Сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжүүлэгчид туршлагаа солилцлоо
Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслөөс сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжүүлж буй сургуулиудын туршлага солилцох семинарыг 2023 оны 9 дүгээр сарын 17-20-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Ерөнхий боловсролын сургууль дээр зохион байгууллаа.
Хүүхдийг Ивээх Сангийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай семинарын нээлтийн үгэндээ “Таван аймгийн 5 сургууль дээр хэрэгжиж байгаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд “Сургуульд суурилсан энтерпрайз” санаачилга Монголд амжилттай хэрэгжиж байна. Эдгээр энтерпрайзууд амжилттай болж, ирээдүйд Монголын олон сургуульд хэрэгжих болов уу гэж найдаж байна” хэмээн онцоллоо.
Сүхбаатар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Л.Байгалмаа хэлсэн үгэндээ “Сургуульд суурилсан энтерпрайз нь сургуулиудад өөрийн орлогыг бий болгох, хүүхэд, залуучуудад ажил хөдөлмөрийн гараагаа эхлэх, мэргэжлийн чиг баримжаа олгоход хэрэгтэй гэдгийг үзүүлэх, туршлагаа бодитоор түгээн дэлгэрүүлэх боломж олгосон” гэж үгэндээ дурдав.
Энэ үеэр мөн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн менежер Ё.Нямдаваа сургуульд суурилсан энтерпайз туршилтын төслөө танилцуулав.
Энэхүү туршлага солилцох семинар сургуульд суурилсан энтерпрайз (ССЭ) хэрэгжүүлж буй сургуулиуд туршлага, сургамжаа нэгтгэн дүгнэж, харилцан суралцах, энэ төслийн хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, цаашдын төлөвлөгөөг гаргах, төслийн талаарх нэгдсэн ойлголтыг оролцогч талуудад өгөх, олон нийтэд түгээх, тогтвортой байдлыг хангахад талуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой байв.
Туршлагаа хуваалцаж буй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ЕБС-ийн захирал Д.Нандинцэцэг “Манай сургууль технологийн хичээлээр сурагчдад болон өсвөр үеийнхэнд энтрепренершип боловсрол олгох сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжүүлж байна. Энэ туршлагыг маань судалж бусдад түгээгээсэй, сургууль дээрээ туршиж үзээсэй гэж бодож байна” хэмээн ярьж байлаа.
Семинарт Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газрын төлөөллүүд, зорилтот 5 аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нар, Хүүхдийг Ивээх Сангийн суурин төлөөлөгч, төслийн багийнхан, ССЭ хэрэгжиж буй 5 сургуулийн захирал, төсөл хариуцсан багш, бизнес коучүүд, зөвлөхүүд зэрэг нийт оролцогчид 40 гаруй хүн оролцлоо.
Семинарын дүгнэлтийн уулзалт 9 дүгээр сарын 20-нд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт суманд болж, Боловсролын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Д.Энхтулга сургуульд суурилсан энтерпрайз (ССЭ) нь сургуулийн менежментийн хүрээнд хэрэгжих бүрэн боломжтой гэж дүгнэлээ.