Чандмань сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин хандивлав

– Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн клубын үйл ажиллагаанд зориулан тоног төхөөрөмж өглөө-

Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй Денан байгууллагатай хамтран 2022 оноос Говь-Алтай аймгийн Чандмань суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөр тус сумын эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, эм тариа авахад дэмжлэг үзүүлж ирлээ.

Энэ удаа Хүүхдийг Ивээх Сан болон Говь-Алтай аймгийн Чандмань сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хамтран сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн шинэ авто машин хандивлаж, 2023 оны 11 дүгээр сарын 1-нд хүлээлгэн өгөв.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол улс дахь менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай автомашин хүлээлгэж өгөх үеэр “Бид өнөөдрөөс яг нэг жилийн өмнө энэ өдөр Чандмань сум дээр шүдний тасгийг 1 их эмчийн орон тоотой байгуулан, хүлээлгэн өгсөн билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд шүдний тасгийн үйл ажиллагаа маш сайн явагдаж, нийт 1078 иргэдэд шүдний үзлэг, эмчилгээ хийжээ. Эдгээр хүмүүсийн 800 орчим нь 18-аас доош насны хүүхдүүд байсан. Түүнчлэн, тус шүдний тасгаар дан ганц Чандмань сумын иргэд биш эргэн тойрны Эрдэнэ, Цогт сум, Баянтоорой тосгон, Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан, Баян-Өндөр зэрэг сумын иргэд үйлчлүүлж, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Та бүхний харж байгаа энэ шинэ автомашин сумын ард иргэдэд эрүүл мэндийн тусламж хүргэхэд бэлэн болж, Хүүхдийг Ивээх Сангаас та бүхэнд өнөөдөр хүлээлгэн өгч буйдаа туйлын баяртай байна. Энэхүү машин нь олон зуун иргэнд эрүүл мэндийн яаралтай тусламж хүргэж, тэдний амь насыг аварна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн хэллээ.

Түргэн тусламжийн автомашин хүлээн авсны дараа Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг дарга Ч.Эрдэнэ-Очир “Сүүлийн хоёр жил сумын эрүүл мэндийн төв түргэн тусламжийн автомашингүй нэлээд хүндрэлтэй байлаа. Төсөв мөнгөний боломж багатай байгаа үед ард иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд зориулан шинэ автомашин өгсөнд их баяртай байна” гэлээ. Мөн Чандмань сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ “Манай эмнэлгийн түргэн тусламжийн автомашин 2021 оноос ашиглах боломжгүй болж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тасалдахгүй хүргэхэд бэрхшээл тулгарсан. Энэ автомашин цаг үеэ олсон чухал хөрөнгө оруулалт болж байна. Ирсэн өдрөөсөө тусламж үйлчилгээнд явж эхэллээ” гэж ярилаа.

Энэ үеэр тус сумын иргэн О.Цогтбаатараас сэтгэгдлийг нь сонсоход “Түргэний шинэ машинтай болсондоо баяртай байна. Манай сумын хүмүүсийн сэтгэл өндөр байгаа. Өмнө нь түргэн тусламжийн машингүй байхад өөрсдөө л боломжоороо зохицуулдаг байсан” гэв.

Мөн энэ өдөр Хүүхдийг Ивээх Сангийн “Денан төсөл”-ийн санхүүлжилтээр Говь-Алтай аймгийн Чандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн клубын үйл ажиллагаанд зориулан тоног төхөөрөмж хандивлав. “Денан төсөл”-өөр сумын эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, эм тариа авахад дэмжлэг үзүүлэх, эмч, ажилтнуудыг сургаж, чадавхжуулахаас гадна сурагчдын дунд эрүүл мэндийн клуб байгуулан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Дашрамд өгүүлэхэд өнгөрсөн 2022 оны 11 дүгээр сард Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Чандмань сумын эрүүл мэндийн төвд шүдний кабинет байгуулан, хүлээлгэн өгсөн юм.