Бага, дунд ангийн багш нарыг “Тэгш хамруулах боловсрол” модуль сургалтад хамруулж байна
“Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн хүрээнд “Тэгш хамруулах боловсрол” сэдэвт 3 модуль сургалтууд 2023 оны 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 15-ны хооронд Улаанбаатар хот болон Өвөрхангай, Ховд аймгийн зорилтот сургуулиуд дээр явагдаж байна. 4-9 дүгээр ангийн багш нарыг хамруулж буй тус сургалтаар сургалтын модулиудын шинэчилсэн агуулгатай танилцах, арга зүйн мэдлэгээ бататгах, харилцан туршлагаа солилцох юм.
2023 оны аравдугаар сарын 6-нд хүүхэд бүрийг сурч хөгжих тэгш боломжоор хангахад эцэг эх, олон нийт, сургуулийн ажилтнуудын мэдлэг ойлголтыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, сургууль дээр тэгш хамруулах соёлыг бий болгоход туслах зорилготой “Хүүхдийн сурах үйл явцад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх арга зүй” модуль сургалтыг Чингэлтэй дүүргийн 39-р сургууль дээр зохион байгууллаа.
Уг сургалтыг удирдан явуулсан 39-р сургуулийн Нийгмийн ажилтан М.Батхишиг: “Манай сургуулийн 4-9 дүгээр ангийн 50 гаруй багш гуравдугаар модуль сургалтад хамрагдаж байна. Эцэг эхийг хүүхдийн суралцах үйл явцад татан оролцуулах, дэмжих, нөлөөлөх тал дээр голчилж авч үзэж байна. Хүүхдийг үйл ажиллагаа болон хичээлд хэрхэн тэгш хамран хүртээмжтэй оролцуулах вэ гэдэг агуулга маш чухал. Төсөл хэрэгжсэнтэй холбогдуулан манай сургууль дээр бага ангийн багш нар тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүй эзэмшиж, туршлага хуримтлуулсан байсан. Харин дунд ангийн багш нар маань аутизмтай, сонсголын бэрхшээлтэй, эсвэл оюуны чадамж өндөр хүүхэдтэй ганцаарчлан ажиллах, дэмжих, тулж харилцах талаар арга зүйтэй болж байна. Багш, эцэг эхчүүд илүү сайн ойлголцож, сургууль дээрх тэгш хамруулах үйл ажиллагаанууд маань үр дүнтэй болж эхэлсэн.” гэсэн юм.
39-р сургуулийн Түүх, нийгмийн багш Н.Сүрэн сургалтад хамрагдсаны дараа сурагчдынхаа зан төрхийг илрүүлэх сорилыг авч, баруун зүүн тархийг нь хөгжүүлэх дээр илүүтэй анхаарна гэж ярилаа. Ингэснээр тусгай хэрэгцээтэй, суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдээ тодорхойлж, тэдэнтэй тулж ажиллах, сурлага, нийгэмшлийг нь сайжруулах боломж бүрдэнэ гэж тэрээр үзэж байгаа юм.
Япон Улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлдэг тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл нь 2018 оноос хойш 39-р сургууль дээр хэрэгжиж байгаа бөгөөд тус сургууль дээр олон сайшаалтай үр дүнгүүд бий болсон талаар сургуулийн Дунд ангийн сургалтын менежер Ариунаа ярилаа. “Өмнө нь тэгш хамруулах боловсрол гэхээр зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал гэж ойлгодог байсан бол эцэг эхийн хараа хяналт сул, шашин, үндэс угсаа, соёлын хувьд ялгаатай, суралцахуйн бэрхшээлтэй гээд бүх хүүхэд боловсролд ижил тэгш хамрагдах шаардлагатай гэдгийг манай багш нар ойлгож байна. Тэгш хамруулах боловсрол зайлшгүй зүйл болсон тул манай багш нар энэ талын аргазүй боловсролоо дээшлүүлэх хэрэгцээ шаардлагыг мэдэрч модуль сургалтуудад идэвхтэй сайн хамрагдаж байна.”
Төслийн тухай товч мэдээлэл:
Хүүхдийг Ивээх Сан нь “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-II” төслийг Япон Улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр 2021-2023 онд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Өвөрхангай, Ховд аймгийн зорилтот сургуулиудын бага, дунд ангийн хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахад дэмжлэг үзүүлж байна.
“Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн хүрээнд боловсруулсан ном, гарын авлагуудыг үнэ төлбөргүй татах бол энэхүү холбоосон дээр дарна уу: https://www.savethechildren.mn/mn/post/1226.