Э.Оюунмаа:Эцэг эхчүүд хүүхдээ уураар биш ухаанаар хүмүүжүүлж эхэллээ
Намайг Энхбатын Оюунмаа гэдэг. Би анх Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн “Хот айл” төсөлд орж, ажлын гараагаа эхэлсэн. Түүнээс хойш хүүхэд хамгааллын салбарт 19 дэх жилдээ ажиллаж байна. Хүүхдийн эрхийг хангах хамгийн анхдагч орчин бол гэр бүлийн орчин юм. Хүүхэд бүр эцэг эх, хайртай хүмүүсээсээ айх айдасгүй, харилцан ойлголцсон, халуун дулаан орчинд аз жаргалтай өсөж хүмүүжээсэй гэж би хүсдэг.
Таван эцэг эх тутмын нэг нь бие махбодын шийтгэл хэрэглэдэг
Хүүхэд бүр бие махбод, сэтгэл санааны шийтгэлээс хамгаалуулах эрхтэй. Монгол Улс 2006 онд Боловсролын тухай хуульдаа, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлан, шийтгэлийг хориглосноор хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмийн бүхий л орчиндоо хуульчлан хориглосон дэлхийн 49 дэх, Ази тивдээ 2 дахь улс болсон. Гэвч хүүхдийг хүмүүжүүлэх нэрээр зодох, шийтгэх, хүүхэдтэй зүй бус харьцах явдал эцэг эх, асран хамгаалагчдын дунд байсаар байна. Үүнийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтэж бэртсэн, амиа алдсан хүүхдүүдийн тоо баримт, хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийн түүх харуулсаар байна. Хамгийн сүүлийн тоон мэдээлэлтэй танилцъя л даа. Тухайлбал 2022 он гарсаар эхний улирлын байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд 26,000 дуудлага иржээ. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад дуудлагын тоо даруй 4 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Тус төв өдөртөө дунджаар 300 орчим дуудлага хүлээн авч байгаагийн 40-60 орчим хувь нь хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага эзэлж байна. Үүнээс үзвэл хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчид гээд гэр бүлийнхээ хамгийн хайртай дотны хүмүүсийнхээ зүгээс хүчирхийлэлд өртөх явдал нэмэгдэж байгааг энэ тоон мэдээлэл харуулж байна.Хүчирхийллийн энэ тойргийг задалж устгахад эцэг эх, асран хамгаалагчдад хүний эрхийн мэдлэг, ойлголтыг зөв төлөвшүүлэх, өөрийн сэтгэл хөдлөлөө таних хянах, удирдан жолоодох арга барилд сургах, амьдралаа төлөвлөх, хүүхдээ эерэг аргаар өсгөн хүмүүжүүлэх мэдлэг чадвар, дадалд сурган соён гэгээрүүлэх ажлыг өргөн хүрээтэй чанартай зохион байгуулах зайлшгүй шаардлагатай.
Хүмүүжлийн эерэг арга үр өгөөжөө өгч байна
Иймд Хүүхдийг Ивээх Сан 2007 оноос хойш эцэг эх, хүүхдийн хоорондын эрүүл харилцааг бий болгох, эцэг эхийг дэмжих, эрхэд суурилсан хандлагад нөлөөлөх аргачлалыг боловсруулах, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг сурталчлан таниулах ажлаа тууштай хэрэгжүүлж ирсэн юм. Цаашлаад Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) –ын дэмжлэгээр 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэх урт хугацааны стратегийг тодорхой үе шаттайгаар эхлүүлсэн нь үр өгөөжөө өгч байна. Тухайлбал, 2022 оны 3 сард зохион байгуулсан 8 хөтөлбөрийн үнэлгээнээс харахад хөтөлбөрт хамрагдсан эцэг эхчүүдийн 90 хувь нь уг хөтөлбөрт хамрагдсанаар хүүхэдтэйгээ илүү бат бөх харилцаа холбоо тогтооход тус болсон, 67 хувь нь өөрсдийн уур бухимдлаа хянаж удирдан зохицуулахад тус болсон, 75 хувь нь хүүхдийнхээ мэдрэмжийг ойлгож харилцахад суралцсан, 89 хувь нь эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхдэд бие махбодын шийтгэлийг ерөөсөө хэрэглэж болохгүй гэж үзсэн байна. Хамгийн чухал нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд тулгардаг аливаа асуудлыг уураар биш ухаанаар шийдэх аргад суралцдаг төдийгүй хүүхдээ хүмүүжүүлэхээс урьтан өөрсдөө эерэгээр өөрчлөгдөх ёстойг ойлгон ухаарснаа илэрхийлж байгаа нь том амжилт юм.
Эцэг эхчүүдийг сургах ажил цаашид ч тогтвортой үргэлжилнэ
Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зан үйлд нөлөөлөх “Өдөр тутам хэрэглэх Хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, нөлөөллийн ажлыг чанартай, тасралтгүй зохион байгуулах нь маш чухал юм. Энэхүү ажил нь зөвхөн нэг байгууллага, нэг төслийн хүрээнд бус үндэсний хэмжээнд явагдаж, олон мянган эцэг эх, асран хамгаалагчдад хүрэх учиртай. Иймээс бид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлагтай хамтран 2017 оноос хойш үндэсний хэмжээний сургагч багш 4, эцэг эхийн сургалтыг зохион байгуулах нийт 80 чиглүүлэгч багш нарыг бэлтгэж, 800 гаруй эцэг эх, асран хамгаалагчдыг нийт 8 долоо хоногийн турш явагддаг цогц сургалтад хамруулаад байна. Хэдийгээр Хүүхдийг Ивээх Сан төрийн анхан болон дунд шатанд хүүхэд гэр бүлд үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүдийг сурган, уг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ч бэлтгэгдсэн хүмүүс маань ажлаас гарах, өөр албан тушаалд томилогдох гэх мэт боловсон хүчний урсгал их байгаа нь хөтөлбөрийг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэх цаашлаад хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсээр байна. Бид цаашид хөтөлбөрийн үндэсний сургагч багш, чиглүүлэгчдийг бэлтгэх, эцэг эхийн нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, бэлтгэгдсэн боловсон хүчний тогтвортой байдлыг хангах чиглэлээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай 2024 он хүртэл хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Эцэг эхчүүд хүүхдээ уураар биш ухаанаар хүмүүжүүлж эхэллээ. Энэ бол бидний ажлын нэг том амжилт юм. Эцэг эхчүүдийг сургах ажил маань цаашид тогтвортой үргэлжлэх болно. Үргэлжлэх ч ёстой билээ.