Тэвчээр, төвлөрөл олгох үндэсний спорт
“Би их сахилгагүй, хичээлийн цагаар үймүүлчихдэг, хаа нэг болчимгүй үг хэлчихдэг байсан юм. Нуугаад яахав, үнэнээ л хэлье. Харин Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ачаар өөрчлөгдөж чадсан. Аливаад сэтгэлийн хөдөлгөөнөөр биш, тунгаан бодож хариулт өгдөг, тэсвэр тэвчээртэй болсон” хэмээн ярих энэ хүүг С.Элбэг гэдэг. Тэрээр, Завхан аймгийн Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг юм.
С.Элбэг 2022 онд ESEL сургалтад хамрагдсан ч бизнесийн санаагаа хараахан олоогүй тул Тэлмэн сумын сургуульд зохиогдсон анхны пич уралдааныг зүгээр л үзэж сонирхжээ. Найзууд нь, танилууд нь санаачилсан төслөө танилцуулж, шүүгч нарын асуултад түгдрэлгүй хариулж байгааг хараад бахархах сэтгэл төрсөн байна. Энэ үед юу хийж, ямар төсөл санаачилж болох вэ гэсэн асуултанд хариу орж ирсэн гэдэг. Тэрээр физикийн багш Д.Мөнхбаярын сурын спортоор хичээллэж буйг биеийн тамирын хичээлийн үеэр сагс тоглож байхдаа харснаа санав. Яагаад ч юм нэг л сонирхол төрөөд болохгүй тул Д.Мөнхбаяр багш дээр очоод нэг удаа харваж үзэх гэсэн юм гэжээ. Багш нь ч зөвшөөрч, зогсолт зааж, нумаа хэрхэн барьж, сумаа хэрхэн онилж тавихыг хэлэв. Хэдийгээр бие нь чилсэн ч нэг л болмоор санагджээ. Түүнийг харвахаар зэхэж байхад зааланд байсан хүүхдүүдийн нүд өөр дээр нь тусаж буйг мэдэрч хэдийнэ сандарсан ч аятайхан санагджээ. С.Элбэг пич уралдааны танхимд энэ явдлаа гэнэт санаад “Ер нь сурын спортоор хичээллэж, бусдадаа зааж өгөхөд болохгүй юу байна. Би энэ санаагаа төсөл болгон бичвэл болох юм биш үү” гэж бодон баясан инээвхийллээ. Түүний эл шийдвэр ч зөв байлаа. Тэрээр ESEL сургалтын зөвлөх Б.Мөнхцэцэгт хандаж, чиглүүлэхийг хүсэв. Ингэснээр С.Элбэгийн хувьд завгүй өдрүүд эхлэх нь тэр.
Д.Мөнхбаяр багшаараа хэрхэн харвахыг заалгаж, цэх зогсох, сумгүй нум татах зэрэг хэрэгтэй дасгал бүрийг уйгагүй оролдон шамдах болжээ. Энэ хооронд ижил сонирхолтой хүүхдүүдийг олов.
10б ангийн сурагч Т.Замбалгарвуу, Б.Далантай нартай нэг баг болж, хамтдаа “Цахим орчноос хөндийрч өв уламжлалаа хадгалъя” нэртэй төсөл бичив. Энэ төсөл нь Тэлмэн суманд болсон гурав дахь пич уралдаанд шалгарч, санхүүжилтийн эрхээ авчээ. Үндэсний телевизийн сурвалжлах баг ирж, төслийн уралдааныг сурвалжилсан нь хүүхдүүдэд урам зориг өгсөн байна. С.Элбэг, Т.Замбалгарвуу, Б.Далантай нар төслийн санхүүжилтын 2,8 сая төгрөгөөр хоёр ширхэг шинэ нум, 10 сум, эрхийвч, шууны боолт худалдан авав. Төсөл бичих явцын судалгаандаа үндэслэж, сур харваагаар хичээллэх сурагчдыг бүртгэлээ. Хичээлийн завсарлагааны цагаар ахлах, дунд ангиар орж 42 сурагч бүртгэжээ. Үүнээс 10 сурагч дасгалаас шантарч сургалтыг орхив. Үлдсэн 32 сурагч Д.Мөнхбаяр багшийн дасгалжуулалтаар сургалтаа үргэлжлүүлсэн байна.
Пич уралдааны үеэр шүүгчид “Яагаад заавал ийм төсөл бичих болсон бэ” гэж асуухад С.Элбэг “Сурагчид гар утсандаа их цаг зарцуулж байна. Утасны хамаарал нь нүдний хараа муутгах, хоорондын харилцаа хөндийрөх зэрэг олон сөрөг нөлөөтэй” гэж хариулсан нь шүүгчдэд таалагдсан юм. “Сурын спортоор хичээллэснээр тэвчээртэй болно. Аливаад анхаарал сайн төвлөрнө. Сууж сурна, улмаар хичээл сурлагадаа сайжирна. Бие бялдарын хөгжилтэй болно шүү дээ. Нэрийг нь хэлээд яахав. Сургуульдаа нэлээд үймүүлдэг хүүхдүүдийн тоонд ордог нэг найз маань хоёр ч удаа бидний явуулж буй сургалтын үеэр ирсэн юм. Сонирхох биш даажигнах гэж тэр л дээ. Гэвч гурав дахь удаагаа ирэхдээ би ч бас энэ спортоор хичээллэмээр байна гэсэн юм даа. Тэр найз маань сайн нэртэй, тэвчээртэй, дөлгөөхөн сурагч болсон. Багш нар бүгд магтддаг болсон шүү” гэж С.Элбэг сэтгэл хангалуун ярьж байлаа.
Сур харвах нэг удаагийн дасгал 4-5 цаг үргэлжилдэг ажээ. Сургалтад хамрагдсан хүүхдүүд цагт 1000 төгрөгийн төлбөр төлнө. Төсөл үргэлжилсэн зургаан сарын хугацаанд нийт 900,000 төгрөгийн орлого олж, ашгаасаа нэг шинэ нум 325,000 төгрөгөөр нэмж авчээ. Хүүхдүүд мөнгөө зөв зарцуулах санхүүгийн чадвартай болсноос гадна ашгаасаа хааяа амттан авч идэх дуртай гэнэ. Нэг удаа бүгдээрээ ярилцаж шийдсэний үндсэн дээр гурван өдрийнхөө орлогоор амттан худалдан авч гэрийнхнээ дайлж баярлуулсан ажээ. Бидний ESEL сургалтаас олж авсан хамгийн чухал чадвар бол багаар ажиллах, хүмүүстэй зөв харилцах юм. “Бид сургуулиа төгсөх хүртэл төслийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлж, “Тэлмэн домогт мэргэн” харваачдын клуб болгон өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Найзууддаа хандаж хэлэхэд сонирхлоо олвол мөрөөд, мөрөөдөлдөө үнэнч бай гэж хэлмээр байна. Ингэвэл чи өөрөө, дараа бусад чинь эерэгээр өөрчлөгддөг юм байна шүү” гэж төслийн багийн гишүүн Б.Далантай ярив.
Тэгвэл багийн гишүүн, сурагч Т.Замбалгарвуу “Сур харвааны үеэр удаан зогсдог. Энэ үед бие болон сэтгэлийн тэнцвэрээ эхэлж олдог. Хичээллэдэг хүмүүст бодлоо цэгцлэх дасгал болдог шүү” гэлээ. Харин С.Элбэг “Та төсөөл л дөө. Уухайлаад нумаа татаад дээш харахад цэнхэр тэнгэр, шувуудаас өөр юу ч үгүй уужим орон зай хачин сайхан. Энэ спортоор заавал хичээллэж үзээрэй гэж бүх хүнд уриалж байна” гэсэн юм.
Амжилтын түүх бичсэн Завхан салбарын зохицуулагч П.Дөлгөөн