлэхээс гадна амьдралд ойр, бодит бизнес төлөвлөгөө боловсруулах, санхүүгийн төлөвлөлт хийх чадварт суралцсан. Мөн бичил санхүүгийн тэтгэлэг олгох Pitch үйл ажиллагаанд оролцсоноор бусдад санаа бодлоо богино хугацаанд эмх цэгцтэй, товч, тодорхой илэрхийлж суралцсаны дээр дижитал мэдлэг сайн нэмэгдсэн үр дүнгүүд гарлаа. Сурагчдын англи хэлний чадварт ахиц гаргах зорилготой “ENGLISH MINI LIBRARY” төсөл нь сургуульд хэрэгжсэнээр сурагчдын сурлагын хоцрогдолд эергээр нөлөөлөхөөс гадна чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, багаар ажиллах, хувь хүний ур чадвараа хөгжүүлэх чухал гарц боломж нээсэн, өгөөжтэй үйл ажиллагаа болж байгааг сургуулийн удирдлагууд онцолсон.
Энэ төсөл цаашид манай сургууль дээр тогтвортой хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байна. Сурагч төдийгүй багш ч олон зүйлд суралцаж, өөрийгөө хөгжүүлж чадлаа. Төслийн сургагч багшаар ажиллаж, бусдаасаа харилцан суралцаж, хамтдаа бүтээх боломж олгосон Дэлхийн Банк, Японы Нийгмийн Хөгжлийн Сан, Хүүхдийг Ивээх Сангийн баг хамт олонд болон хүүхдийн төлөөх гэгээн үйлст хамтран ажилладаг бүх хүмүүстээ ажлын өндөр амжилт хүсье!
Ярилцлага бэлтгэсэн:
Хүүхдийг Ивээх Сангийн Өвөрхангай аймаг дахь салбарын ажилтан Г.Батцэцэг
Өвөрхангай аймагт хэрэгжиж буй төслийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл battsetseg.goitiiz@savethechildren.org хаягаар холбогдоорой.