Цахим орчин дахь охидын эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хүүхдүүд гарц, шийдэл эрэлхийлж байна
– Хүүхэд хамгаалалд хүүхдийн өөрийнх нь оролцоо ч мөн чухал –
Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл, ФАРО сан ТББ-тай хамтран “Нөлөөлье, өөрчилье” сэдвээр өсвөр үеийнхний дунд ХАКАТОН зохион байгууллаа. Гол зорилго нь хүүхдүүд өөрсдөө цахим орчинд тэдэнд ямар аюул, эрсдэлүүд байгааг тодорхойлж, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах арга шийдлийг гаргаж ирж, түүнийг нөлөөллийн ажил болгон хэрэгжүүлэх юм.
“Нөлөөлье, өөрчилье” хакатон 2023 оны 11 дүгээр сарын 6-11-нд Hub Innovation төвд зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Нийт 9 дүүрэг, 12 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 13-17 насны 628 оролцогч бүртгүүлснээс, эхний шатанд 10 баг шалгарсан байна. Шалгарсан багийн оролцогчид хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, цахим орчны аюулгүй байдал, төсөл бичих, илтгэх зэрэг сэдвээр чиглэлийн мэргэжлийн багш, менторуудаас зөвлөгөө, мэдээлэл авч, төслөө боловсруулан 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүгчдэд танилцууллаа.
“Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн удирдагч, Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон тус хакатоны ач холбогдлын талаар “Хүүхдийг Ивээх Сан олон улсад хүүхдийн оролцоог дэмжих арга зүйг хөгжүүлсэн олон жилийн туршлагатай. Хүүхэд санаачлагыг гаргаж, насанд хүрэгсэд тэр санааг нь дэмжин хэрэгжүүлэхэд хамтран ажиллах нь хүүхдийн оролцоог чухал үр дүнд хүргэдэг. Ялангуяа, хүүхэд хамгаалалд бид эрх эдлэгч хүүхдүүдийнхээ үзэл бодлыг сонсож түүнд нь зохих ач холбогдлыг өгч тэдний төлөө хийж байгаа ажилдаа тусгаж байж бодит үр дүнд хүрч чадна. Бидний хамтран зохион байгуулж байгаа хакатоны үйл ажиллагааны гол онцлог нь хүүхэд хамгаалалд бид эрх эдлэгч хүүхдүүдийнхээ үзэл бодол, санал болгож буй шийдлийг сонсон хэрэгжүүлэхэд нь тодорхой дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад оршиж байгаа юм. Тухайлбал, цахим орчин дахь болон цахим орчноос үүдэлтэй хүчирхийллийн шинж тэмдгийг таних, урьдчилан сэргийлж, мэдээлдэг болоход хүүхдийн өөрийнх нь хувь нэмэр юу болохыг тодорхойлж чадсан нь чухал үр дүн байлаа” гэж ярьсан юм.
Хакатон сурагчдын амралтын үеэр зохион байгуулагдсан хэдий ч оролцогчдын идэвх оролцоо маш сайн байсныг зохион байгуулагчид онцоллоо. Мөн түүнчлэн цахим орчны хэрэглээ, орчин үеийн техник технологи дээр ажиллах чадвар, бүтээлч сэтгэлгээ, цаг үетэйгээ зэрэгцэн сэтгэж байгаа нь шүүгч, менторуудын талархлыг хүлээж байсан юм.
Терминал 1.0 үүсгэн байгуулагч, ментор Г.Намхайдорж: Цахим орчны хэрэглээ нэмэгдэх нь дэлхийн хаанаас ч хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авах боломжийг нэмэгдүүлэх ч нөгөө талдаа тодорхой эрсдэлүүдийг дагуулж байдаг. Ялангуяа өсвөр үеийнхэн цахим орчинд дээрэлхэл, хүчирхийлэлд өртөх нь ихсэж байгаа тул хакатоныг цагаа олсон үйл ажиллагаа боллоо гэж бодож байна.
Хүүхэд хамгаалал, тэр дундаа цахим орчинд дахь хүчирхийллийн эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тал дээр хүүхдүүдийн үзэл бодол, харах өнцөг томчууд биднийхээс зарим талаар өөр байлаа. Тиймээс хүүхдүүдэд зориулсан аливаа нөлөөллийн ажилд заавал тэдний үзэл бодол, харах өнцөг, өнгө аясыг шингээх нь мэдээллийг тэдэнд хүргэх зөв гаргалгаа аж.
Хакатоны оролцогч Н.Намуунжаргал: Цахим орчинд ямар нэг хүчирхийлэл, аюул заналхийлэл байвал чимээгүй биш дугардаг, нуудаг биш хэлдэг байя гэж бид үе тэнгийнхэндээ уриалж байна. Зөвхөн томчууд биш, хүүхдүүд ч бас өөрсдийгөө аливаа эрсдэлээс хамгаалахад чухал үүрэгтэй гэж манай багийнхан үзсэн.
6 өдөр үргэлжилсэн хакатоны төгсгөлд Логарифм сургуулийн баг нэгдүгээр байранд шалгарч, төслөө хэрэгжүүлэх боломжтой боллоо. Тэдний дэвшүүлсэн санаан дээр үндэслэн ирэх 12 дугаар сард төслийн багийн зүгээс нөлөөллийн ажил зохион байгуулж, олон нийтийн хүртээл болгох юм.