Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын чадавхжуулах сургалтад хамрагдлаа

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд бэлгийн хүчирхийлэл хохирогч, даван туулагчдад үйлчилгээ үзүүлж ажилладаг хамтарсан багийн гишүүдэд зориулан хүүхэд хамгааллын чадавхжуулах цогц сургалтыг зохион байгуулж дууслаа.

Төслийн баг, хүүхэд хамгааллын салбарын судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран 11 модуль гарын авлага боловсруулсан юм. Тус модулийн дагуу хүүхэд хамгааллын чадавхжуулах сургалтад төслийн зорилтот 25 хороодын хамтарсан багийн гишүүдэд чиглэсэн 80 цагийн сургалтыг 2023 оны 3 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулж, хамтарсан багийн 125 гишүүдийг чадавхжууллаа.

ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа сургалтын хэрэгцээ, шаардлагын талаар ярихдаа “Цаг үеэ олсон, үр дүнтэй сургалт боллоо. Хохирогчид хэрхэн чанартай үйлчилгээ үзүүлэх талаар онол практик хосолсон, хамгийн гол нь мэдээллийг цогцоор нь олгож чадсан сургалт боллоо гэж дүгнэж байна” гэлээ. Сургалтад хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдлаас эхлээд хамтарсан багийн гишүүдийн өдөр тутмын ажилд нэн хэрэгтэй кэйс менежмент, сэтгэцийн гэмтэл, цаашлаад хувь хүний сэтгэл зүйд чиглэсэн ажлаас халшрах хам шинж, түүнээс сэргийлэх тухай гэх мэт өргөн цар хүрээтэй, өндөр ач холбогдолтой сэдвүүдээр мэргэжлийн багш нар хичээл орсон юм.

“Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн зохицуулагч, сэтгэл зүйч, сургагч багш Э.Жаргал “Хүүхдийг Ивээх Сан сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгөх ур чадварыг нэмэгдүүлэх мэргэжлийн сургалт зохион байгууллаа. Хүн бүрийн нөхцөл байдал, хүүхдийн кэйс бүр харилцан адилгүй байдаг учраас сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хүн өөрөө үргэлж сурч, хөгжиж байх хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ. Тиймээс энэхүү сургалтаар мэргэжилтнүүдэд шууд ажлын байран дээр хэрэглэж болохуйц энгийн арга техникийг заалаа” гэв.

7 сар гаруйн хугацаанд цувралаар орсон сургалтад оролцогчид ч ам сайтай байлаа. Тэд сурсан зүйлээ шууд ажлын байран дээр хэрэгжүүлж, хуримтлуулсан туршлагаа дараагийн сургалтын үеэр бусадтайгаа хуваалцаж, өөрийн болгож байсан нь сургалтын үр дүнг нэмэгдүүлж байсан юм.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нийгмийн ажилтан М.Од-Эрдэнэ “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүй гэмтсэн байдаг. Цуврал сургалтад сууснаар ажлын байран дээр шууд хэрэглэж болох арга зүйг сурсан. Жишээ нь хохирогч хүүхэдтэй харьцахдаа олон асуулт тулгаж асуулгүй, аль болох өөрөөр нь яриулах нь үр дүнтэй. Мөн нийгмийн ажилтан гэдэг супер баатар биш, тиймээс үйлчлүүлэгчдээ амлалт өгч болохгүй. Үүний оронд кэйс менежерээ хийж, зөв холбож зуучлах нь гол үүрэг гэдгийг ойлгосон” гэж сургалтын талаар сэтгэгдлээ хуваалцав.

Ингээд төслийн зорилтот 5 дүүргийн 25 хорооны хамтарсан багийн гишүүдэд зориулсан хүүхэд хамгааллын чадавхжуулах сургалт амжилттай болж, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр оролцогчид сертификатаа гардан авлаа. “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл хэрэгжиж дуусах хүртэл оролцогчдыг тус сургалтаар олж авсан мэдлэг, туршлагаа ажлаа байран дээр хэрэгжүүлэхэд нь зөвлөн тусалж, дэмжлэг үзүүлж ажиллана.