Багш, сурагчдыг “Би найзаа дэмжинэ” сургалтын чиглүүлэгчээр бэлтгэв
Хүүхэд, өсвөр үеийнхэн бие биеийнхээ сэтгэлийн зовуурийг хамгийн түрүүнд анзаарч мэддэг онцлогтой. Гэвч хэрхэн туслах ойлголт, туршлага бага тул насанд хүрэгчид тэдэнд найз нөхдөдөө туслахдаа юу хийх, юу хийхгүй байх, хэзээ, хаанаас хэрхэн дэмжлэг авах талаар зааж, чиглүүлэх шаардлагатай юм. “Би найзаа дэмжинэ” арга зүй нь хүүхэд, өсвөр үеийнхэнд хүнд хэцүү нөхцөл байдалд орсон үе тэнгийнхэн, найз нөхдөө хэрхэн хамгийн сайнаар дэмжих, түүнд нэмж хор хохирол учруулалгүйгээр хэрхэн сонсож, сэтгэл зүйн анхны тусламж (САТ) үзүүлэх тухай юм. Энэ зорилгын хүрээнд Говь-Алтай аймагт “Би найзаа дэмжинэ” сургалтын чиглүүлэгчээр 20 багш, 25 сурагчийг бэлтгэлээ. Энэхүү сургалт 1 дүгээр сарын 12-17-ны хооронд явагдсан бөгөөд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг болон Дарив сумын хамтарсан багийн гишүүд, Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 4-р сургууль, Дарив сумын ерөнхий боловсролын сургуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд, 25 сурагч хамрагдав. Чиглүүлэгчээр бэлтгэгдсэн багш нар сурсан мэдсэнээ бусад багш, ажилчид, эцэг эхчүүдэд заах бөгөөд үе тэнгийнхнээ дэмжигч болох хүсэлтэй 25 хүүхдүүд хүнд нөхцөлд орсон найзууддаа сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэх ур чадварт суралцсан юм.
Сургалтад хамрагдсан Есөнбулаг сумын 4-р сургуулийн 10 дугаар сурагч А.Биндэръяа “Би найзаа дэмжинэ” уриан дор 3 өдрийн сургалтад сууж, хүчирхийллийн олон хэлбэрүүдийн талаар мэдэж авлаа. Мөн хүчирхийллээс болж таагүй мэдрэмж төрдөг тухай ойлгосон. Тиймээс хүчирхийлэлд өртсөн найздаа юу хэлж болох, найздаа яаж туслах, хэрхэн сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэх талаар мэддэг боллоо. Хадгалж болох, хадгалж үл болох нууцуудын талаар мэддэг болсноор цаашид хүчирхийлэлд өртсөн үе тэнгийнхэндээ тусламж үзүүлэх, холбон зуучлах талаар мэдлэгтэй боллоо” хэмээн ярилаа. Дарив сумын ерөнхий боловсролын гадаад хэлний багш Н.Хишигдалай “Японы Хүүхдийг Ивээх Сангаас зохион байгуулсан “Би найзаа дэмжинэ” сургалтад 3 өдрийн турш хамрагдлаа. Сургалтад хамрагдсанаар хүчирхийлэлд өртсөн хүүхдэд хэрхэн сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэх, харах, сонсох, холбох зарчмуудыг хэрхэн ашиглах зэрэг олон арга барилуудыг сурлаа. Цаашид хүчирхийлэлд өртсөн хүүхэд, өсвөр үеийнхэнд дэмжлэг үзүүлэх, нөхөн сэргээх, сэтгэцийн эрүүл мэндийн мэдлэг олгох, мансууруулах бодис хэрэглэх, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах бэлэн байдалд хүүхэд өсвөр үеийнхнийг татан оролцуулах зэрэг олон төрлийн үйл ажиллагаануудад “Би найзаа дэмжинэ” сургалтын агуулгыг ашиглаж, түгээн дэлгэрүүлнэ” гэлээ.
Хүүхдийг Ивээх Сан 2023 оноос эхлэн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Улаанбаатар хот болон Говь-Алтай, Ховд аймгуудад хэрэгжүүлж байна. Уг төслийн үйл ажиллагаа сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын механизмыг хөгжүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авахад, сургууль болон хамтарсан багийн хамтын ажиллагааны сайн зохицуулалт, хяналтын тогтолцооны загвар бий болгоход чиглэж байгаа юм.