“Хүүхдийн эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” нөлөөллийн ажлыг хэрэгжүүллээ
Хүүхэд хамгаалалд хүн бүхний оролцоо чухал. Энэ бол зөвхөн хүүхэд хамгааллын салбарын хэн нэг мэргэжилтэн, нийгмийн ажилтан, багш, эцэг эх, асран хамгаалагчийн бус, ерөөс насанд хүрсэн хэн бүхний үүрэг хариуцлага билээ. Тэр дундаа нийгмийг соён гэгээрүүлэгч хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хүүхэд хамгаалалд гүйцэтгэх үүрэг, нөлөө онцгой их.
Тиймээс Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран “Хүүхдийн эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” нөлөөллийн ажлыг 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 2 дугаар сарыг дуустал хэрэгжүүллээ. Тус нөлөөллийн ажил сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Хэвлэл мэдээлэл ба Хүүхдийн эрх” гарын авлага, гарын авлагын дагуу чадавхжуулах сургалт, Хүүхдийн эрхийн сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан гэсэн үндсэн 3 үе шаттай явагдсан юм.
Нөлөөллийн ажлыг хийх болсон шалтгааныг Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон хэлэхдээ: “Хүүхдийг аливаа эрсдэл, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдийг эрт илрүүлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд хамгааллын аливаа үйлчилгээг үзүүлэх талбар бүрт, шат шатанд нь ажилладаг үүрэг хүлээгчдийг хүүхдийн дээд эрх ашигт нийцсэн хандлагаар, сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч/даван туулагчдад ээлтэй арга зүйгээр хөгжүүлэхэд бид анхаарч ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн салбар бол хүүхдийг, тэдний хүний эрхэм чанарыг нь хүндэтгэн хамгаалахад олон нийтийг соён гэгээрүүлэх талбар болохын хувьд хүүхдийн нэрийн өмнөөс тэдний эрх ашгийг хамгаалан бүтээлээ туурвидаг сэтгүүлчид бол хүний эрхийн хамгаалагчид байх учиртай юм. Хүүхэд амьдралын бүх орчинд, тэр дундаа хэвлэл мэдээллийн орчинд мэдээлэгдэхдээ хамгаалагдах эрхтэй, сэтгэцийн гэмтэл авах ёсгүй. Ялангуяа хүчирхийлэлд өртсөн, эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдийн асуудлаар бичих нийтлэхэд хүүхдийн дээд эрх ашигт нийцсэн хандлагаар, сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч/даван туулагчдад ээлтэй арга зүйгээр ажиллах зайлшгүй бөгөөд хойшлуулашгүй шаардлагатай байгаа учраас бид энэ сургалтыг зохион байгууллаа. Түүнчлэн, хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой байх, өөртэй нь холбоотой бүх асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй учраас олон нийтийг тэнцвэртэй мэдээллээр хангах үүрэгтэй хэвлэл мэдээллийн салбарынхан хүүхдийн дээд эрх ашгийг хангах зарчмыг баримтлан, хүүхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хамгаалал эрэлхийлэх, хоорондоо салшгүй хэрэгжих ёстой эрхээ шаардах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхээ сэргээн эдлэх талаар дуу хоолойгоо зохих түвшинд хүргэх, болон хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаанд оролцох эрхтэйг сэтгүүлчид мартаж болохгүй, сэтгүүлчид хүүхдийн үзэл бодлыг сонсох, сонсгох, санал бодлоо илэрхийлэхэд нь боломж, орон зай бий болгох, тус орон зайг хамгаалах, бэхжүүлэх үүрэгтэй учраас бид энэ нөлөөллийн ажилд өндөр ач холбогдол өгч байна. Бидний нөлөөллийн нэгдүгээр аян нь 12-18 насны охидод чиглэсэн бол хоёр дахь аян нь эцэг эх, асран хамгаалагчдад зориулагдсан. Гурав дахь нөлөөллийн ажил нь үйлчилгээ үзүүлэгчдийг чиглэсэн аян байсан. Эдгээр аян нь нэг жил гаруй хугацаанд зохион байгуулагдсан бөгөөд аяны хүрээнд нийт 113 контент (40 зурагт хуудас, 47 видео, 5 ТВ нэвтрүүлэг, 4 нийтлэл, 17 арга хэмжээ) бүтээгдсэн. Одоогийн байдлаар боловсруулагдсан контент нь цахим орчинд 35,809,205 үзэлт, хандалт аваад байна” гэж ярилаа.
Хэдийгээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн хүүхдэд шууд үйлчилгээ үзүүлдэггүй ч, сэтгүүлчид бол хүний эрхийн хамгаалагчид бөгөөд хэвлэл мэдээлэл хүүхэд хамгаалалд оролцогч талуудаас хамгийн өргөн хүрээг хамарч, шийдвэр гаргагчдад нөлөөлөх боломжтой тул энэхүү нөлөөллийн ажлыг зохион байгуулжээ.
“Хүүхдийн эрхийн мэдрэмжтэй мэдээлье” сэдэвт гарын авлага бол хүүхдийн эрх, түүний талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо, энэ талаар хийгдсэн нөлөөллийн ажлууд гэх мэт сэдвээр онол, практик хосолсон сэтгүүлч, гадаад, дотоодын сүүлийн эх сурвалж, бүтээлүүдийг ашиглан боловсруулсан, хэвлэл мэдээллийн ажилтнуудад нэн хэрэгтэй гарын авлага болжээ. Гарын авлагыг идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 500 орчим редакц, хэвлэл мэдээллийн байгууллага, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудад тарааж эхэлсэн байна.
Нөлөөллийн ажлын 2 дах үе шат болох сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт 2024 оны 2 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд 30 орчим төлөөлөл хамрагдаж, сертификатаа гардан авлаа.
Хамтран зохион байгуулсан Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах “Хэвлэл мэдээлэлд хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэхийн ач холбогдлыг тайлбарлан таниулж, хүүхдийн эрхийн мэдрэмжтэй мэдээлэх мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэд гарын авлагаар дамжуулан урт хугацааны ойлголт, мэдлэг өгөх боломжтой болсон нь хүүхдийн эрхийг зөрчихгүй байх, редакцын стандартууд нэг ижил түвшинд очиход нөлөөлөхүйц ажил боллоо” гэж сургалтын ач холбогдлын талаар ярьсан юм.
Нөлөөллийн ажлын 3 дах үе шат бол сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хүүхдийн эрхийн сэдвээр мэдээ мэдээлэл бэлтгэх, эрх нь зөрчигдөж байвал тэрхүү эрхийг сэргээх, хамгаалахад 4 дэх засаглалын дуу хоолойг холбогдох мэргэжилтэн, шийдвэр гаргагчдад хүргэхийг уриалах, хүүхдийн эрхийн мэдрэмжтэй бичигдсэн мэдээ мэдээлэл, бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой. “Хэвлэл мэдээлэл ба Хүүхдийн эрх” уралдаан 2023 оны 11 дүгээр сараас эхлэн бүтээлээ хүлээн авч, 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр шилдгүүдээ шалгарууллаа. Уралдаанд 20 гаруй редакц бүтээлээ ирүүлснээс NTV телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг Хүүхдийн эсрэг хүчирхийллийн сэдвээр бэлтгэсэн “Тэгээс тэг” нэвтрүүлгээр тэргүүн байранд, Unread.today сайтын сэтгүүлч А.Марал “Цахим ертөнцийн шинэ гэмт хэрэг ба Хуваалцах дон” нийтлэлээр хоёрдугаар байранд, “Монголын үнэн” сонины сэтгүүлч C. Юмсүрэн “Шимэгч” бүтээлээр гуравдугаар байрт шалгарлаа.
Сэтгүүлч Б.Батцэцэг “Хүүхдийн эрхийн асуудлаар маш болгоомжтой бичихгүй бол эх сурвалжаа гэмтээх эрсдэлтэй байдаг. Томчууд ажил, амьдралын завгүй хэмнэлээс болоод хүүхдээ санамсаргүй гэмтээх, үйл хайхрах тохиолдол элбэг байдаг ч үүнийгээ хүчирхийлэл гэж ойлгодоггүй. Тиймээс бүтээлдээ энэ сэдвийг илүүтэй хөндөж, насанд хүрэгчдийн анхаарлыг хандуулахыг зорьсон. Ер нь сэтгүүлчдийн хувьд хүүхэдтэй холбоотой мэдээлэл бэлтгэхдээ хүүхдийн эрхийн зөрчил санамсаргүй гаргадаг. Энэ нь тухайн хүүхдийг зөвхөн өнөөдөр биш насанд хүрснийх нь дараа ч, бичлэг, нийтлэл нь хадгалагдаж цацагдаж, нэр төр, эрхийг нь зөрчих эрсдэл бий тул бүгд анхаарч ажиллах хэрэгтэй гэж боддог” гэлээ.
Сэтгүүлч А.Марал “Эцэг эхчүүд хүүхдийнхээ зургийг бусадтай хуваалцах дуртай байдаг. Гэтэл тэр хүүхэд хэдэн настай байхаас үл хамааран өөрийн хүсээгүй зургийг олон нийтэд нийтлэхийг хүсэхгүй байж болно шүү дээ. Гэтэл энэ хүсэл зоригийг, үл хамааран миний л хүүхэд юм чинь, би хүүхдээ мэднэ гэсэн бодлоор элдэв зургийг сошиалд нийтлэх нь тухайн хүүхдийн хувьд хэзээ ч арилшгүй цахим ул мөр болон үлдэж байдгийг эцэг эхчүүд, насанд хүрэгчдийг анхаараасай гэж бүтээлээ хийсэн” хэмээн ярилаа.
“Хүүхдийн эрхийн мэдрэмжтэй мэдээлье” нөлөөллийн ажил ийнхүү өндөрлөсөн ч нөлөөллийн ажлын үр дүнд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Хүүхэд-Сэтгүүлч клуб үйл ажиллагаагаа дахин сэргээж, энэ сэдвээр мэргэшин мэдээ мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд тогтмол уулзалт зохион байгуулах, чадавхжуулах, хүүхдийн эрхийн мэдрэмжтэй бүтээлүүдийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх боломж бүрджээ.