Ж.Батцэцэг: Төсөл багийн хамтын хүчин чармайлтаар үр дүнд хүрдэг
Намайг Ж.Батцэцэг гэдэг. Би 2018 оноос Хүүхдийг Ивээх Санд “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Энд ажилласнаар салбартаа мэргэших боломж бүрдсэн. Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын эвслээс Хүүхэд хамгааллын салбарт ажиллаж байгаа ажилтнууд тодорхой ур, чадваруудыг эзэмшиж, мэргэшсэн байхыг санал болгодог. Миний хувьд 2021 онд энэ чиглэлээр олон улсын сургалтад хамрагдаж хүүхэд хамгааллын салбарт байгаа ажилтны эзэмшвэл зохих 18 ур чадварын дагуу мэргэшиж чадсандаа баяртай байна.
Төслийн зохицуулагчаар ажиллаж, хэрэгжилтэнд хувь нэмрээ орууллаа
Төсөл маань зорилго, зорилт, хүлээгдэж буй үр дүнтэй. Төслийн зорилтот бүлгээ зөв тодорхойлох, арга аргачлалаа сайн боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнгийн хяналтаа сайн хийх нь төсөл амжилттай хэрэгжихийн үндэс байсан. Хандивлагч байгууллагаас тавигдаж буй нөхцөл, шалгууруудыг сайтар мөрдүүлж, төслийг удирдсан төслийн менежер болон багийнхаа хамт хамтрагч байгууллагуудтайгаа хамтран төлөвлөсөн ажлуудынхаа явцыг алхам бүрээр хянаж үнэлэн, төслийн бүх үйл явцыг төлөвлөсний дагуу, үр дүнд нь чиглүүлэн ажиллах нь зохицуулагчийн гол үүрэг байлаа.
Олон улсын аргачлал, арга зүйг улс орныхоо нөхцөлд тохируулж нутагшууллаа
Өмнөх үетэй харьцуулахад олон улсын санхүүжилттэйгээр төсөл, хөтөлбөрүүд олон хэрэгжиж байгаагаас гадна төр хүүхэд хамгааллын салбарт анхаарал хандуулан ажиллаж байгаа нь сайшаалтай. Олон улсын байгууллагууд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхдээ олон арга, аргачлал, арга зүйг боловсруулан, улс орныхоо нөхцөлд тохируулан нутагшуулахыг зорьдог. Төсөл, хөтөлбөр дуусахад эдгээрийг хамтран ажиллаж байсан төрийн байгууллагуудад хүлээлгэж өгдөг. Гэвч хамтран ажиллаж буй байгууллагууд дах ажилтнуудын халгаа, сэлгээнээс улбаалаад төслөөс гарсан үр дүнгүүдийн залгамж холбоо алдагдах байдал ажиглагддаг. Иймээс төслийн эхнээс хамтрагчаа зөв сонгох, төслийн үр дүнгээ сайн баримтжуулах, мэдлэгийн менежментийг байгууллага дотроо сайн хийхэд багаараа анхааран ажиллаж байна.
Төслөөс гарсан гол үр дүнгүүд
“Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл хоёр үе шаттай хэрэгжээд дуусаж байна. Эхний үе шат 2015-2018 онд хэрэгжсэн бол дараагийн үе шатыг 2018-2022 онд хэрэгжүүлээд хаалтын үе рүүгээ орж байна. Бид энэ хугацаанд гол ажлуудаа хүүхдийн эсрэг хүчирхийлэл болоод гэр бүлийн хүчирхийлэлтэй ажиллах чиг үүрэгтэй хамтарсан багууд руу чиглүүлсэн бөгөөд гарч буй үр дүнгээ үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Төслөөс гарсан үр дүнгүүдийг дараах байдлаар томьёолж болох юм. Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтын багцууд, дагалдах гарын авлагууд боловсруулагдан гарсан. Үүний дагуу Хамтарсан багийн гишүүдийг сургах сургагч багш нар бэлтгэгдэж, зорилтот Хамтарсан багийн гишүүд сургалтад хамрагдсанаараа тэдний хүүхэд хамгааллын аливаа нэг асуудалд хариу үйлчилгээ үзүүлэх суурь ойлголт, мэдлэг нь нэмэгдсэн байна. Мөн Хамтарсан багийн гишүүдийн мэргэшсэн кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадвар дээшилж хүүхдийн эсрэг хүчирхийллийн өндөр эрсдэлтэй кейсүүд дээр мэргэшин ажиллах чадвартай болсон. Мөн Хамтарсан багууд өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах арга зүйтэй, ашиглах гарын авлагуудтай болсон байна.
Төслийн эдгээр үр дүнгүүд бол манай Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн багийн хамтын хүчин чармайлт юм. Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын салбартаа туршлагатай, олон шилдэг мэргэжилтнүүдийг эх орондоо мэргэшүүлэн бэлтгэхэд хувь нэмрээ тасралтгүй оруулсаар буй чадварлаг хамт олны нэг хэсэг болж тэднээсээ байнга суралцаж байгаадаа бахархаж явдаг.
Хэдийгээр олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, төр хүүхэд хамгаалалд анхаарал хандуулж байгаа ч асуудлууд байсаар л байгаа тул бид цаг үедээ мэдрэг байж, хүүхэд хамгааллын тогтолцоог үргэлжлүүлэн бэхжүүлэхийн төлөө идэвхтэй ажилласаар байх болно.