Олон улсын сэтгүүлчид уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй нүүдэлч малчдын амьдралыг сурвалжиллаа

-Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагаатай танилцав-

Олон улсын сэтгүүлчид Хүүхдийг Ивээх Сан (ХИС)-гийн үйл ажиллагаатай танилцаж, малчидтай уулзаж ган, зудын гамшигт үзэгдэл, уур амьсгалын өөрчлөлт өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцав. Монголчууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар хариу арга хэмжээ авч байгаа талаар мэдээ, мэдээлэл бэлтгэх зорилгоор ирсэн сэтгүүлчид 2023 оны 10 дугаар сарын 21-28-нд Өвөрхангай аймгийн төв болон сумуудад ажиллаж, орон нутгийн удирдлагатай уулзалт хийж, ХИС-гийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд Өвөрхангай аймгийн Сант, Хархорин суманд Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төсөлд хамрагдсан хүүхдүүдтэй уулзаж, тэдний хийж бүтээсэн бараа, бүтээгдэхүүнийг сонирхов. Мөн Сант сумын малчин Д.Даваадорж, Ц.Ганзориг, Хархорин сумын малчин Л.Жамьяншарав, Б.Баянмөнх нарын гэрээр зочилж, амьдрал ахуйтай нь танилцаж, сүүлийн жилүүдэд хурдасч буй уур амьсгалын өөрчлөлт МАА-д хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцаж, сурвалжлага хийсэн юм.

Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын эвслийн хэвлэл, мэдээлэл хариуцсан захирал Белинда Голдсмит “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал Монголын нүүдэлчин малчдын амьдралд ихээр нөлөөлж байгааг дэлхий нийт төдийлөн сайн мэддэггүй. Олон улсын сэтгүүлчдийн Монголд хийсэн аялал нь энэхүү асуудлын чухлыг ойлгуулах, дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой байлаа. Ялангуяа энэ оны 11 дүгээр сард Дубайд болох уур амьсгалын дээд хэмжээний уулзалтыг угтаж дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ асуудлыг хэлэлцэх нь онцгой ач холбогдолтой юм. Бид Австрали, Их Британи, АНУ зэрэг улсын хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн сэтгүүлчийн хамтаар дөрвөн өдрийн турш хөдөө орон нутгаар явлаа. Аялах явцдаа малчдын өдөр тутмын амьдралтай танилцаж, өөрчлөгдөж буй уур амьсгал нь тэдний уламжлалт ахуй амьдрал, соёлын өвд хэрхэн сорилт болж байгаа болон тэднийг хэрхэн дэмжиж буй талаар ойлголттой болсон. Малын бэлчээр багасаж, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан зуд, шороон болон цасан шуурганы давтамж ихсэж, улмаар малчдын сэтгэл санаа тавгүй байдаг ч хүүхдүүдийнхээ төлөөр итгэл найдвараа алдаагүй талаараа илэн далангуй ярьж, биднийг мах, айргаар дайлах малчин айлуудын зочломтгой байдал үнэхээр гайхалтай байлаа. Өвөрхангай аймаг болон Сант, Хархорин сумууд биднийг талархалтай хүлээж авсан нь тэдний Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддагийн илрэл болов уу” хэмээн ярилаа.

Австралийн Хүүхдийг Ивээх Сангийн хэвлэл, мэдээллийн албаны мэргэжилтэн Жемала Дармади “Хэвлэл, мэдээллийн аялал зохион байгуулах нь аяллын төлөвлөгөө гаргах, ложистик захиргааны ажлуудыг зохицуулах, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх, виз, зөвшөөрлийн асуудлыг шийдэх, уулзалтуудыг зохион байгуулах зэрэг олон сарын ажил, нарийн төлөвлөгөө шаарддаг. Хүүхдийг Ивээх Сангийнхан олон сар зарцуулж, үр бүтээлтэй сайхан аялал зохион байгуулсны үр дүн гарлаа. Аялал амжиллттай болж, сэтгүүлчдээс өндөр үнэлгээ авсанд баяртай байна” хэмээн ярилаа.

 

Хэвлэл, мэдээллийн багийнхан ХИС-гийн хэрэгжүүлсэн “Үерийн гамшигт өртсөн гэр бүл, хүүхдүүдэд туслах төсөл”-д хамрагдаж, тусламж авсан Баянзүрх дүүргийн 21-р хорооны иргэн Ж.Гүрдавгаас ярилцлага авч, “Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх” төслийн залуучуудын хэрэгжүүлсэн төслүүдтэй танилцсан юм. Аяллынхаа талаар Huffpost мэдээллийн агентлагийн ахлах сэтгүүлч Александр Кауфман “Сэтгүүл зүйд хүндэтгэлтэй ханддаг, өөрийн гэсэн арга барилтай төрийн бус байгууллагатай хамтран ажиллах нь ховор л доо. Хүүхдийг Ивээх Сан бидэнд мэргэжлийн дэмжлэг үзүүлэн, орчуулагч гарган өгч, өөрөөр хэлбэл боломжгүй байсан эх сурвалжид хүрэхэд тусалсан. Надад тодорхой хөтөлбөр тулгалгүй өөрөө сурвалжлага, ярилцлагаа чөлөөтэй хийх боломж олгосон юм” гэж сэтгэгдлээ хуваалцав.

ХИС-гийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Дэлхий даяар явагдаж буй цаг уурын өөрчлөлт нь Монгол Улсад хамгийн хүндээр тусч байгаа юм. Хөдөө орон нутгийн иргэд, тэр дундаа малчдын хувьд уламжлалт аргаар амьжиргаагаа авч явахад маш хүнд болж байгаа. Ойр ойрхон болж буй байгалийн гамшигт үзэгдлүүд болон цөлжилт, хуурайшилт зэрэг нь малчдын орлогыг бууруулаад зогсохгүй тэдний гэр бүлийн гишүүд, хүүхдүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, ирээдүйдээ итгэх итгэлд сөргөөр нөлөөлж буй. Ийм цаг үед олон улсын нэр хүндтэй хэвлэл, мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид манай улсад ирж, энэ асуудлаар дэлхий нийтэд мэдээлж буйд маш их талархаж байна” гэлээ.

Сэтгүүлчдийн багт Хүүхдийг Ивээх Сангийн Австрали, Япон болон олон улсын эвслийн хэвлэл мэдээллийн захирал, менежер, ажилтнууд болон АНУ-д төвтэй Huffpost мэдээллийн вэбсайт, Их Британийн “Guardian” сонин, Австралийн ABC News сувгийн сэтгүүлч, зураглаач зэрэг хүмүүс багтжээ.