Хүүхдийг Ивээх Сангийн 2023 оны онцлох үйл явдлууд

Нэгэн он улиран одож, нэгэн шинэ он үүдээ нээж байна. Хүүхдийг Ивээх Сангийн хувьд 2023 онд хөгжлийн болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдээ эрчимтэй, амжилттай хэрэгжүүлсэн жил байлаа. Хүүхдийг Ивээх Сангийн 2023 оны онцлох үйл явдлуудаас танилцуулж байна.

1. Сургуульд түшиглэж хүүхэд хамгааллыг сайжруулж байна

“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл хэрэгжүүлж эхлэв. Энэхүү төслөөр сургуульд суурилсан хүүхэд хамгааллын механизмыг хөгжүүлснээр үр дүнтэй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх,  хариу арга хэмжээ авах хамтын ажиллагааны загвар бий болгох зорилготой юм. Төсөлд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан баг хамрагдаж байна.

2. Зудад нэрвэгдсэн малчид, малчдын хүүхдүүдэд туслав

Хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөр 321,000 ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүллээ. Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн 22 сумын зудад өртсөн 1,230 малчин өрхөд малын тэжээл, бэлэн мөнгөний тусламж үзүүлэв. Мөн Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн 15 сумын дотуур байранд амьдардаг малчны 1030 хүүхэд болон сумын төвийн айлд амьдардаг малчны 644  хүүхдэд эрүүл ахуйн багц, сэтгэл зүйн анхны тусламжийн гарын авлага, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой зорилтот бүлгийн 300 хүүхдэд дулаан гутал өглөө. Мөн 15 сумын дотуур байр тус бүрд 400 ширхэг хөнжил, гудас, цагаан хэрэгсэл зэрэг зөөлөн эдлэлээр туслав.

3. хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, хандлага, дадлын судалгаа хийлээ

Хүүхдийг Ивээх Сан гийн хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд МMCG судалгааны байгууллагатай хамтран насанд хүрэгчдийн Хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, хандлага, дадлын судалгааг Хүүхдийг Ивээх Сангийн Олон Улсын Эвслийн удирдамжаар анх удаа хийлээ. Судалгааны тайланг “Охидыг хүчирхийлэл мөлжлөгөөс хамгаалах нь”, “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслүүдийн удирдах зөвлөлд танилцуулж, олон нийтэд нээлттэйгээр Хүүхдийг Ивээх Сангийн цахим хуудаснаа байршуулав.

4. Үерт өртсөн иргэд, хүүхдүүдэд туслав

Улаанбаатар хотод 2023 оны 8 дугаар сарын 5-нд хүчтэй аадар бороо орж, Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хорооны иргэд өртөж, эд материал, сэтгэл санааны хохирол амссан байна. Гамшигт өртсөн Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхдүүдэд туслах 110 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлж, нийт 1237 хүнд, үүнээс 403 нь хүүхдэд тусламж хүргэв.  Үүнд 288 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамирын спорт гутал, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд цүнх, хичээлийн хэрэгсэл, 278 хүүхдэд хоёр төрлийн мультивитамин өглөө. Мөн энэ гурван хорооны 25 өрхөд таван ханатай гэр, 108 өрхөд 10 хүртэлх насны хүүхдийн хөнжил, гудас, даавуу, дэр бүхий багц, 125 өрхөд хөнжил, 125 өрхөд ус зөөвөрлөх 50 литрийн сав, 250 өрхөд ахуйн халдваргүйтгэлийн бодисоор туслав. Түүнчлэн хүүхэд, насанд хүрэгчдэд сэтгэлзүйн анхны тусламж болон бүлгийн сэтгэл заслын сургалт явуулав.

5. Мэргэжлийн боловсрол олгох сургалтын үндсэн хөтөлбөрт ESEL багтав

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А-278 тоот тушаалаар “Энтрепренершипт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” (ESEL) сургалт Политехник коллеж, Мэргэжлийн боловсролын сургуулийн Мэргэжлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрийн үндсэн нэг судлагдахуун боллоо. ESEL нь Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төслийн сургалтын хөтөлбөр юм.

6. Гэмтлийн үеийн яаралтай тусламжийн чадавхыг сайжруулав

“Сумдын эмнэлэгт хүүхдийн гэмтлийн үеийн яаралтай тусламжийн чадавхыг сайжруулах, бэхжүүлэх төсөл”-ийг Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Алтай, Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд хэрэгжүүлэв. Төслөөр хөдөө орон нутгийн хүүхдүүдийн гэмтэл бэртлийн үеийн бэлэн байдал, тусламж үйлчилгээг сайжруулах, гэмтлийн шалтгаант нас баралт, өвчлөл, хүндрэлийг бууруулах зорилготой байв. Төслийн хүрээнд осол гэмтлийн үед ашиглах дамнуурга, хүзүү, нуруу, мөчдийн чиг гэх мэтийн нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг иж бүрнээр нь сумдын эрүүл мэндийн төвүүдэд өглөө.

7. Энтрепренер сурагчдын туршлага солилцох үндэсний чуулган болов

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслөөс тэтгэлэг авч бичил төсөл хэрэгжүүлж буй сурагчдын туршлага солилцох үндэсний чуулганыг олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд төсөл хэрэгжиж буй зорилтот сумдын 39 сургууль бүрээс 2 төлөөлөл, нийт 78 хүүхэд, 8 багш оролцсон байна.

8. Олон улсын сэтгүүлчдийн аялал зохион байгуулав

Хүүхдийг Ивээх Сангийн урилгаар олон улсын сэтгүүлчид Монголд ажиллаж, хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ малчидтай уулзаж ган, зудын гамшигт үзэгдэл, уур амьсгалын өөрчлөлт өдөр тутмын амьдралд нь хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлага, сурвалжлага хийв. Сэтгүүлчдийн багт Хүүхдийг Ивээх Сангийн Австрали, Япон болон олон улсын эвслийн хэвлэл мэдээллийн захирал, менежер, ажилтнууд болон АНУ-д төвтэй Huffpost мэдээллийн вэбсайт, Их Британийн “Guardian” сонин, Австралийн ABC News сувгийн сэтгүүлч, зураглаач зэрэг хүмүүс багтав.

9. “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төсөл үр дүн, туршлагаа хуваалцлаа

“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн үр дүн, туршлагыг хуваалцах “Тэгш хамруулах боловсрол” үндэсний семинарыг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Үндэсний семинарт 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн Боловсролын газар, хэлтсийн тэгш хамруулах боловсрол хариуцсан 32 мэргэжилтэн оролцлоо. Семинарт оролцогчид төслийн хүрээнд боловсруулсан сургалтын модуль, гарын авлагуудтай танилцсанаас гадна зорилтот сургуулиудад зочилж төслийн бодит туршлага, үр дүнтэй танилцав.

10. “Чи ганцаараа биш” сошиал нөлөөллийн ажил давхардсан тоогоор 37 сая өсвөр насны охид болон эцэг эх, асран хамгаалагч нарт хүрэв

 Аливаа урьдчилан сэргийлэх мэдээллийг зорилтот бүлэгт хүргэхдээ, тэдний сонирхол, үзэл бодлыг судалсан судалгаанд тулгуурлах нь өндөр үр дүнтэй болохыг “Чи ганцаараа биш” нөлөөллийн ажил харууллаа. Ингэхдээ зорилтот бүлэг тус бүрээр ангилан, охид, эцэг эх, асран хамгаалагч болон мэргэжилтнүүдэд зориулан 3 үе шаттай зохион байгуулж байна.