Хүүхдийг Ивээх Сан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамгаалах төсөл хэрэгжүүлж байна
–“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс хамгаалах, аюулгүй байдлаа хангах чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төсөл нь Шинэ Зеланд УлсыН Элчин Сайдын Яамны санхүүжилтээр 2023-2024 онд Улаанбаатар хот болон Өвөрхангай аймагт хэрэгжиж байна.-
Хүүхдийн Эрхийн тухай Конвенц болон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхэд “хөгжих бололцоогоор дээд зэргээр хангагдах эрхтэй” болохыг заасан. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамгаалах, мэдээллээр хангах, сэтгэл зүй, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ хүртээмжгүй байдаг ба хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн буруу ойлголт, хандлага, ялгаварлан гадуурхалтаас үүдэлтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрэгцээндээ нийцсэн зөвлөгөө, мэдээлэл авч чаддаггүй. Нөгөө талаас буруу ойлголт, эргэлзээтэй мэдээлэл нь аливаа хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлэх талтай байдаг. Хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн буюу өртөх эрсдэл байгаа тухай насанд хүрэгчдэд мэдээлсэн ч тэд зохих дэмжлэгийг үзүүлж чаддаггүй байна.
Иймд Шинэ Зеланд Улсын Элчин Сайдын Яамны Сангийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бэлгийн хүчирхийллээс өөрийгөө хамгаалах аргад суралцахад нь дэмжлэг үзүүлэх; хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд учирч болзошгүй бэлгийн хүчирхийллийн эрсдэл, үр дагавраас сэргийлэх, тэдгээрийг бууруулахад зохих заавар, дэмжлэг үзүүлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчид, боловсролын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах зорилготойгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс хамгаалах, аюулгүй байдлаа хангах чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төслийг 2023 оны 1 дүгээр сараас 2024 оны 1 дүгээр сар хүртэл хэрэгжүүлж байна. Төсөлд Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 79, 65 дугаар сургууль, эдгээр дүүргийн Насан туршийн боловсролын төвүүд болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, аймгийн Насан туршийн боловсролын төв, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо хамрагдаж байна.
Хүний эрхийн тухай мэдлэг ойлголттой болох, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэдгээрийн эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх арга, эрүүл мэнд, нөхөн үржихүйн, ялангуяа бэлгийн цогц боловсролтой болох нь чухал тул хүүхдийн үндсэн эрх, хамгаалал, эрхийн зөрчил буюу хүчирхийллийн хэлбэрүүд, шилжилтийн насны онцлог, нөхөн үржихүйн эрүүл мэнд, цахим орчны аюулгүй байдлын тухай мэдээллийг багтаасан, хүүхдүүдэд болон томчуудад зориулсан хоёр янзын гарын авлагыг төслийн хүрээнд боловсруулав.
Мөн эдгээр гарын авлагад тусгасан арга зүйг багш, эцэг эхчүүд болон хүүхдүүдэд хүргэх сургагч багшийн сургалтыг 2023 оны 8 сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж, төсөлд хамрагдаж буй байгууллагуудын төлөөлөл бүхий 17 хүн сургагч багшаар бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар сургалтаас олж авсан арга зүйдээ тулгуурлан 9 сарын 13-наас 10 сарын 14-ний хооронд өөр өөрийн байгууллагадаа тус сургалтыг багш, эцэг эхчүүд, хүүхдүүдийн төлөөлөлд зохион байгуулав. Энэхүү сургалтад багш, эцэг эхийн төлөөлөл нийт 117 хүн, 70 хүүхэд хамрагдаад байна.
Сургалтын явцад эцэг эхчүүд хүчирхийллийг илүү бие махбодын хүчирхийлэл гэж ойлгодог нь харагдсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд үл хайхрах хүчирхийлэл санаандгүй байдлаар их үйлддэг юм байна гэж өөрсдийгөө дүгнэж байлаа. Харин хүүхдүүдийн хувьд хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэрүүдийг маш ерөнхий мэддэг байсан бол сургалтын явцад энэ талаар ялган таньж, эрсдэлээс хамгаалах аргад суралцсанаа илэрхийлж байлаа.
Багш нарын сэтгэгдлээс:
Энэ сургалт цаг үеэ олсон маш хэрэгтэй, чухал агуулгуудыг багтаасан сургалт боллоо. Бид сурагчдадаа болон өөрийн хүүхдэдээ анхаарах шаардлагатай олон зүйлсийг санууллаа. Цаашид ангийн сурагчид болон багш нартай хамтран энэ чиглэлээр олон ажлуудыг хэрэгжүүлнэ. Энэхүү сургалтыг аймгийн хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн ажилтнуудад зохион байгуулах шаардлагатай сургалт байна гэж бодож суулаа.
Эцэг эхийн сэтгэгдлээс:
Бид ажил ажил гэсээр хүүхдэдээ хандуулах анхаарал, халамж маш муу байгааг энэхүү сургалтаас анзаарч харлаа. Өсвөр насны хүүхэдтэй д, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд бид энэ тал дээр онцгой анхаарах шаардлагатай байдаг. Тусгай хэрэгцээт хүүхэд эрсдэлд өртөх магадлал өндөр байж болзошгүй. Учир нь хүүхэд онцлог хэрэгцээнээсээ шалтгаалан өөрийгөө эрсдэлд орж байгаа гэдгээ бусдад илэрхийлэх чадвар сул, дутмаг учраас энэ төслөөр маш хэрэгтэй чухал сэдвийг анзаарч харж, хэрэгжүүлж байгаад маш их баяртай байна.
Цаашид зорилтот сургуулиуд сурагчдаар дамжуулан ангийн найзууддаа сургалтаар мэдсэн сурсан зүйлээ түгээн дэлгэрүүлж, анги удирдсан багш нартайгаа хамтраад ангийн ажлын цаг дээрээ сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бол Насан туршийн төвүүдийн хувьд анги удирдсан багш нар ангийн нийт эцэг эхчүүдийг хамруулсан сургалтыг зохион байгуулж, түгээн дэлгэрүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны хувьд ч гэсэн хүүхэд, эцэг эхчүүдэд сургалтын агуулгаа цаашид улам хялбаршуулж, цуврал байдлаар хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.