“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн сургагч багш нарыг бэлтгэлээ

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөс сургагч багш бэлтгэх сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 7-9-нд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 51-р сургууль дээр явууллаа.

“Хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, шуурхай тусламж үзүүлэх эрт илрүүлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах арга зүй” сургалт нь сургуулийн орчинд хүүхэд хамгааллын арга хэмжээ авах талаар ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журамд заагдсаны дагуу ажилтнуудын үүрэг, хариуцлага, ур чадвараа сайжруулах, сургуулийн баг болон хамтарсан багийг хамтын ажиллагааны арга зүйд сургах зорилготой юм.

Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Энэ сургалт маань нийслэлийн 10 сургууль, 10 хамтарсан багт хүүхэд хамгаалалд хэрхэн хамтран ажиллах үндсэн арга зүйг хүргэж байгаа бөгөөд цаашид түгээн дэлгэрүүлэх сайн туршлагыг бий болгоход чиглэж, сургууль болон хамтарсан багуудад түгээмэл тохиолддог боловч арга зүй дутдаг байж болзошгүй кэйсүүдэд хэрхэн ажиллах талаар онол практик хосолсон хэлбэрээр явагдаж байгаагаараа онцлогтой юм” хэмээн онцлов.

Энэ удаагийн сургалтад Баянгол Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 10 сургуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд, эдгээр дүүргүүдийн 10 хамтарсан багийн гишүүд хамрагдав.

Нийслэлийн 130-р сургуулийн багш Б.Оюунаран “Маш онцлогтой, үр өгөөжтэй сургалт байлаа. Бидэнд мэдэхгүй өнгөрсөн зүйлүүд их байдаг юм байна. Сурч мэдсэнээ сургууль дээрээ түгээн дэлгэрүүлэх болно” хэмээн ярилаа. Мөн нийслэлийн 75-р сургуулийн Нийгмийн ажилтан Ж.Рэнчиндорж “Гурван өдрийн сургалтад хамрагдлаа. Хүүхэд хамгааллын чиглэлээр онолын мэдлэг, дадлагатай сайн сургалт болж байна. Сурч мэдсэнээ багш нар, эцэг эхчүүдэд дамжуулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ. Бидний ажилд үр өгөөжөө өгнө гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Говь-Алтай, Ховд аймагт 2023 оны 10 дугаар сарын 19-31-нд, Улаанбаатар хотод 2023 оны 11 дүгээр сарын 7-9-нд явагдсан цуврал сургалтад төслийн нийт 14 сургуулийн 154 багш, ажилтан, зорилтот хамтарсан багуудын Засаг дарга, нийгмийн ажилтан 28 хүн нийт 182 хүн хамрагдлаа.

“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл нь Хүүхдийг Ивээх Сангийн Олон Улсын Эвслийн санхүүжилтээр Улаанбаатар хот, Говь-Алтай, Ховд аймагт 2023 оны нэгдүгээр сараас хэрэгжиж байна. Уг төслөөр багш, сургуулийн ажилтнууд, эцэг эхчүүдийг хүүхдийн сурч, хөгжих үйл явцыг хүчирхийллийн бус аргаар хэрхэн дэмжихэд сургах, сургууль болон хамтарсан багийн хамтын ажиллагааг сайжруулан бэхжүүлэх, улмаар эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхэд хамгааллын асуудалд анхаарч, хүүхэд хамгаалалд идэвхтэй оролцдог практик бий болгох юм.