Хосолсон ESEL сургалтын чиглүүлэгч багш нарыг бэлтгэлээ
Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд хосолсон ESEL сургалтын чиглүүлэгч багш бэлтгэх сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 30-31-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь ESEL хөтөлбөрийн багш нарт хосолсон сургалтын онол, аргазүй, зохион байгуулалтын аргазүйд суралцах, хосолсон сургалтын техник төхөөрөмж, сургалтын удирдлагын системийг ашиглахтай холбоотой заавар, зөвлөгөө өгөх зорилготой байлаа. Сургалтын нээлтэд Боловсролын ерөнхий газрын Насан туршийн боловсролын хэлтсийн дарга Г.Одбаатар оролцож, “Эндээс сурч мэдсэн туршлагаа улсынхаа хэмжээнд бусад сургуулиуд, сургалтын төвүүддээ түгээн дэлгэрүүлэх нь хамгийн чухал байгаа” хэмээн хэлсэн үгэндээ дурдлаа.
Оролцогчдод хандан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн менежер Ё.Нямдаваа “Бид хосолсон ESEL сургалтын арга зүйг бий болгож, Насан туршийн суралцахуйн төв (НТСТ)-үүд дээр хэрэгжүүлж байгаа. Эхний 10 сум дээр 2 удаа сургалтаа амжилттай явуулсан. Өөр сумуудыг хамруулах хүсэлт ирсэн учраас дараагийн 10 сумаа хосолсон сургалтад хамруулах болсондоо баяртай байна” гэж хэлэв.
Энэ үеэр сургалт явуулах 10 сумын Насан туршийн суралцахуйн төв суурин компьютер, принтер, суралцагч бүрийн тоогоор таблет хүлээн авлаа. Хүүхдийг Ивээх Сангийн Мэдээллийн технологийн ажилтан чиглүүлэгч багш нарт төхөөрөмжөө хэрхэн ашиглах талаар болон онлайн болон офлайн орчинд ажиллах сургалтын удирдлагын системтэй холбоотой зааварчилгаа өгөв. Эдгээр таблет нь интерактив сургалт зохион байгуулахад зориулсан техник хангамжийн үзүүлэлттэй бөгөөд сургалтын удирдлага, бүртгэл, аюулгүй байдлыг хангасан программ хангамжаар тоноглогдсон юм.
Ховд аймгийн Үенч сумын багш Д.Ариунбаяр сургалтын үр дүнгийн талаар “Хосолсон сургалт гэж юу болох, сургалтын үйл ажиллагааг хэрхэн төлөвлөх, үнэлгээ хийх, суралцагчдыг идэвхжүүлэх зэрэг олон асуудалд хариулт авч, учирч болох бэрхшээлд гарц олж харсан үр өгөөжтэй сургалтад хамрагдлаа. Багш хүнийхээ хувьд сургалтаас арвин их туршлага хуримтлуулж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Харин Өвөрхангай аймгийн Богд сумын Насан туршийн боловсролын нэгжийн багш Г.Доржнамжим “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төслийн энтрепренершипд суурилсан хувь хүний ур чgдварыг хөгжүүлэх хосолсон сургалтын анги нээж суралцуулах боломж олгосонд баяртай байна. Сумын залуусыг хэзээ ч, хаанаас ч суралцах боломж олгож хосолсон сургалтын тоног төхөөрөмж, арга зүйгээр хангаж байгаа Хүүхдийг Ивээх Санд сумынхаа залуусын өмнөөс талархаж байгаагаа илэрхийльe” гэлээ.
Хосолсон сургалтын чиглүүлэгч багш бэлтгэх сургалтын үр дүн, цаашид явуулах ажлуудын төлөвлөлтөө ярилцаж, гэрчилгээгээ гардууллаа. Сургалтад зорилтот 5 аймгийн НТСТ-ийн захирал, 10 сумын ESEL сургалтын болон НТСТ-ийн багш нар төслийн салбарын ажилтнууд, төслийн Улаанбаатар хотын баг, хамтрагч байгууллагын төлөөллүүд зэрэг 40 хүн оролцлоо.