“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хэрэгжилтэд Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн “Тэгш хамран сургах боловсрол”, “Сургуулийн үдийн хоол” бүрэлдэхүүн хэсэгт хамрагдаж буй ерөнхий боловсролын 63 сургуулиас түүвэрлэн Архангай, Булган, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс аймгийн зорилтот 18 сургуульд төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнг тооцож санхүүжүүлэгч байгууллагад тайлагнах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилгоор төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг 2023 оны 12 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд БШУЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд 2024 оны 1 дүгээр сарын 9-нд төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын дүгнэлтийг яамны удирдлагуудад танилцуулав.

Төслийн “Тэгш хамран сургах боловсрол” бүрэлдэхүүнд хамрагдсан сургууль бүр “Хүүхдийн хөгжлийг дэмжих танхим”-ыг шинээр байгуулж, төслөөс нийлүүлсэн хэрэглэгдэхүүн, тавилга, тоног төхөөрөмжөөр тохижуулсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төдийгүй ердийн сурагчдад ч хичээлээ хийх тухтай орчинг бүрдүүлжээ гэж үзжээ.

Мөн “Сургуулийн үдийн хоол” бүрэлдэхүүний хүрээнд тэтгэлэгт, хөрвүүлэх сургалтад хамрагдан “Хоолзүйч”-ийн бакалаврын зэрэг эзэмшсэн мэргэжлийн хоолзүйчид гэрээт ерөнхий боловсролын сургуульдаа ажиллан, баримт бичгийг хөтлөлтийг сайжруулж, хүүхдийн өсөлт, эрүүл мэндэд анхааран, хоолны нэр төрөл, амт, чанарыг нэмэгдүүлсэн зэрэг олон ажлыг хийсэн байна.

   

Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг үндэслэн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс 2024 онд дараахь үйл ажиллагааг зохион байгуулах нь зүйтэй гэж дүгнэжээ. Үүнд: Нэгдүгээрт, Дунд ангийн багш нарыг тэгш хамруулах боловсролын онол, арга зүйн сургалтад хамруулах; хоёрдугаарт, “Хүүхдийн хөгжлийг дэмжих танхим”-д ажиллаж буй багш нарыг хөгжлийн бэрхшээлийн төрлүүдээр нарийвчилсан мэдээллээр хангах, танхимд зориулалтын зөөлөн шалавч нийлүүлэх боломжийг судлан, хэрэгжүүлэх; гуравдугаарт, Судлагдахууны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалтыг зохион байгуулах; дөрөвдүгээрт, Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах хүрээнд гал тогооны тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг төлөвлөсөн хугацаанд нь нийлүүлэх зэрэг багтжээ.

Дашрамд өгүүлэхэд, Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл 2022 оноос хэрэгжиж байгаа билээ. Уг төслийг “Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) байгууллагаас боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон үзүүлсэн буцалтгүй тусламжийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам хэрэгжүүлж байна.

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл нь боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” болон “Хосолсон сургалт”-ыг хөгжүүлэхэд чиглэгдэх бөгөөд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин Сайдын Яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), БНСУ-ын Олон улсын Хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), Хүүхдийг Ивээх Сан болон Монгол дахь хөгжлийн бусад түншүүд энэхүү хөтөлбөрийг дэмжин ажилладаг.