Ах дүү Г.Санжаадагва, Г.Итгэл-Очир:Хүүхдийг Ивээх Санд баярлалаа
Нийслэл Улаанбаатар хотод 2023 оны 8-р сарын 5-ны өдрийн хүчтэй аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27 болон 29-р хорооны олон айл өрх үерт өртсөн юм. Хүүхдийг Ивээх Сан үерийн гамшигт өртсөн гэр бүл, хүүхдүүдэд туслах төсөл хэрэгжүүлж, тусламжийн эхний хэсгээ 2023 оны 8 дугаар сарын 31-нд хүргэсэн билээ. Энэхүү тусламжаар сургуулийн насны хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас, спорт гутал, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд цүнх, хичээлийн хэрэгсэл, гэртээ хүмүүжиж буй сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд төрөл бүрийн тоглоомууд болон үлгэрийн ном өгсөн юм. Энэ үеэр ах дүү Г.Санжаадагва, Г.Итгэл-Очир нартай ярилцлаа.
Г.Санжаадагва: Миний зуны даалгавар үерт урсаад явчихсан
– Чамайг хэн гэдэг вэ. Хэддүгээр ангид сурдаг вэ?
– Намайг Г.Санжаадагва гэдэг. Манай гэр нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р хороонд байдаг. Баянзүрх дүүргийн 24-р сургуулийн 2-р ангид сурдаг. Би 7 настай.
– Зуны амралт гоё байсан уу? 9-р сарын 1-нд танай ангийнхан юу хийдэг вэ?
– Зуны амралт гоё байсан. Гэхдээ би хичээлдээ явах дуртай. 9-р сарын 1-нд хичээл эхлээд гэрийн даалгавраа үзүүлчихээд, монгол хэл, математикийн хичээлээ хийгээд тардаг. Надад хамгийн сайн хоёр найз байдаг.
– Танай аав, ээж хоёр ямар ажил хийдэг вэ?
– Манай аав, ээж хоёр барилга дээр ажилладаг. Одоо бол гэрээ засаж байгаа. Манай гэр үерт орсон.
– Үер буухаар юу болдог вэ. Чи үер болсон тухай санаж байна уу?
– Машинууд эргэлдэж, мөргөлдөөд байдаг. Манай хашааны хаалгыг машин мөргөөд, тэгээд ус ороод ирсэн. Надад бол уурламаар санагдсан. Миний хувцаснууд шавхайтай, муухай болчихсон байна лээ. Зарим урагдаагүйг нь угаагаад аваад ирсэн. Манай гэрийн дээвэр дээр цахилгаан буусан. Айлуудын хашаа нь эвдрээд, зарим айлын Монгол гэр нь урсаад явчихсан. Би уг нь зуны даалгавраа хийчихсэн байсан. Даанч үерт урсаад явчихсан. Гэхдээ манай ангийн багш үерт урссан гэдгийг мэдэж байгаа.
– Чамд өгсөн хичээлийн хэрэгслээс аль нь чамд гоё санагдсан бэ?
– Өнөөдөр энд хичээлийнхээ юмыг бэлдэж байгаа юм шиг санагдлаа. Цүнхэнд олон гоё юм байна. Хамгийн гоё нь тодруулагч.
– Энэ гоё зүйлүүдийг өгсөн газарт юу гэж хэлмээр байна?
– Хүүхдийг Ивээх Санд баярлалаа.
Г.Итгэл-Очир:Би усны эзэн байсан бол үерийг шууд зогсоочих байсан
– Чамайг хэн гэдэг вэ. Гэр бүлийнхээ хүмүүсийг танилцуулна уу?
– Намайг Г.Итгэл-Очир гэдэг. Би 6 настай, 127-р сургуулийн 1-р ангид сурдаг. Би гэртээ аав, ээж, эгч, ах, дүүтэйгээ зургуулаа амьдардаг.
– Үер буусны дараа танай гэрийнхэнд хэцүү байсан уу?
– Манай гэрт ус ороод зурагтыг шатаачихсан. Хажуу, хойд талын айлынхан бидэнд тусалсан. Би лав усны эзэн байсан бол үерийг шууд зогсоочих байсан. Манай аав, ээж хоёр бид нарт зүгээр зүгээр гэж хэлсэн. Аавын талын хамаатны нэг нь ирж, бидэнд тусалсан. Өмнө нь үер болж, зуслангийн байшингууд урсаж байгааг зурагтаар харсан. Гэхдээ тэр үед нь манай гэр эвдрээгүй байсан юм.
– Үер аймаар санагдсан уу?
– Надад аймаар санагдсан. Миний тоглоомууд урсчихсан. Надад хэцүү байсан. Яагаад гэвэл айлд зөндөө олон хоносон.
– Чамд сая хүмүүс юу юу өгсөн бэ. Чи цүнхэнд байгаа хичээлийн хэрэгслийг үзэж амжсан уу?
– Бидэнд шинэ цүнх, хичээлийн хэрэгсэл, гутал, дүрэмт хувцас өгсөн. Өгсөн хүмүүст баярлалаа.