Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд хэрэгжиж буй төслүүдийн үйл ажиллагаа, үр дүнтэй танилцлаа
Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд хэрэгжиж байгаагийн нэг нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум юм. Төслийн удирдах зөвлөлийн гишүүд, хамтрагч талуудын төлөөлөл 2023 оны 11 дүгээр сарын 16-18-нд Сүмбэр суманд хэрэгжиж буй төслүүдийн үйл ажиллагаа, үр дүнтэй танилцлаа.
Эдгээр хүмүүс Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1, 2, 5-р сургууль, Политехник коллеж болон Насан туршийн суралцахуйн төвд хэрэгжиж буй ESEL хөтөлбөр, хүүхэд залуусын хэрэгжүүлж буй бичил төслийн хэрэгжилтийн явц, үр дүн, Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1-р сургуульд хэрэгжиж буй Сургуульд суурилсан энтерпрайз төслийн бизнес загвар, үйл ажиллагаа, хэрэгжилттэй танилцсан юм. Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа “Төслүүдтэй танилцах явцад хүүхдүүдийн хувьд маш том дэвшил гарсан байна. Өөрийгөө илэрхийлэх чадвар, багаар ажиллах, аливаа зүйлийг бие дааж гүйцэтгэх, санаачилах, ажлаа хүнд түгээж, хүргэх чадваруудтай болжээ” хэмээн ярилаа.
Төслийн хэрэгжилтэй газар дээр нь танилцсан албаны хүмүүс төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тогтвортой байдлыг хэрхэн хангах, үндэсний болон салбарын үйл ажиллагаатай уялдуулах боломжийн талаар эрэлхийх зорилготой юм. Говьсүмбэр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга А.Зургаанжин “Хүүхэд, залуусын ирээдүйд маш том өөрчлөлт авчирсан төсөл юм. Манай аймгийн сургалтын байгууллагуудын багш нар, хүүхдүүд идэвх зүтгэлтэй бүтээлч байгаа. Хүүхдүүд бүтээлч, сонирхолтой, инноваци шингэсэн төслүүд санаачилсан. Ихэнх төслүүд энэ төсөл дууссан ч цаашаа үргэлжлүүлээд явах, дараагийн удаа зээл, хөрөнгө оруулалтад хамрагдаж болохуйц байгаа” гэж танилцууллаа.
Уг арга хэмжээнд төслийн удирдах зөвлөлийн гишүүд, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын төлөөлөл, Дэлхийн банкны төлөөлөл, Төслийн менежментийн багийн гишүүд, мөн Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч, Төслийн аймгийн болон сумын зөвлөлийн гишүүд, аймгийн төслийн ажилтан, ESEL хөтөлбөр хэрэгжүүлж буй Ерөнхий боловсролын сургуулиуд, Политехник коллежийн захирал, багш, сурагчдын төлөөлөл, Насан туршийн суралцахуйн төвийн захирал, багш, суралцагчдын төлөөлөл оролцлоо.