Үерт өртсөн өрхүүдэд халдваргүйтгэлийн бодис өглөө

– Хүүхдийг Ивээх Сан үерийн гамшигт өртсөн гэр бүл, хүүхдүүдэд туслах төсөл хэрэгжүүлж байна –

Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй үерийн гамшигт өртсөн Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхдүүдэд туслах төслийн хүрээнд 250 өрхөд ахуйн халдваргүйтгэлийн бодис өгөх үйл ажиллагаа 2023 оны 9 дүгээр сарын 15-нд Баянзүрх дүүргийн 21-р хорооны Иргэний танхимд боллоо. Энэ үеэр Хүүхдийг Ивээх Сангийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Өнөөдөр үерт өртсөн гэр бүл, хүүхдүүдэд туслах төслийн дараагийн тусламжаа хүргэж байна. Бид хичээлийн жил эхлэхийн өмнө 200 гаруй хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамирын гутал, цүнх, хичээлийн хэрэгсэл өгсөн. Энэ удаа үерт өртсөн өрхүүдэд халдваргүйтгэлийн бодис өгч байна” гэж ярилаа.

Үерийн улмаас нүхэн жорлонгийн бохир тэлж, хальснаар халдварт өвчин тархах эрсдэл нэмэгддэг. Ахуйн халдваргүйтгэлийн “Жига” хэмээх эко байгалийн гаралтай халдваргүйжүүлэх уусмал бөгөөд энэхүү бактери нь нүхэн жорлонгийн үнэрийг 7-10 хоногийн хугацаанд дарахаас гадна органик нэгдлийг задалж, лагийн хэмжээг 60 хүртэлх хувиар багасгадаг аж. Өрхийн нүхэн жорлон болон үерийн улмаас хальсан, бохирдсон гудамж талбайд хэрэглэдэг. Ахуйн халдваргүйтгэлийн “Жига”бодисыг үйлдвэрлэгч “Био-Ундрага” ХХК-ийн захирал Б.Цэрэнчимэд “Үерийн дараа айлуудын жорлон халиад эргэн тойрондоо нянгийн бохирдолтой болдог. “Жига” нь өвчин үүсгэгч нян бактерийг дарангуйлж, устгана. Хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй. Химийн бодис биш. Хэрэглэх арга нь энгийн” хэмээн бүтээгдэхүүний онцлог, давуу талаа танилцуулав.

Энэхүү тусламжийн эхний хэсгээр 2023 оны 8 дугаар сарын 31-нд сургуулийн насны 200 гаруй хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамирын гутал, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд цүнх, хичээлийн хэрэгсэл, гэртээ хүмүүжиж буй сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд төрөл бүрийн тоглоомууд болон үлгэрийн ном өгсөн юм.