Хувь хүний ур чадварыг үнэлэх арга зүйд суралцаж байна
Хүүхдийг Ивээх Сангаас хувь хүний ур чадварыг үнэлэх психометрик арга зүйн сургалтыг 2023 оны 9 дүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотод Блю Скай зочид буудлын Jade танхимд зохион байгуулж байна. Монголдоо шинэлэг энэхүү сургалт нь хүүхэд, залуусын хувь хүний ур чадварыг хэмжих үнэлгээний үндсэн аргуудын талаарх мэдлэг, ойлголтыг олгож, энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.
Хүүхдийг Ивээх Сангийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай сургалтыг нээж хэлэхдээ, “Та бүхэн энэ сургалтаар зөөлөн ур чадварыг хэрхэн үнэлэх, ямар аргачлал байдаг талаар танилцах болно. Энэ чиглэлийн арга зүй, туршлага манай улсад бага байдаг учраас гадаадын мэргэжилтнүүдээс суралцах хэрэгцээ шаардлага бий” хэмээн дурдлаа.
Мөн Боловсролын үнэлгээний төвийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц сургалтын ач холбогдлын талаар “Бид зөөлөн ур чадвар эзэмшсэн гэдгийг юугаар илрүүлж, хэрхэн хэмжээсжүүлэх вэ гэдгийг судлах, шинжлэх ажлууд тасралтгүй хийж байгаа. Энэ сургалт зөөлөн ур чадварыг үнэлэх арга зүй дээр төвлөрөх учраас маш их ач холбогдолтой, эрэлт хангасан агуулга юм” гэж ярилаа.
Сургалтыг Дэлхийн Банкны Зөвлөх, Ахлах эдийн засагч Кожи Мияамото, Төслийн Психометрикийн үндэсний зөвлөх, МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Х.Сайнсанаа нар удирдан явуулж байна.
Сургалтаар нийгэм, сэтгэл хөдлөлийн ур чадвар буюу хувь хүний ур чадварыг үнэлэхийн үндсэн ач холбогдол, үнэлгээг хийх арга зүй, үүнд ашиглагддаг арга хэрэгсэл болон тухайн арга хэрэгсэл тус бүрийн давуу болон сул талуудыг хэлэлцэнэ. Мөн үнэлгээ хийхэд ашигладаг түгээмэл арга хэрэгслүүдийг танилцуулахын зэрэгцээ тэдгээрт харьцуулалт хийж, олон улсын сайн туршлага болон холбогдох судалгаа шинжилгээний бодит жишээнүүдийг судална. Түүнчлэн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд хийсэн эцсийн үр нөлөөний үнэлгээний туршилтын судалгааны арга зүй болон хэрэгслүүд, тэдгээрийг баталгаажуулсан процесс, үр дүн, уг арга хэрэгслүүдийг ашиглан туршилтын судалгаа хийсэн мэдээллүүдээ хуваалцаж байна.
Сургалтад “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ажилтнууд, МУБИС-ийн судлаачид, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд, төслийн ESEL хөтөлбөрийн зөвлөхүүд зэрэг 45 хүн хамрагдаж, батламж авах юм.