“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл хэрэгжүүлж буй хот, хөдөөгийн 14 сургуульд цахим сургалт, хурлын тоног төхөөрөмж гардууллаа
Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хүрээнд цахим сургалт, хурлын төнөг төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа 2023 оны 8 дугаар сарын 26-нд Хүүхдийг Ивээх Сангийн байранд боллоо. Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр 2023 оны 1 дүгээр сараас гурван жилийн хугацаатай хэрэгжиж буй хүүхэд хамгааллын энэхүү цогц төсөлд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан баг хамрагдаж байна.
Арга хэмжээг нээж үг хэлэхдээ Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон “Мэдээлэл технологийн дэвшил бүх салбарт бидний цаг хугацааг хэмнэж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж байна. Сургуульд суурилсан төслийн арга хэмжээг хэрэгжүүлж, бидэнтэй хамтран ажиллаж буй сургуулиудынхаа багшийн хөгжлийг хүүхэд хамгааллын чиглэлээр дэмжиж, төслийн хүрээнд хийгдэх сургалт уулзалтуудыг зохион байгуулахад нь тулгарч болзошгүй бэрхшээлийг шийдвэрлэн бид техникийн дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна. Хурал, сургалтын тоног төхөөрөмжийн багц маань бидний орон зайн саадыг арилгаж, илүү давтамжтай, ойр хамтран ажиллаж, зөвлөлдөхөд тустайн дээр сургуулиуд дээрх төслийн багууд маань цаашид сургалт, уулзалтаа зохион байгуулахад дэмжлэг болно гэдэгт итгэж байна”онцлон тэмдэглэв.
Цахим хурал, сургалт, уулзалтын зориулалттай иж бүрэн төхөөрөмж нь 65 инчийн 4к нягтралтай дэлгэц, утасгүй чанга яригч ба микрофон, 110 градусын эргэдэг камер зэргээс бүрдэнэ. Утасгүй чанга яригч ба микрофон нь 360 градусаар эргэн тойрны 3 метр дотор дуу хүлээн авах, алсаас удирдах, хурлын горим солих, цэнэглэсэн тэжээл, дууны түвшингээ лед гэрлээр харуулах, 4 цаг цэнэглэж, 12 цаг ашиглах зэрэг олон давуу талтай. Харин дэлгэц нь зөөвөрлөх боломжтой хөлтэй, андройд үйлдлийн системтэй, интернэтэд холбогддог бол камер нь 110 градусаар эргэж хуралд оролцогчдыг харуулахаас гадна USB-гээр холбогдох боломжтой юм.
Сургуулиуд эдгээр тоног, төхөөрөмжийг гардан авсанаар хот, орон нутаг дамнасан сургалт, хурал, уулзалтад оролцох боломжоор бүрэн хангагдаж байна.
Энэ үеэр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4-р сургуулийн захирал Ч.Сэндэрмаа “Манай сургуульд ийм цахим төхөөрөмж байгаагүй. Эдгээр тоног төхөөрөмжийг хүлээн авснаар сургалт, хурал, зөвлөгөөнийг цахимаар явуулах боломж бүрдлээ. Боловсролын ерөнхий хуулинд танхимаас гадна цахим сургалт явуулах тухай заасан байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн нийслэлийн Баянгол дүүргийн 73-р сургуулийн захирал Ш.Арслан “Боловсролын ерөнхий хуулийн 6 онцлог зүйлийн нэг нь орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан цахим боловсрол, цахим технологи нэвтрүүлэх юм. Танхимын бус сургалтад зайн хувилбар цахим дадлага сургалт хамаарна гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн цахим сургалтын тоног төхөөрөмж өгсөнд баярласан сэтгэлээ илэрхийлж байна” гэж хэллээ.
“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөр багш, сургуулийн ажилтнууд, эцэг эхчүүдийг хүүхдийн сурч, хөгжих үйл явцыг хүчирхийллийн бус аргаар хэрхэн дэмжихэд сургах, сургууль болон хамтарсан багийн хамтын ажиллагааг сайжруулан бэхжүүлэх, улмаар эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхэд хамгааллын асуудалд анхаарч, хүүхэд хамгаалалд идэвхтэй оролцдог практик бий болгох юм. Мөн хүүхдийн оролцоог дэмжих замаар тэдэнд тулгарч болзошгүй бэрхшээлийг даван туулах, үе тэнгийнхэндээ зөвлөн туслах ур чадварыг эзэмшүүлэх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.