Хүүхдийг Ивээх Сан үерийн гамшигт өртсөн 25 айлд таван ханатай иж бүрэн гэр өглөө
-Эдгээр гэрүүд иж бүрэн, таван ханатай, давхар бүрээс, шал, зуухтай юм-
Улаанбаатар хотод 2023 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүчтэй аадар бороо орж, Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хорооны олон айл өрх үерт өртсөн юм. Хүүхдийг Ивээх Сан үерийн гамшигт өртсөн гэр бүл, хүүхдүүдэд туслах төсөл хэрэгжүүлж, тусламжуудаа хүргэсээр байна.
Хүүхдийг Ивээх Сан хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийнхөө хүрээнд Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хорооны 25 өрхөд таван ханатай иж бүрэн гэр 2023 оны 10 дугаар сарын 11-нд өглөө.
Энэ үеэр Хүүхдийг Ивээх Сангийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Хүмүүнлэгийн тусламжаар өмнө нь сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамирын спорт гутал, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд цүнх, хичээлийн хэрэгсэл өгч, сэтгэл зүйн анхны тусламжийн сургалт зохион байгуулсан. Энэ удаа үерт орон гэрээ алдсан, үүнээс шалтгаалан хүүхдүүд нь эцэг, эхээсээ хол байгаа хүндрэлийг арилгах, хүйтний улирал ирж байгаа үед шууд ороод амьдрах боломжтой давхар бүрээстэй, шалтай, зуухтай гэр олгож байна” хэмээн ярилаа.
Тусламжийн гэр нь иж бүрэн, шал, зуухтай төдийгүй хүүхдүүдэд зориулсан ор хөнжил, гудас зэргийг хамтад нь гардуулж өгсөн бөгөөд авсан өрхүүд нь үерт өртөж орон гэргүй болсон, олон хүүхэдтэй, орлого багатай, тусламж дэмжлэг шаардлагатай байсан юм.
Баянзүрх дүүргийн 29-р хорооны иргэн С.Бямбасүрэн “Манайх үерт гэрээ алдсан. Одоо гал түлэх боломжгүй, зуны жижиг байшинд амьдарч байна. Түрээсийн гэр олдохгүй, худалдаж авах гэхээр бэлэн мөнгө байхгүй ийм үед гэр авсандаа их баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцав. Мөн Баянзүрх дүүргийн 21-р хорооны иргэн Ж.Гүрдавга “Манайх ам бүл зургуулаа. Би эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Манай байшин үерт өртөж, амьдрах боломжгүй болсон. Одоо айлын зуны гэр түр бариад амьдарч байна. Гэр авсандаа баяртай байна” гэж ярилаа.
Хүүхдийг Ивээх Сан хүмүүнлэгийн тусламжийн төслөөрөө сургуулийн насны хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамирын гутал, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд цүнх, хичээлийн хэрэгсэл, гэртээ хүмүүжиж буй сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд төрөл бүрийн тоглоомууд болон үлгэрийн ном, гутал, хоёр төрлийн мультивитамин, гэр бүлүүдэд халдваргүйтгэлийн бодис зэрэг бодит тусламжийг гардуулан өгсөн бол цаашид гамшигийн үеиийн бэлэн байдлыг хангах, иргэд олон нийтийг чадавхижуулах, гамшигийн эсрэг хариу арга хэмжээнд бэлэн байхад чиглэсэн “Хүүхдэд үзүүлэх сэтгэлзүйн анхны тусламж” сургалтыг хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгсдэд болон хүүхдүүдэд зориулан тус тус зохион байгуулсан юм. Хүүхдийг Ивээх сан тус тусламжийн хүрээнд дараагийн үйл ажиллагаа болгож “Бүлгийн сэтгэл засал”-ын чиглүүлэх тусламжийг эхлүүлэхээр ажиллаж байна.
Баянзүх дүүргийн 29-р хорооны Засаг дарга Б.Нямдорж “Бид тусламжийн төсөл хэрэгжүүлж байгаа Хүүхдийг Ивээх Сангийнхантай хамтран ажиллалаа. Тэдний харьцаа, хандлага нь сайн байлаа. Бүх ажил дээрээ сэтгэлээсаа хандаж, айл бүрээр биечлэн очиж, саналыг нь сонсож байсан. Бид зөвлөлдөн, хамтран ажиллаж, төслөө амжилттай хэрэгжүүллээ” хэмээн ярилаа.
Энэхүү тусламжийг Олон улсын Хүүхдийг Ивээх Сангийн “СИЙД” хүмүүнлэгийн сан, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сан, Японы Хүүхдийг Ивээх Сан хамтдаа 110 мянган ам.доллар буюу 380 сая төгрөгөөр санхүүжүүлж байна.