Үерт өртсөн өрхүүдэд хөнжил, гудасны багц, зөөврийн усны сав өглөө


Хүүхдийг Ивээх Сан “Үерийн гамшигт өртсөн Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхдүүдэд туслах төсөл-2023” хэрэгжүүлж байгаа билээ. Улаанбаатар хотод 2023 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүчтэй аадар бороо орж, Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хорооны олон айл өрх үерт өртсөн юм. Төслийн хүрээнд үерийн гамшигт өртсөн эдгээр гэр бүл, хүүхдүүдэд тусламжууд хүргэж байна. 2023 оны 11 дүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хорооны 108 өрхөд 10 хүртэлх насны хүүхдийн хөнжил, гудас, даавуу, дэр бүхий багц, 125 өрхөд хөнжил, 125 өрхөд ус зөөвөрлөх зориулалтын 50 литрийн сав өглөө.
Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны иргэн С. Мөнх-Оргил “Үерт өртөснөөс хойш анхны тусламжийг авч байна. Манайх 4 хүүхэдтэй, ам бүл 6. Гэр үерт автаад, амьдрах боломжгүй болсон тул ээжийндээ амьдарч байна. Цахилгаан бараа, өмсөх хувцас, хөнжил гудас зэрэг бүх эд зүйлээ хэрэглэх боломжгүй болсон. Одоо гэрээ янзлаад тусдаа гарахад тусламжаар авсан хөнжил, гудас, даавуу, усны сав зэрэг их нэмэртэй байна” хэмээн ярилаа.

Мөн Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны иргэн Э. Наранцацрал “Манайх үерийн гамшигт өртөөд сэтгэл санаа болон, эд хөрөнгөөрөө маш их хохирсон айл. Хэцүү үед хүмүүнлэгийн тусламж өгч байгаа та бүхэнд маш их талархаж байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Хүүхдийг Ивээх Сан хүмүүнлэгийн тусламжаар өмнө нь 288 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамирын спорт гутал, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд цүнх, хичээлийн хэрэгсэл, 278 хүүхдэд хоёр төрлийн мультивитамин өгсөн билээ.
Үүнээс гадна Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хорооны 25 өрхөд таван ханатай иж бүрэн гэр, 250 өрхөд ахуйн халдваргүйтгэлийн бодис өгсөн юм.  Түүнчлэн хүүхэд хамгаалын үйлчилгээ үзүүлэгсэд болон хүүхдүүдэд “Хүүхдэд үзүүлэх сэтгэлзүйн анхны тусламж”, үерт өртсөн насанд хүрэгчид, хүүхдүүдэд “Бүлгийн сэтгэл засал” сургалт тус тус зохион байгууллаа.

Энэхүү тусламжийн төслийг Олон улсын Хүүхдийг Ивээх Сангийн “СИЙД” хүмүүнлэгийн сан, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сан, Японы Хүүхдийг Ивээх Сан санхүүжүүлсэн юм.