А.Батзул: Сурагчид хүсэл сонирхол, мөрөөдлөөрөө хамтран ажиллаж, суралцаж байгааг харах сайхан

Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн ухааны багш А.Батзултай ярилцлаа. Тэрээр сумынхаа сургуульд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн зөвлөх багшаар ажиллаж байна.

-Та сургуулиа болон өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Артурын Батзул гэдэг. Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Түүх, нийгмийн ухааны багшаар ажилладаг. Би 2010 онд Зэрэг сумынхаа ерөнхий боловсролын сургууль, 2014 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн түүх, нийгэм судлалын багшийн анги төгссөн. Сумынхаа сургуульд тав дахь жилдээ багшилж байна. Манай сургууль 1940 онд байгуулагдсан. Одоо 69 багш ажилтан, 642 сурагчтай үйл ажиллагаа явуулж байна.

-Төсөлтэй хэрхэн холбогдов. Зөвлөх багшаар ажиллах болсон сэтгэгдлээ хуваалцана уу?

-Хүүхдийг Ивээх Сангийн Ховд аймаг дахь салбарын ажилтан манай суманд ирж, багш нарт төслөө танилцуулах үед сонирхолтой, гоё төсөл байна, багшаар нь суралцах юмсан гэж бодсон. Удалгүй ESEL хөтөлбөрийн зөвлөх багш шалгаруулах заавар ирмэгц анкетаа өгч, эсээ бичиж, шалгуулсан. Манай сургуулийн 20 гаруй багш хүсэлтээ гаргаснаас 5 багш тэнцсэн. Миний хувьд “Тэнцсэн” хариу хүлээж аваад их баярласан.

– Зөвлөх багшаар ажиллахад ямар нэгэн хүндрэлтэй зүйл гарч байна уу? Юу юу сурч мэдсэн бэ?

-Багш нарт зориулсан гарын авлагын заавар, зөвлөгөө, арга зүй өндөр түвшинд боловсруулагдсан нь хичээл бүрийн уялдаа, залгамж холбооноос харагддаг. Хүүхэд, залуусын онцлог, хэрэгцээнд тулгуурласан болохоор сургалт явуулахад ямар ч саадгүй, хичээл бүр сонирхолтой болдог. Би хичээлийн эхэнд төслийн болон хичээлийнхээ үр өгөөжийг ярих гээд байдаг болчихсон. Хүүхдүүд “Багш ESEL-ийн талаар ярихдаа нүд нь сэргээд, инээд алдаад, аз жаргалтай болчихдог” гэж хэлдэг.

-Сургалтын явц, хүүхэд, залуусын оролцооны талаар ярих уу?

-Би энэ хугацаанд 8-12 дугаар ангийн 48 сурагчид сургалт явуулж, чиглүүлсэн. Сурагчид идэвхтэй оролцож, өөрийгөө нээлттэй, зөв илэрхийлэх, багаар ажиллах арга зүйд суралцаж, сум орон нутагтаа тулгарч байгаа асуудлыг харж, шийдвэрлэх гарцуудыг эрэлхийлдэг болсон. Завсарлагааны 5 минутад дараагийнхаа ангид орох гэж явах хооронд ч хүүхдүүд араас дагаад төслийн санаагаа яриад “Энэ болох уу? Яавал дээр вэ, танд ямар санаа байна?” гээд ярилцдаг болсон.

-Суралцагчдад гарч буй ахиц, өөрчлөлтийн талаар хуваалцахгүй юу?

-Сурагчид “Харилцан суръя, Хамтдаа бүтээе” гэсэн төслийн уриа шиг хичээл бүр дээр багаар ажиллаж анги танхим, сургууль, сум орон нутагтаа хэрэгцээтэй, тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлж, хэрхэн шийдвэрлэх талаар шинэ санаа гаргаж, шинэ зүйлийг эрж хайдаг болсон.

Хүүхдүүд ярилцаж оролцдог, өөрийгөө илэрхийлдэг болж байна. Хамгийн чухал нь хандлага нийтээрээ эерэг болж, бүтээлч санаанууд их гарч байна. Сурагчид маань ESEL хөтөлбөрийн үндсэн хичээлээсээ гадна өөрсдөө сонирхож нэмэлт мэдээлэл хайж судалдаг, бусдадаа ярьж өгдөг болжээ.

– Сургалтын онцлогийг хэрхэн харж байна вэ. Таны зааж буй хичээлтэй хэрхэн холбогдож, уялддаг вэ?

-Хүн мэдлэг эзэмших, бүтээх явцад өөрөө оролцож, туршиж үзсэн зүйлсээ хэзээ ч мартагддаггүй. Үүнтэй адил ESEL сургалт хүүхэд залууст мэдлэг олгоод, дараа нь өөрсдөөр нь судалж, туршиж үзэх, бодитоор хийх боломж олгож байгаа нь хэзээ ч мартагдахгүй мэдлэг болж үлдэж байна. Би ESEL сургалтаас өмнө мэргэжлийн хичээлээ л зааж байсан бол одоо асуудлыг олж хардаг, шийдвэрлэх арга зам хайдаг, илүү бүтээлч сэтгэлгээтэй болж байгаа юм шиг санагддаг. Бас хичээлийн явцад ч хүүхдүүдийг багаар ажиллуулах, оролцуулах төрөл бүрийн аргууд эрэлхийлдэг болсон.

– ESEL сургалт багшийн заах арга зүй, хандлага хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярих уу?

-Миний хувьд шинийг санаачлах, асуудлыг шийдэх эрмэлзэлтэй, бүтээлч, нийгмийн энтрепренер болох хүсэл тэмүүлэлтэй болсон. Төсөлд суурилсан сургалтын арга зүйг хичээлдээ ашиглаж, цаашид ч энэ талаар нарийн судалж, багш нарын дунд зохион байгуулагддаг сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаануудад оролцохоор зорьж байна. Залуу хүний хувьд багшлах гэдэг бол хоёр дахин илүү суралцахын нэр юм байна гэдгийг ойлгож байна. Хичээл сургалтаа чиглүүлэхээс гадна хүүхэд залуусаас олон зүйл сурч, урам зориг авдаг. Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг хөгжүүлж үнэлдэг бол ESEL сургалт багш, суралцагчдын мэдлэг, чадвар, сэтгэлгээг хөгжүүлж байна гэж хардаг.

-Хүүхдүүд яагаад ESEL сургалтад дуртай байна вэ. Энэ талаар ярих уу?

– Сургалтын явцад хүүхэд бүр өөрийгөө илэрхийлэх, харилцан ярилцах, алдаанаасаа суралцах боломж бий болдог. Танхимын бус цагийн хичээлээр 11б ангийн сурагч Э.Цэнд-Аюуш, Б.Дугар, Б.Билгүүнбямба нар хичээлийнхээ дараа сургуулийн мэдээлэл зүйн өрөөний компьютер дээр төслөө боловсруулдаг байсан. Тэд гэртээ компьютергүй, дундаа нэг флаш авчихсан, төслийн мэдээллээ зөөж ажилласан. Анх бичиг баримт боловсруулахдаа үсгээ нэг нэгээр нь хайж байгаа харагддаг байсан бол сүүлдээ хурдан бичдэг, зураг, хүснэгт дээрээ өнгө, загвар нэмэхийг хүртэл сурчихсан, илтгэлээ бэлдэж байсан. “Багш аа бид компьютер дээр ажиллах чадвартай боллоо, их зүйл сурлаа, оюутан болоход энэ чадвар хэрэг болно” гэж хэлж байсан. Сурагчид өөрсдөө хүсэл сонирхол, тэмүүлэл мөрөөдлөөрөө хамтран ажиллаж, суралцаж байгааг харах сайхан.

-Pitch өдөрлөг, санхүүгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүүхэд, залуусын хөгжилд оруулж буй хувь нэмрийг та юу гэж харж байна вэ?

-Зэрэг суманд бичил төслийг санхүүжүүлэх Pitch өдөрлөг зохион байгуулагдсан нь хүүхэд залуус, багш нар, сум орон нутгийн иргэдэд илүү мэдээлэл, урам зориг өгсөн. Хүүхэд, залуус зөвхөн сургалтад суугаад өнгөрөх биш өөрсдийн санаагаа төсөл болгон бичиж, олон хүний өмнө танилцуулж, санхүүгийн дэмжлэг авснаар санаагаа хэрэгжүүлэх боломж гарч байгаа нь суралцах үйл явцын хамгийн гайхалтай хэсэг нь. Pitch өдөрлөг үзсэн хүүхдүүд бусдын туршлагыг сонирхож, дараагийн удаа оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлдэг.

-Төслүүд тэнцсэн мэдээг авах ямар санагдаж байсан бэ?

– Манайхаас 3 төсөл тэнцсэн гэсэн хариу авах сайхан мөч байсан. Энэ мэдээ тавхан минутын дотор сургуулийнхан, сурагчдын дунд тарж, олон хүнийг баяртай болгосон. Хурдны морь нь түрүүлээд ирчихсэн юм шиг догдолж, нэгнээ тэвэрч, ангиараа алга ташиж, дэвхэцсэн. Тэр үед надад “Манай хүүхдүүд тэнцсэн шүү” гэж сургуулиар хашхираад явмаар санагдаж байлаа. Хүүхдүүд хүсэл тэмүүлэлтэй болж, үе тэнгийн найзууддаа боломж байгааг харуулсан чухал үйл явдал.

-Та бүхний энэ аз жаргалыг бусад хүмүүс хэрхэн хүлээн авч байна вэ?

-Бусад багш нар “Та нар ямар их аз жаргалтай, гоё ажил хийж байна вэ” гэдэг. Бид ажлынхаа үр дүнг шууд харах, мэдрэх боломжтой. Багш нар ихэнхдээ мэргэжлийн хичээлийн олимпиад, элсэлтийн шалгалтад хүүхдүүдээ удаан хугацаанд бэлдэж үр дүнгээ хардаг бол ESEL сургалтынх 10 долоо хоногийн дотор хардаг нь маш гоё. Бидний асуудлаас гарц хайдаг, шинэ санаагаа ярилцдаг, үргэлж эерэг нээлттэй байдаг нь бусдад нөлөөлөөд эхэлчихсэн. Тэнцсэн багийн хүүхдүүдийн эцэг, эхтэй уулзах ч жаргалтай мөч байдаг, эцэг, эхчүүд урмын үг их хэлж байна.

-Энэ удаагийн тэтгэлгийн уралдаанд тэнцээгүй багийнхан гомдолтой байсан уу?

-Хүүхдийг Ивээх Сангаас “Яагаад тэнцээгүй вэ” гэдэг тайлбар маш цэгцтэй, ойлгомжтой ирдэг. Pitch өдөрлөг дээр гурав биш 160-170 шүүгчтэй. Хүүхдүүд дэмжигдээгүй төслийг хараад аль хэдийн дүгнэлтээ өгчихсөн байсан. Жишээ нь, “Хивс цэвэрлэгээ”-ний багийн төслийг “Хүүхэд ямар ч орчинд очиж магадгүй, тиймээс эрсдэлтэй. Тэнцэхгүй байх” гээд дүгнэчихсэн байлаа. Тийм тайлбар Хүүхдийг Ивээх Сангаас ирсэн. Pitch өдөрлөгийн тухай яриа сургууль дээр бүтэн 7 хоног эрчимтэй яригдсан, одоо дараагийн өдөрлөгөө хүлээж, төслөө бичсэн хүүхдүүд байна.

-Танд уншигчдад хандаж хэлэх үг байна уу?

– Төслөөс суралцаж байгаа зүйл, ажлынхаа үр дүнгээ үзэх мэдрэмж юугаар ч хэмжишгүй үнэ цэнийг надад, бидэнд, манай сургуулийнхан, сумынханд бий болгож байна. Ийм сайхан төсөл хэрэгжүүлж байгаа Хүүхдийг Ивээх Сан, санхүүжүүлэгч Японы Нийгмийн Хөгжлийн Сан, Дэлхийн Банкны хамт олонд маш их баярлаж байгаагаа илэрхийлье.

 

Ярилцлагыг бэлтгэсэн:

Хүүхдийг Ивээх Сангийн Ховд аймаг дахь салбарын ажилтан Н.Бадамцэцэг