Олон улсын сэтгүүлчид Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтийг сурвалжилж байна
Олон улсын сэтгүүлчид Хүүхдийг Ивээх Сангийн урилгаар 2023 оны 10 дугаар сарын 21-28-нд манай улсад ирж, мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэж байна. Сэтгүүлчдийн багийнхан Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагаа болон Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Сант, Уянга, Хархорин сумууд, Улаанбаатар хотын Баянхошууд хэрэгжиж буй төслүүдтэй танилцах юм.
Хүүхдийг Ивээх Сангийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Бид зөвхөн өөрсдийн үйл ажиллагааг сурталчилах бус, харин уур амьсгалын өөрчлөлт хүмүүсийн амьжиргаанд хэрхэн бодитоор нөлөөлж байгаа, ямар хариу арга хэмжээ авч байгаа, цаашид ямар бодлого баримтлах талаар мэдээ, мэдээлэл түгээх зорилготой. Хүүхдийг Ивээх Сан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх стратеги төлөвлөгөөгөө боловсруулж байна” хэмээн ярилаа.
Олон улсын сэтгүүлчид энэхүү аяллаараа Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагааг таниулахаас гадна уур амьгалын хямралын бодит байдал болох ган гачиг, зудын гамшигт үзэгдлүүд Монголын нүүдэлчдийн амьдралд аюул учруулж байгаа, ган, зудын хоорондох Монголын нүүдэлчдийн соёлыг тээгч малчдын амьдрал гэх мэтийн өргөн сэдвүүдийг хамарч, уур амьсгалын өөрчлөлт бидний амьжиргаанд бодитоор хэрхэн нөлөөлж байгаа, бид хэрхэн хариу арга хэмжээ авч байгаа, цаашид ямар бодлого баримтлах талаар мэдээ мэдээллийг дэлхий нийтэд түгээх зорилготой юм.
Хүүхдийг Ивээх Сан ашгийн бус, өөрсдийн татан төвлөрүүлсэн хөрөнгөөр төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг бөгөөд сэтгүүлчдийн бэлтгэх эдгээр контентоор ашиг олох арилжааны зорилгогүй бөгөөд Монгол Улсад хөрөнгө татахад дэмжлэг үзүүлнэ итгэж байгаа юм.
Хүүхдийг Ивээх Сан хөгжлийн болон хүмүүнлэгийн хосолсон үүрэгтэй бөгөөд 1999 оноос Монгол оронд тохиолдсон зудын болон үерийн гамшгийн нөхцөлд хүмүүнлэгийн яаралтай тусламж, эрт үеийн сэргээн босголт, эрсдэлийг бууруулах чиглэлээр санхүүжилт босгон, зуд, үерийн гамшигт хамгийн хүнд нэрвэгдсэн аймаг, сумд, малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Байгалийн болон хүний аливаа үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг, хямралын сөрөг нөлөө насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдэд илүү хүндээр тусдаг. Иймээс манай байгууллагын хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөр нь гамшиг, хямралд өртсөн эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлд чанартай хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх, болзошгүй гамшигт бэлэн байхад нь туслах зорилготой юм.