Мөрөөдөл биелж, ирээдүй тодорсон эхлэл

Сургалтаас эхтэй мэдлэг чадварууд     

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуулийн ахлах ангийн сурагч С.Мөнхжин, Б.Хулан, С.Үйлстөгөлдөр, Б.Пүрэвсүрэн, Г.Намуунцэцэг нар Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL хөтөлбөрт хамрагдаж, “Нэг цэгийн үйлчилгээ” бичил төсөл хэрэгжүүлжээ. Тэд хоёр жилийн өмнө 2,6 сая төгрөгийн санхүүжилтээр шаардлагатай техник, тоног төхөөрөмж худалдан авч, сургууль дээрээ хэвлэлийн бүх төрлийн үйлчилгээ эрхэлсэн юм. Хичээлийн бус цагаар гэрэл зураг авч, угаах, цаасан эхийг хувилж олшруулах, цахимаас цаасан дээр буулгах, үеийнхнийхээ бие даалтыг шивж гаргах, багш нарын хичээлийн төлөвлөгөө, тарааж өгөх материалыг өнгө үзэмжтэй бэлтгэж, хэвлэх зэргээр идэвхийлэн ажиллажээ. Сургуулиас хүүхдүүдийн санаачилга, идэвхийг дэмжин 12 ам.метр талбай бүхий өрөө гаргаж өгсөн нь урам нэмжээ.

“Дунд, ахлах ангийн сурагчид хэвлэлийн үйлчилгээ хайж хол, ойр явахгүй, бүгдийг нэг дороос, сургууль дээрээсээ, төвөг чирэгдэлгүй, хурдан шуурхай, чанартай авдаг болсонд “Нэг цэгийн үйлчилгээ” төслийн ач холбогдол оршиж байна. Манай хүүхдүүд бичил төслийнхөө үр шимээр тодорхой хэмжээний орлоготой болж, санхүүгийн бүртгэл баримт хөтөлж сурснаас гадна мөнгөний үнэ цэнийг мэдэрч ойлгодог болсон” гэж чиглүүлэгч багш Э.Бямбасүрэн сэтгэл дүүрэн ярилаа.  Хүүхдүүд хичээлийн жилийн хэдхэн сард 800.000 төгрөгийн орлоготой ажиллажээ. Төслийн үйл ажиллагааг сургуульдаа сурталчилахын тул фэйсбүүк хуудас нээсэн нь олон дагагчтай болж, маркетинг, зар сурталчилгааны зардлыг хэмнэсэн байна. Өнгөрсөн намар төсөл хэрэгжүүлэгч таван хүүхдийн дөрөв нь оюутан болж нийслэлд ирсэн бол С.Мөнхжин хараахан төгсөх болоогүй тул бизнесээ хариуцан үлджээ. Биднийг оны өмнөхөн зорьж очиход тэрээр том, жижиг олон зураг хэвлэж, өөг нь хайчилж бэлтгээд завгүй байж таарлаа. Жижгэвтэр өрөөнд хүүхдүүд дугаарлаж, чимээ шуугиантайхан, хөлтэйхэн аж. Ажлын сиймхийд нь хэдэн үг солиход С.Мөнхжин даруухан инээмсэглэж, “Хэдийгээр хамтран ажиллагсад маань оюутан болсон ч би хийж буй ажлаа үргэлжлүүлж, доод ангийн нэг хүүхэдтэй баг болон ажиллаж байна. Энэ зургуудын дараа (60 гаруй гэрэл зураг байлаа) 30-аад өргөмжлөл хийж гаргах захиалгатай” гэв. Тэрээр, энэ хичээлийн жилийн эхний хоёр сард 600 гаруй материал хувилсан, 100 гаруй өргөмжлөл, бас бус төрөл бүрийн ажил хийж гүйцэтгэн, 200.000 төгрөгийн орлоготой ажилласнаа хуучлав. “Цагаа зохицуулж сурсан учир хичээлээ цалгардуулалгүй бүхнийг амжуулж байна гэж гэрийнхэн болон багш нар сайшаахад маш их урам ордог” гэж С.Мөнхжин нэмж хэлсэн.

 

Оюуны үр дэлгэрчээ

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL сургалт тус сургуульд зургаан удаа зарлагджээ. Хүүхдүүд уг сургалтад хамрагдсанаар багаар ажиллаж, санаа зорилгоо оновчтой, зөв илэрхийлэх чадвартай болсон байна. Сурвалжлагын баатрууд маань энэ сургалтын үр дүнд төсөл бичиж, хэвлэлийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх санаагаа олжээ. Тэдний төсөл сургуулийнхаа хамгийн анхны бичил төслүүдийн нэг юм. Эдүгээ СЭЗИС-д бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж байгаа, “Нэг цэгийн үйлчилгээ” төслийн багийн гишүүн  Б.Пүрэвсүрэн ESEL сургалтад хамрагдаж бичил төслийн уралдаанд шалгарч, найз нарынхаа хамт амжилттай ажилласнаар мөрөөдлөө өөрчилж, ирээдүйгээ шинээр харах болов. Тэрээр, уг нь эмч болохыг хүсдэг байсан ч одоо бизнесийн чиглэлээр суралцвал амжилтад хүрнэ гэдгээ мэдэрч ойлгожээ. Тиймээс ч сонголтоо эргэлзэлгүй хийсэн байна. Б.Пүрэвсүрэн “ESEL сургалтад хамрагдаж, бичил төсөл хэрэгжүүлснээр хамгийн чухал нь багаар ажиллаж сурсан. Аливаад эмх цэгцтэй, дараалалтай хандах, манлайлах чадвартай болсон. Манай ангид “Төслийн менежмент” сэдвийн хичээл 3-р курсээс орох төлөвлөгөөтэй юм билээ. Харин би энэ хичээлийг урьдчилаад “судалчихсан” тул илүү боломжтой гэж бодож байгаа. Төсөл хэрхэн бичих талаар сургаж зааварласан, ивээн тэтгэж, биднийг бүх талаар дэмжсэн Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонд болон сургуулийн захиргаа, багш нартаа баярлаж, талархдаг” гэж өгүүллээ.

МУИС-ийн оюутан Г.Намуунцэцэг ESEL сургалтаас олж авсан мэдлэг, тэр мэдлэгээ амьдралд хэрэгжүүлж туршлагажсан “Нэг цэгийн үйлчилгээ” бичил төслийн ачаар өнөөдөр тун амжилттай суралцаж байгаагаа онцлов. Тухайлбал, оюутны суралцах үйл явцын 80 хувь нь бие даалт учир нэгэнт хуримтлуулсан туршлага, мэдлэгтээ тулгуурлан семинарын хичээл, даалгавраа үр дүнтэй хийж гүйцэтгэж байгаа ажээ. Г.Намуунцэцэг их сургуулиа төгсөөд нутагтаа очиж мэргэжлээрээ ажиллах хүсэл эрмэлзлэлтэй гэдгээ хэлсэн. Тэрээр “Хөдөөгийн хүүхдүүдэд аливаа төсөл хөтөлбөрийн үзүүлж буй үр нөлөө маш их, учир нь, хөдөөгийн сурагчдыг нэмэлтээр хөгжүүлж байж бид хотын болон бусад газрын хүүхдүүдтэй хөл нийлэн алхах боломжтой. Тиймээс аливаа төсөл, хөтөлбөрийг сумын сургуульд хэрэгжүүлэх нь маш их үр дүнтэй” хэмээн ярилаа.

АШУҮИС-ийн оюутан Б.Хулан ESEL сургалтад хамрагдаж, “Нэг цэгийн үйлчилгээ” бичил төсөл хэрэгжүүлснээр хувийн санхүүгээ зохицуулж, багаар ажиллаж, аливаад эмх цэгцтэй хандаж сурсан гэдгээ онцлов. “Энэ чадвар бол хэн ч, хэзээ ч булааж чадахгүй миний “өмч” юм” гэж тэрээр бардам хэллээ.  Б.Хулан багийнхаа орлого, зарлагыг гардан хөтөлдөг байжээ. “Их, бага нь хамаагүй, байгаа мөнгөө үр дүнтэй зарцуулах л санхүүгийн зөв боловсрол гэж ойлгосон. Би эм зүйч мэргэжлээр төгсөөд томоохон эмийн сантай болно. Хувийн бизнесээ амжилттай цэцэглүүлж чадна” гэж Б.Хулан итгэлтэй хэлэв.

 

Бидний уулзсан нэг багийн андууд бүгд л Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонд болон тус сургалтыг чиглүүлсэн багш нартаа талархаж явдгаа уламжлахыг хүссэн. Мөн сургуульдаа төслөө хэрэгжүүлж үлдсэн Б.Мөнхжин сурагч 2023 оны Завхан аймгийн шилдэг Энтрепренер сурагчийн шагнал хүртсэн баярт үйл явдал болсон байна.

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL хөтөлбөр энэ мэтээр ахлах ангийн хүүхдүүдийн далдын хүсэл мөрөөдлийг асааж, итгэлээр жигүүрлэн, амжилтын оргил өөд замнах замыг гэрэлтүүлж байна. Хүүхдийг Ивээх Сан өсвөр үеийнхний ухамсарт сэтгэлгээнд “оюуны үр” тарьсан нь төсөөлснөөс ч илүү хурдан урган нахиалж байгааг энэ жишээнээс харж болох билээ. Хүүхдүүд маань гэрэлт ирээдүйгээ эхэллээ. Тэднийг гялалзсан амжилт, нүргэлсэн ажил хөдөлмөр хүлээж байгаа билээ.

Амжилтын түүх бичсэн Завхан салбар зохицуулагч П.Дөлгөөн