Орон нутгийн тэгш хамруулах боловсролын бодлого боловсруулагч, сургуулийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт явагдлаа
“Хүүхэд бүрийг Боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн хүрээнд орон нутгийн тэгш хамруулах боловсролын бодлого боловсруулагч, сургуулийн удирдах ажилтнуудад зориулсан сургалтыг Өвөрхангай, Ховд аймагт 2023 оны 9 дүгээр сарын 25, 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд тус тус зохион байгууллаа. Сургалтад эдгээр зорилтот аймгуудын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлууд, аймгийн ЗДТГ-ын холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 24 хүн оролцлоо.
Сургалтад оролцогчид тэгш хамруулах боловсролын үзэл санаа, удирдах ажилтны манлайлал, байгууллагад тэгш боломжтой орчин бүрдүүлэх, бодлогын нөлөөлөл, орон нутгийн боловcролын бодлого төлөвлөлт сэдвүүдийн хүрээнд шинэ мэдлэг мэдээлэлтэй танилцаж, төлөвлөлтийн дадлага ажлыг орон нутгийн жишээн дээр тулгуурлаж хийлээ. Энэхүү сургалт практик ач холбогдолтой болсон тул тус тусын сургууль, байгууллага дээрээ зохион байгуулах болно хэмээн оролцогчид ярьж байлаа.
Төслийн тухай товч мэдээлэл:
Хүүхдийг Ивээх Сан нь “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-II” төслийг Япон Улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр 2021-2023 онд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Өвөрхангай, Ховд аймгийн зорилтот сургуулиудын бага, дунд ангийн хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахад дэмжлэг үзүүлж байна.