Өвөрхангайн сурагчдын “Радио Электроник” төсөл бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, Энтрепренершип боловсрол олгох” төслийн зорилтот бүлгийн төлөөлөл болох Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Радио электроник” төслийн үйл ажиллагаа, сайн туршлагаа танилцуулж байна. Тус төсөл нь 2022 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан “Энтрепренер Seeds” тэтгэлэгт уралдаан буюу Питч 3 арга хэмжээнд амжилттай оролцон гурван шатны шалгаруулалтад тэнцэж гарааны санхүүжилтээ авсан юм.
РАДИО ЭЛЕКТРОНИК ТӨСӨЛ НЬ СУРАГЧДЫН ТЕХНИК СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬДОГ
Өвөрхангай аймгийн Хархорин сум нь Улаанбаатар хотоос 430 километр зайтай, жилдээ нийт 15,000 хүнд нийгэм, эдийн засгийн үйлчилгээ үзүүлдэг, шилжих хөдөлгөөн ихтэй, төвийн болон орон нутгийн томоохон замууд дамжин өнгөрдөг, аялал жуулчлалын бүс нутаг юм. Тус суманд ерөнхий боловсролын 4 сургууль үйл ажиллагаа явуулж, 3,000 орчим хүүхдийг сургаж байгаа ба бүс нутгийн онцлогийн хувьд байнгын шилжилт хөдөлгөөн, олон төрлийн харилцаа холбоо дунд оршдог, дэд бүтцийн хувьд мөн хөгжил сайн учраас хүүхдүүдийг тал бүрээс хөгжүүлэх хэрэгцээ тулгарч байна. Өнөө цагт бид өдөр тутамдаа техник технологийн хэрэглээ, дэвшилтэт бүтээгдэхүүний тусламжтай бусадтай илүү ухаалгаар харилцаж ойлголцох нөхцөл үүссэн байна. Тийм учраас “Радио электроник” төслийн “Elite team” багийнхан болох О.Тэмүүжин, Ш.Гомбодорж, С.Алтанцэцэг нар техник технологийн өндөр хурдацтай энэ цаг үед сурагчдын техник сэтгэлгээ, сонирхлыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх замаар бүтээлч, ирээдүйн инженер болж төлөвших суурийг тавих томоохон зорилгыг өвөртлөн технологийн багш Цэндээхүүгээс арга зүйн дэмжлэг авч чиглүүлэгч багшаар Д.Мягмарсүрэн ажиллаж эхэлжээ.
РОБОТ УГСРАХ АРГАЧЛАЛЫГ ЗААХ СУРГАЛТ НЬ ШИНЭЛЭГ БӨГӨӨД ҮР ДҮНТЭЙ БАЙЖ ЧАДЛАА.
Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлийн агуулга нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулгад багтсан байдаг ч хэрэглэгдэхүүний үнэ өндөр, олдоц орон нутгийн хувьд бага байдаг бөгөөд агуулгыг илүү дэлгэрэнгүй судлах нөөц боломж, дугуйлан, сургалтууд байхгүй байсан нь шинэлэг санаа байсан ба төслийн багаас аль болох уян хатан, үр дүнтэй байх нөхцөлийг хангаж ажилладаг нь төслийн гол зорилгыг хангаж, үр дүнтэй байж чаддаг.
ELITE TEAM баг нь хэрэглэгчдэдээ дараах үйлчилгээг санал болгодог.
- Аргачлал заах сургалт (электрон тоглоом угсрах аргачлал, техникийг заана.
- Практиктай хосолсон сургалт: (электрон тоглоом угсрах аргачлалыг туршилттай хослуулан заана. Үүнээс гадна суралцагч өөрийн гараар бүтээсэн тоглоомтойгоор сургалтыг төгсөнө)
2022 оны 9 дүгээр сард гарааны санхүүжилтээ авч үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хэрэглэгдэхүүнээ авснаар 10 дугаар сард “РЭД” төслийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн. О.Тэмүүжин, Ш.Гомбодорж нар үндсэн сургалтын үйл ажиллагааг, Э.Ундрах сургалтын хөтөлбөр боловсруулах, хуваарь гаргах, С.Алтанцэцэг маркетинг, сурталчилгааны ажлыг тус тус хариуцан хариуцлагатайгаар зохион байгуулдаг.
Төслөө хэрэгжүүлж эхэлснээс хойш 3 удаагийн ангид элсэлт авч 42 сурагч хамрагдан төслийн үр шимийг багийн гишүүд болон хамрагдагсад хүртээд байна. |
Түүнчлэн бусад ЕБС-иудын технологийн багш нар тэдэнтэй хамтран ажиллах хүсэлт гаргадаг ба зочин багшаар уригдан хамтдаа суралцах боломжоо нэмэгдүүлсээр байгаа юм.
БИД ӨӨРСДИЙН МЭДЛЭГ ЧАДВАРАА ТҮГЭЭХДЭЭ ХАРИЛЦАН СУРАЛЦАХ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭН ҮЕ ТЭНГИЙХЭН, АХ ЭГЧ, ДҮҮ НАРТАЙГАА ХАМТ ХӨГЖИЖ БАЙГААДАА ТАЛАРХАЛТАЙ БАЙДАГ.
Үйл ажиллагааны үр дүн, ахиц амжилтыг дүгнэх чухал зүйлсийн нэг нь “Радио электроник” төслөөс үр шим хүртэгч болон сонирхогчдын хэлдэг сэтгэгдэл, урам зориг юм.
Тэдгээр сэтгэгдлээс дурдвал:
Төсөл хэрэгжүүлэгч багийн гишүүн О.Тэмүүжиний аав Оюунболд “Төслийн ажилтай, төсөл бичиж байгаа, сургууль дээр байх ажилтай гээд гэртээ ч ирэх завгүй байсан хүү маань санаанд багтамгүй зүйлийг хийсэн байгаа нь үнэхээр бахархалтай байна. Роботыг зөвхөн мундаг техник сэтгэлгээтэй, тусгайлан сурч боловсорсон хүний хийдэг зүйл л гэж боддог байлаа. Гэтэл миний хүү ийм зүйл хийж байгаад баяртай байна. Цаашид бүхий л боломжоороо хүүгээ, багийнхныг нь дэмжинэ”.
Сургалтад хамрагдсан сурагч О.Жавхлан “Би өөрийн сонирхлыг хөгжүүлэхийн тулд заавал хотод очиж сургалтад хамрагдах, эсвэл хэдэн цагаар ч хамаагүй YouTube бичлэг үзэж суухаас өөр сонголт байдаггүй байсан. Харин одоо бол хоббитойгоо ойрхон байна гэдэг үнэхээр гоё байна.”
ТОГТВОРТОЙ, АХИСАН ТҮВШНИЙ ХӨГЖИЛ ЧУХАЛ
Төслийн багийнхан үндсэн хичээл сургалтын хажуугаар төслийн үйл ажиллагааг төлөвлөн, цагийн хуваариа маш нарийн хуваарилж, сургалтад хэрэгцээтэй хэрэглэгдэхүүнийг урьдчилан бэлтгэх, сургалт, маркетингийн ажлыг тогтмол зохион байгуулах гэх мэт өндөр түвшний хувийн болон багийн зохион байгуулалтыг хийснээр өөрсдийн хувийн ажлаа амжуулж, гэрийн даалгавраа хийх зэргээр цагийг бүтээмжтэй өнгөрүүлэх, сурагчдын ахицыг үнэлэх, сонирхолтой аргазүйг судлах, бусадтай хамтран ажиллах, арга туршлагаа хуваалцах ур чадваруудаа нэмэгдүүлж олон талт байдлаар бүгд хөгжиж байна. Төслийн санхүүжилтээр сургалтад хэрэглэгдэх хэрэглэгдэхүүн (робот тоглоом угсрахад шаардлагатай хэрэглэгдэхүүн)-ийг худалдан авсан нь сургуулийн орчинд шинэлэг сургалтын хэрэглэгдэхүүн ашиглах боломжийг болгож чаджээ.
Радио электроник төсөл нь зөвхөн сургуулийн төдийгүй сум, аймгийн нүүр царай болохуйц, онцлох сайн туршлага бүхий төсөл болсонд гишүүд маш баяртай байдаг ба нөгөө талаас энэ нь өөрсдийнх нь хувьд маш том хариуцлага учраас илүү их хичээх хэрэгтэй гэдгээ хүүхдүүд онцлон хэллээ.
Багийн ахлагч О.Тэмүүжин нь аймгийн технологийн олимпиадад сургуулиа төлөөлөн өөрийн бүтээлээр амжилттай оролцсон ба МУБИС, ДУТС-д элсэн орох урилгыг хүлээн авчээ.