Үерийн гамшигт өртсөн хүүхдүүдэд мультивитамин өглөө
Улаанбаатар хотод 2023 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүчтэй аадар бороо орж, Баянзүрх дүүргийн 21, 27 болон 29-р хорооны олон айл өрх үерт өртсөн юм. Хүүхдийг Ивээх Сан үерийн гамшигт өртсөн гэр бүл, хүүхдүүдэд туслах төсөл хэрэгжүүлж, тусламжуудаа хүргэсээр байна.
Хүүхдийг Ивээх Сан хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийнхөө хүрээнд хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн улирлын томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгддэгтэй холбогдуулан үерийн гамшигт өртсөн 200 гаруй хүүхдийн витаминжуулалтийг эхлүүллээ. Витаминжуулалтын хүрээнд хүүхдийн насны бүлэгт тохируулан хоёр төрлийн мультивитаминыг тараагаад байна. 0-3 насны хүүхдүүдэд өгсөн мультивитамин нь кальциар баяжуулсан, сагамхай загасны тос, куркума болон гүзээлзгэний шүүс агуулсан хүүхдийн эрүүл өсөлтийг дэмжиж, биеийн эсэргүүцлийг сайжруулах үйлчилгээтэй юм. Харин 4-18 насны хүүхдүүдэд зориулагдсан мультивитамин нь Швейцар улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд А, Е, С, В6 Д3 болон Тиамин В1, Витамин В12, Биотин, Иодин амин дэмүүд болон маалингын тос агуулагдсан юм. Тус мультивитамин нь хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадвар болон өсөлт хөгжилтөнд мөн эерэг нөлөөтэй юм.
Хүүхдийг Ивээх Сангийн Эрүүл мэндийн төслийн ажилтан Б.Номин хүүхдүүдэд яагаад мультивитамин өгсөн талаар “Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлж байгаатай холбогдуулан үерт өртсөн өрхийн 0-18 насны 278 хүүхдийг витаминжуулахаар үйл ажиллагааг эхлүүлсэн. Ингэснээр бага насны хүүхдийг амин дэмжүүлснээр архаг, суурь өвчлөлийг бууруулж, томуу, томуу төст өвчлөлийн хүндрэлийг бага ч боловуу бууруулж чадах юм. Энэ нь үерт өртсөн өрхийн санхүүд нэмэр болоод зогсохгүй, эцэг эх, асран халамжлагч нар маань бусад асуудлууддаа төвлөрөхөд дэмжлэг болох боловуу гэж бодож байна” хэмээн ярилаа.
Хүүхдийг Ивээх Сан тусламжийн төслөөрөө сургуулийн насны хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамирын спорт гутал, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд цүнх, хичээлийн хэрэгсэл, гутал, гэртээ хүмүүжиж буй сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд төрөл бүрийн тоглоомууд болон үлгэрийн ном, гутал, гэр бүлүүдэд халдваргүйтгэлийн бодис өгч, “Хүүхдэд үзүүлэх сэтгэлзүйн анхны тусламж” сургалтыг хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгсдэд болон хүүхдүүдэд зориулан тус тус зохион байгуулсан юм.
Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн төслийг Олон улсын Хүүхдийг Ивээх Сангийн “СИЙД” хүмүүнлэгийн сан, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сан, Японы Хүүхдийг Ивээх Сан санхүүжүүлж байгаа юм.