Хүүхдийг Ивээх Сан өргөмжлөл, талархал, батламж гардаж авлаа

Хүүхдийг Ивээх Сан 2023 оны 8 дугаар сарын 5-нд болсон хүчтэй аадар борооны улмаас үерт өртсөн нийслэлий Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хорооны иргэд, хүүхдүүдэд туслах төсөл хэрэгжүүлсэн билээ. Үерийн гамшигт өртсөн Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхдүүдэд туслах энэхүү төслөөр нийтдээ 1237 хүнд, үүнээс 403 нь хүүхдэд олон төрлийн тусламжуудаа хүргэсэн байна. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлж, хүмүүнлэгийн үйлдсэд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлж, Баянзүрх дүүргээс талархал, Баянзүрх дүүргийн 21-р хорооноос өргөмжлөл олголоо.

Баянзүрх дүүргийн 29-р хорооноос “Хүүхдийн Элч” медаль, батламж гардуулан өгөв. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Баярбат Хүүхдийг Ивээх Санд талархлаа илэрхийлээд “Үерийн тусламж цагаа олж, хүмүүстээ хурдан шуурхай хүрч чадсан. Хүүхдийг Ивээх Сан тусламжийнхаа хэрэгцээг зөв тодорхойлж чадсан байгаа. Тухайлбал, хүүхдүүдэд хичээл эхлэхийн урд өдөр дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, цүнх өгсөн. Энэ нь хүүхдүүд, эцэг эхчүүдэд дэмжлэг болсон” хэмээн ярилаа.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай үерийн төслийг хэрэгжүүлэх үеэр хамтран ажилласан Баянзүрх дүүргийн удирдлагууд болон 21, 27, 29-р хорооны ажилтнуудад талархал дэвшүүллээ. Тэрээр “Хэлж ирдэггүй, хийсч ирдэг байгалийн гамшигт өртөж, гэнэтийн аюулд нэрвэгдсэн иргэдэд туслахад хамтран ажиллаж, тусалсан гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа” гэлээ.

Хүмүүнлэгийн төсөл хэрэгжих явцад 25 айлд 5 ханатай иж бүрэн гэр, 250 өрхөд ахуйн халдваргүйтгэлийн бодис, 108 өрхөд 10 хүртэлх насны хүүхдийн хөнжил, гудас, даавуу, дэр бүхий багц, 125 өрхөд хөнжил, 125 өрхөд ус зөөвөрлөх зориулалтын 50 литрийн сав, 288 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамирын гутал, цүнх, хичээлийн хэрэгсэл, 278 хүүхдүүдэд насанд нь тохируулан  хоёр төрлийн мультивитамин өгсөн байна. Үүнээс гадна “Хүүхдэд үзүүлэх сэтгэлзүйн анхны тусламж” сургалтад 35 хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгчийг, “Сэтгэл зүйн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт”-д 298 хүүхэд хамруулжээ.