Ц.Пүрэвсүрэн: Алслагдсан багийн малчин залууст ESEL сургалт том боломж гэдгийг ойлгуулна
Ц.Пүрэвсүрэн: Алслагдсан багийн малчин залууст ESEL сургалт том боломж гэдгийг ойлгуулна
Хөдөөгийн сумын багийн дарга Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төслийн ESEL хөтөлбөрт залуусаа хамруулсан талаар мэдээлэл авч, түүнтэй уулзаж ярилцлаа.
– Та өөрийгөө танилцуулна уу?
– Намайг Ц.Пүрэвсүрэн гэдэг. Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р багийн Засаг даргаар ажилладаг. Манай баг алслагдсан хөдөөгийн баг.
– Сургалтын талаар анх хаанаас мэдэж, залуусаа хамруулсан бэ?
– “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL сургалтын талаар Говьсүмбэр аймгийн Насан туршийн боловсролын төвөөс анх мэдээлэл авсан. Тэгээд өөрийн багийн 14-25 насны залуучуудад мэдээлэл хүргэсэн байгаа. Сонирхож ирсэн залуусаа НТБТ-ийн сургалтын менежер Х.Амаржаргал багштай холбож бүртгүүлсэн. Ингээд ESEL хосолсон сургалтад манай багаас 4 залуу сургалтад хамрагдсан байгаа.
– Танай багийн залуус сургалтад хамрагдаад хэр идэвхтэй суралцав. Сургалтаас ямар үр дүн гарч байна вэ?
– Сургалтын явцад манай багийн залуусын нэг давуу тал нь бие биедээ маш хүндэтгэлтэй хандаж, багаар сайн ажилласан. Тиймээс багшийн заасан зүйлсийг ярилцаж, ойлголцоход хялбар байсан гэж бодож байна. Миний хувьд анх мэдээлэл өгөхдөө “Та нараас өөрсдөөс чинь хамаарах учраас сайн хичээгээрэй” гэж захисан. Сургалтад хамрагдсан залуусаас гурав нь өөрсдийн санаагаа хөгжүүлэн төсөл бичиж, тэтгэлэгт хөтөлбөрт оролцон 2,8 сая төгрөгийн санхүүжилт авч өөрсдийн гарааны бизнесээ эхлүүлээд байна.
– Залуучуудын хэрэгжүүлж байгаа төслийн талаар танилцуулж болох уу?
– Манай багийн хүүхдүүд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл”-ийн ESEL сургалтад хамрагдаж төгсөөд, бизнес санаагаа бодит болгож, сум орон нутгийн хөгжилдөө хувь нэмрээ оруулахаар тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд DTF буюу өнгөт хэвлэлийн төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслөөр хувцас, даавуун эдлэл болон бүх төрлийн гадаргуу дээр хүссэн өнгө загварын бүх төрлийн зүйлсийн хэвлэл хийх, тэмдэг лого гаргах ажлыг хийх юм.
– Таны бодлоор энэ сургалтын давуу тал, онцлог нь юу байна вэ?
– ESEL хосолсон сургалт алслагдсан багийн залууст маш их боломж өгсөн. Сургалтад хамрагдсанаар залуус өөрсдийн харах өнцгийг өөрчилж, багаар ажиллах, төсөв төлөвлөгөө боловсруулах, шинийг эрэлхийлэх, төсөл бичих, санхүү тооцоо хийх мэдлэг чадвар нь дээшлээд зогсохгүй хамгийн гол нь өөрийгөө таньж мэдэх, ирээдүйгээ төлөвлөх, цаашдын алсын хараагаа төлөвлөх чадваруудад суралцаж байна.
Түүнчлэн эдгээр залуусын аливаа зүйлд хандах хандлага, бизнес сэтгэлгээ нэмэгдэх, өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулах, биеэ дайчилж чадвал илүү их боломж байдаг шүү гэдгийг ойлгож авах зэрэг давуу талууд нэмэгдсээр байна. Миний бодлоор энэ сургалтын давуу тал нь хүний бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх тал дээр түлхүү ажилладаг, өөрийгөө нээж, хөгжүүлэх тал дээр нь маш сайн туслагч болдог.
– Цаашид ESEL сургалтын үйл ажиллагаанд хэрхэн хамтран ажиллах талаар бодлоо хуваалцана уу?
– ESEL хосолсон сургалт сургалтын үр өгөөж нь хүүхдүүдэд үнэлж баршгүй том хөрөнгө оруулж, амжилтад хөтөлнө гэж хардаг. Тиймээс өөрийнхөө боломжоор сургалтын мэдээллийг хүмүүст хүргэнэ. Ер нь аймаг, сумын удирдлага болон багийн дарга нарын хамтын ажиллагаа маш чухал юм байна гэдгийг ойлгож авсан. Иймд миний хувьд ESEL хосолсон сургалт бол маш том боломж гэдгийг хүмүүст ойлгуулж, тэр тусмаа алслагдсан багийн малчин залуус, хүүхдээ хараад гэртээ байгаа ээж нарт мэдээлэл хүргэн хамтарч ажиллана гэж бодож байна.