ESEL сургалтаас эхлэлтэй эерэг өөрчлөлтүүд
Монгол орны баруун хязгаар Ховд аймгийн Мөст сум дахь нэгэн бизнесийн түүхийг танилцуулж байна. Гарааны жижиг бизнес дэх сорилт бэрхшээл, алдаа оноо, амжилт ололтыг энэ түүх өгүүлнэ.
“Санхүүгийн хувьд хэн нэгнээс хамааралтай биш болоод ирэхээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, хүчтэй болж байгаа мэт мэдрэмж төрж, бидний мөрөөдөл өдрөөс өдөрт томорч байгаа” хэмээн ярих залуучууд бол Ховд аймгийн Мөст сумын насан туршийн боловсролын төвийн суралцагч, “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн үр шимийг хүртэгч “Ялалт кейк хаус” кофе шопыг ажиллуулдаг Ц.Аззаяа, Б.Галцогт нар юм.
Ц.Аззаяа нөхөр Б.Галцогтын хамтаар төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалт, үйл ажиллагаанд хэрхэн хамрагдаж, хувь хүнд болон амьдралд нь ямар эерэг өөрчлөлт гарч байгаа тухай түүхээ бидэнтэй хуваалцсан юм. Түүний ярьснаар анх Мөст сумын Насан туршийн боловсролын төвийн Б.Нямцэцэг багш хувь хүний ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр гоё сургалт зохион байгуулагдана, хамрагдах хүсэлтээ илгээж болно гэхэд Ц.Аззаяа уриалгахан хүлээн авч, ESEL сургалтын 2021 оны хаврын элсэлтээр суралцаж эхэлсэн байна. Сургалт сонирхолтой, мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй, амьдралд их ойрхон, сургуульд заадаггүй зүйлсийг зааж байсан учраас тэрээр сургалтаа дуусгаад нөхрөө ятгаснаар Б.Галцогт ESEL сургалтын 2022 оны намрын хосолсон ангид суралцаж, тэдний амьдралын эерэг өөрчлөлтүүд эхэлсэн түүхтэй.
Ц.Аззаяа “Нөхөр бид хоёр ESEL сургалтаас сэдэл авч, эрэл хайгуул хийж байх үед буюу 2022 оны 3 дугаар сард Энтрепренер Seeds тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж, “Healthy life” төслөөр оролцон шалгарсан ч шүүгч нарын зүгээс иогийн албан ёсны багшлах эрхтэй болсны дараа төслөө хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Би иогийн багш болж, төслийнхөө гэрээг хийнэ гэж дотроо төсөөлж байсан юм. Гэхдээ иогийн багш болоход сургалтын төлбөр 3 сая байсан тул санхүүгийн боломжоос хамааран суралцаж, гэрээ хийж төслөө хэрэгжүүлж чадаагүй. Гэхдээ бид бууж өгөөгүй” хэмээн анхны тулгарсан бэрхшээлээ ярилаа.
Тэдний гэр бүлийнхэн анхны удаа төслөө хэрэгжүүлж чадаагүй ч дараа зарлагдвал заавал оролцоно, шалгарна, гэрээ хийнэ гэдэг бодолтой болж, өөрийнхөө нөөц боломжид суурилан юу хийж болох вэ гэдгийг хоорондоо ярилцаж, найзтайгаа зөвлөлдөж, анх цалинтай ээжийн 50.000 төгрөгөөр бялууны хэрэгсэл авч, хадам ахынхаа жижиг гэрийг барьж, өдөрт 20-30 ширхэг аяган бялуу хийж сумын дэлгүүрт тавьж, 20,000-30,000 төгрөг олдог ч, хараахан өргөжүүлж чадахгүй байгаа бизнес санаагаараа дараагийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдвал орох талаар ярилцсан байна. Удалгүй 2023 онд Энтрепренер Seeds тэтгэлэгт хөтөлбөр дахин зарлагдаж, хүүгийнхээ нэрээр нэрлэсэн Ylalt cake house төслөөр нөхөр, найзын хамт оролцон, шалгарч, гарааны санхүүжилтээ авч чадсан аж. Төслийн хүрээнд байгуулагдсан сумын зөвлөлөөс тэднийг дэмжин, ажлын байраар хангаж, төслийн гарааны санхүүжилтээ авч, төлөвлөсөн худалдан авалтуудаа хийн, “Ялалт” кофе шопоо нээн ажиллуулж эхлээд байна.
Тэдний хувьд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд зохион байгуулсан хувь хүний ур чадвар нэмэгдүүлэх сургалт болон санхүүгийн дэмжлэг нь сургалтаас олж авсан мэдлэг, ур чадвараа туршин хэрэгжүүлэх боломжийг олгож, бат бэх суурийг цутгаж өгсөн гэж боддог аж. Одоо ямар байшин барих нь өөрсдөөс нь шалтгаалах учраас хичээж ажиллаж байгаа юм. “Ялалт кейк хаус” 2023 оны хүүхдийн баяраар 1 сая орчим төгрөгийн орлого олж, үнэхээр их баярлажээ.
Ц.Аззаяа “Ялалт хүү минь өдрөөс өдөрт өсөж, том болж байгаатай адил бизнес маань ч “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн багийн хамт олон, чиглүүлэгч багш нар, сумын зөвлөлийн дэмжлэгтэйгээр өсөж, өргөжиж байгаад талархаж байна” хэмээн ярьсан юм.