Ө. Батхүү: ESEL сургалт бол багш хүн өөрийгөө хөгжүүлэх маш том боломж
Залуу багш Ө.Батхүү Сүхбаатар аймгийн Онгон сумын Ерөнхий боловсролын сургуульд газарзүй, иргэний ёс зүйн боловсролын хичээл заадаг. Тэрээр 2020 оноос тус сургуульд ажиллаж байна. Түүний хувьд 2021 оноос Хүүхдийг Ивээх Сангаас Онгон суманд хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төслийн ESEL хөтөлбөрийн багш зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Ө.Батхүү төсөлд хамрагдаж, гаргасан амжилтаа ийнхүү өгүүлж байна.
Яагаад зөвлөх багш болсон бэ гэвэл…
Би ESEL сургалтыг багш хүн өөрөө шинээр хөгжих, сурагчдын болон өөрийнхөө сэтгэл зүй, хувь хүний ур чадварыг сайжруулах маш том боломж хэмээн харж зөвлөх багш болох хүсэлтээ өгсөн. Энэ хөтөлбөр өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж сурах, хариуцлагатай байх, цаг барих гэх мэтийн олон давуу талыг сурагчдад бий болгодог. Мөн 18-25 насны залуучуудыг ажлын гараагаа эхлэх бизнес сэтгэлгээ хөгжүүлэхэд том түлхэц үзүүлдэг төдийгүй түүнийг дагаад хувь хүний хариуцлагатай байдал нийгмийн байр сууриа тодорхойлох боломж өгдөг юм. Багш зөвлөхүүдийн хувьд сурагчдын сэтгэлзүйн байдлыг илүүтэй анхаарч, ажиглаж сурснаар өөрсдийн мэргэжилдээ ч ахиц гаргасан. Хөтөлбөрт хамрагдсан бүх оролцогч талуудад бодит ашиг өгсөн юм. Монголын сургалтын систем ихэвчлэн мэдлэг рүү чиглэсэн байдаг бол төслийн сургалт сурагчид өөрийн мэдлэг чадвараа хичээл сургалт болон амьдрал ахуйдаа ашиглах чадвартай болгодог.
Чиглүүлж ажиллах яагаад чухал вэ гэвэл…
Би 2022 оны намар 24 сурагчтай анги авч ESEL сургалтаа явуулсан. Энэхүү сургалтыг төгссөн сурагчид хаврын төслийн уралдаанд өөрсдийн бичсэн төслийн санаагаа танилцуулж, санхүүжилт авахаар бэлтгэл ажлаа хийж байгаа. Сурагчид хөтөлбөрөөс сурсан зүйлдээ тулгуурлаж, өөрсдийн мөрөөдлөө зорилго болгон төсөл боловсруулж сум орон нутагтаа өөрсдийн хувь нэмрээ оруулахаар санаа шулуудахад багшийн хувьд чиглүүлж ажиллах нь бас нэгэн амжилт юм. Учир нь бид сурагчдаасаа хэрхэн суралцаж буйгаа хардаг. Төгссөн сурагчдын төслийн санаанууд нь ихэвчлэн байгальд ээлтэй, хаягдал материалуудыг дахин ашиглаж түүнээс гарах ашгийг нийгмийн сайн сайханд зориулах зорилготой байдаг. Хөтөлбөрөөс сурагчдад байгаль дэлхийгээ хайрлах үзэл давхар төлөвшиж байгааг харах урамтай.
Клуб удирдаж чиглүүлснээр ямар амжилт гарсан бэ гэвэл…
ESEL хөтөлбөрийн төгсөгчдийн байгуулсан LEADERS entrepreneur клубийг чиглүүлэн ажиллалаа. Энэ клуб маань сургуулийн сурагчид болон олон нийт рүү чиглэсэн нийгэмд эерэг сэтгэгдэл төрүүлэх олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Клубийн үйл ажиллагаанд өөрөө биечлэн оролцсоноор сурагчдын үзэл бодол хандлагыг илүү ихээр ойлгож тэдэнтэй харьцахад дөхөм болгосон. Тэндээс сурагчид юу мөрөөдөж, юу хүсдэг болохыг мэдэх боломжтой. Тэд хөтөлбөрт хамрагдаж сурсан мэдсэн зүйлээ ашиглаж, багш зөвлөхүүдээс зөвлөгөө авч төслөө бичин сумынхаа ард иргэдэд танилцуулж, өөрсдийн илтгэх ур чадвараа сайжруулж байсан. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд багш зөвлөх тэдний хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлыг судалснаар өөрийн мэргэжлийн хичээл болон бусад үйл ажиллагаанд оролцох сурагчдын идэвх оролцоо нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Залуу багшийн хувьд сурагчидтай илүү ойр дотно байж тэднийг ойлгосноор хичээл сургалтын үйл ажиллагаанд эерэг нөлөө, ахиц бодитоор гарсан гэж боддог.
Ө.Батхүү: Төсөл хэрэгжүүлж буй багийнхан шинэ төгсөгчдөд менторлон бие биеэсээ суралцахыг харж, хүүхдүүдийн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн зорилго нэгдэхийг харах надад урам зориг өгдөг.
Өнөөдөр “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төсөл хэрэгжиж буй Завхан, Өвөрхангай, Ховд, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд 415 багш ESEL хөтөлбөрийн багш зөвлөхөөр ажиллаж, шинэ мэдлэг, чадвар хуримтлуулж, сурагчдаа хөгжүүлж, удирдан чиглүүлж байна. Тэдний хувьд ч амжилт бүтээлээр арвин байгаа юм.