Эрвээхийнүүд эрх чөлөөт орчин, хүсэл мөрөөдлийг мэдрүүлнэ
Эрвээхийнүүд эрх чөлөөт орчин, хүсэл мөрөөдлийг мэдрүүлнэ
Завхан аймгийн Тэс тус суманд хаврын урин цагтай зэрэгцэн нэгэн шинэ үйлчилгээний газар нээгдсэн нь “Номын кафе” байв. Сурагч Г.Цэнгүүн, Б.Нандин-Эрдэнэ, Д.Чингүүн, А.Азжаргал, Э.Тэмүүлэн нар “Butterfly” төслөөрөө энэхүү кафег байгуулжээ. Эдгээр сурагчид “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL сургалтад хамрагдсан бөгөөд нэг баг болж, бичил төслийн уралдаанд өөрсдийн бизнесийн санаагаа танилцуулан санхүүжилтээ авсан байна. Тэд хэрхэн судалгаа хийж, төслөө бичиж, санхүүжилтээ авсан, ямар сорилт давсан талаар өгүүлье.
Хөдөөгийн алслагдсан сумын сурагчдад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хамтран хичээлээ давтах тохилог газар ховор гэдгийг багийн сурагчид анзаарч судалгаа явуулжээ. Ихэнх сурагчид тав тухтай орчинд цагийг үр бүтээлтэй ашиглаж, өөрсдөө хөгжих газар хэрэгтэй гэж хариулснаар “Butterfly” баг бизнес санаагаа биелүүлэхээр нэгэн зорилго нэгджээ. Тэдний хэлснээр хэсэг хугацаанд ч гэсэн сурагчдад хувийн чөлөөт орон зай үүсгэж өгснөөр хөгжилд нь хувь нэмэр оруулж болно гэж итгэсэн, түүнийгээ ч зөв болохыг өдөр бүрийн хөдөлмөрийнхөө үр дүнгээс харж байгаа аж. Гэхдээ бичил бизнесээр ашиг олохоос илүүтэй найз нөхдөдөө тав тух, эерэг мэдрэмж төрүүлж байгаадаа баяртай явдаг байна.
Төслийн сумын зөвлөлөөс сурагчдад ахуйн үйлчилгээний хэсгийн том өрөөг ашиглуулах боломж олгосноор бичил бизнесийн суурь тавигджээ. Сурагчид төслөөс авсан эхний санхүүжилтээрээ өрөөгөө тохижуулж, кафед тухлах сурагчдад уншуулах номуудаа авчээ. Өөрсдөө орчноо тохижуулахаас гадна ирсэн үйлчлүүлэгчид тохижилтод өөрсдөө оролцох идэвхжүүлэлтийн арга нэвтрүүлсэн бөгөөд хүсвэл хана, таазнаас унжуулж байршуулсан эрвээхийг будаж хувь нэмрээ оруулах боломжоор хангасан нь өвөрмөц байв. Эрвээхийнүүд хүүхдүүдэд эрх чөлөөт орчин мэдрүүлж, сурч хөгжих хүсэл мөрөөдөл төрүүлдэг ажээ.
“Номын кафе”-д сурагчид цагийн нэг цагт 800 төгрөг төлж, хичээлээ хийх, халуун цай үнэгүй уух, найзуудтайгаа ярилцах боломжтой. Шинэ ном унших хүсэлтэй бол тухайн цагтаа авах эрхтэй. Түүнчлэн хичээлээ хийж буй сурагчдын дэвтэр, бал зэрэг дуусвал тус кафед байрлах бичиг хэргийн булангаас худалдан авах бололцоо бүрдүүлжээ. Тус кафе байнгын үйлчлүүлэгчтэй болох зорилгоор урамшуулалт үнийн саналыг нэвтрүүлсэн бөгөөд 2 цаг нь 1500 төгрөг, 3 цаг нь 2200 төгрөг, 4 цаг нь 2900 гэх байдлаар үнэ тарифаа боловсруулж үйлчилж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа явуулагч, үйлчлүүлэгч хоёр талдаа сэтгэл хангалуун байгааг мэдэрсэн байна.
2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс хойш нийт 205 хүнд тус үйлчилгээгээ хүргэсэн байна.
Багийн сурагчид бид ESEL сургалтаас олон талын мэдлэг авсан. Өөрсдийн цагийн менежмент дээр илүү анхаарч багаар ажиллах, урьдчилан харах боломжгүй сорилтыг олон талаас нь харах ур чадварт суралцсан байна. Тэднийг төслөө хэрэгжүүлэх явцад худалдаж авах бараа бүтээгдэхүүний санхүүгийн тооцоонд үнийн өөрчлөлт гарч, тоо ширхгээ багасгах зэрэг асуудлууд тулгарчээ. Мөн дотоод засал чимэглэлд төлөвлөөгүй зардал бага гарсан ч багаараа ухаалгаар сайн шийдсэн аж. Тиймээс бичил төсөл бичиж буй багууддаа санхүүгийн тооцооллоо маш бодитой хийж багийн нийт гишүүдийнхээ саналыг сонсож, хоорондоо сайн ярилцсанаар ямар ч бэрхшээлийг даван туулах хамгийн зөв алхам байдаг гэдгийг бичил төсөл хэрэгжүүлж байх явцдаа сайтар ойлгож авчээ. Мөн Фэйсбүүк пэйж ажиллуулдаг бөгөөд тэдний үйл ажиллагааг нь Завхан аймгийн төвд байх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төв олж хараад урам зоригоор дэмжиж, номын хандив цуглуулж илгээсэнд төслийн багийнхан сэтгэл догдолж аливааг хийхээр зоригловол дэмжих, ойлгох хүмүүс олон байдаг, гагцхүү зогсолтгүй л хүсэж тэмүүлэх ёстой юм байна гэдгийг ойлгож.
“Butterfly” багийнхан ESEL сургалтаас бичил төсөл хэрэгжүүлэх, санаагаа бодит болгох, багаар ажиллах, өөрт ногдсон үүргээ ухамсарлах, бусдыг сонсож сурах, өөрсдийгөө илэрхийлэх, аливаад нээлттэй хандах зэрэг олон чадвар эзэмшиж, их зүйлийг сурч мэджээ. Энэ бүхэн тэднийг насанд хүрсэн хойно ч, ажил амьдралд нь ч оюуны томоохон хөрөнгө оруулалт болжээ.
Амжилтын түүхийг бичсэн Хүүхдийг Ивээх Сангийн Завхан салбарын зохицуулагч П.Дөлгөөн